"Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглон, Манла бурханд дуун өргөл өргөдөг уламжлалтай ажээ. Энэ үеэр Манба Дацан хийдийн лам, хуврагууд хурал ном уншиж, ард иргэдээ даатгадаг аж. Энэхүү хүндэтгэлийн ёслол маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд болно.
Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж, 18 жилийн өмнө “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийж, дуу төрсөн түүхтэй аж.
“Мөргөлийн эгшиг” дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид эгшиглүүлж, Манла бурханд тахил хүндэтгэл үзүүлснээс хойш ийнхүү 18 жил өнгөрчээ.
"Морин хуурын чуулга"-ын тоглолт үнэ төлбөргүй бөгөөд сүсэгтэн олон тоглолт үзэнгээ, хурал номд даган баясах боломжтой ажээ.
Б.Хулан