Тонгагийн "тослог" залуу | News.MN

Тонгагийн "тослог" залуу

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Тонгагийн "тослог" залуу

Тонгагийн "тослог" залуу

2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадмын дуулиан шуугианы нэг нь Тонга улсын цанын тамирчин Пита Тауфатофуа байлаа.  Рио-2016 зуны олимп, Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын нээлтэд Тонга улсын далбааг мандуулан, цээж нүцгэн алхсан залуу өнгөрсөн хэд хоногийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээнд олон дагагчтай болж, гэрлэх санал авсан төдийгүй дэлхий нийтийн танил болсон юм. 2016 оны зуны олимпийн наадмын таэквондогийн төрөлд өрсөлдсөн Пита Тауфатофуа энэ удаа гүйлтийн цанын тэмцээнд оролцож, хүрэм өмсөн, тослог биеэ нуусан нь олон шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалсан ч байж мэднэ.

Пёнчанд очихынхоо өмнө Пита Тауфтофуа “Өвөг дээдэс минь тэнгэрийн хаяанд ямар газар орон, ямар дайн тулаан хүлээж  байгааг мэдэхгүй ч мянган жилийн тэртээгээс Номхон далайг хөндлөн гулд тойрон аялж ирсэн юм. Түүн шиг би мянга жилийн түүхтэй өв соёлоо тээн, олимпийн наадмын нээлтийн ёслолд улсынхаа далбааг мандуулан, цээж нүцгэн алхах болно” хэмээн ярьсан юм.

 

Дэлгэгдээгүй түүх

22 жилийн өмнө болсон нэгэн явдал Пита Тауфтофуагийн амьдралыг бүрмөсөн өөрчилсөн юм. 1996 оны Атлантагийн олимпийн наадмын хүнд жингийн боксын тэмцээнд Тонга улсын тамирчин Паэа Вольфграмм анх удаа мөнгөн медаль хүртэж, Номхон далайн жижиг улсад олимпийн анхны медалийг авчирчээ. Ердөө 107,000 хүн амтай Тонга улс энэ мэдээг баяр хөөр болон хүлээн авсан юм. Тэр үед 12 настай байсан Пита Тауфтофуа өөртөө олимпийн наадамд оролцох зорилго тавьсан байна.

Пита тэр үед рэгбигээр хичээллэдэг байсан ч дасгалжуулагч нь түүнд тоглохыг зөвшөөрдөггүй байжээ. Харин Пита дасгалжуулагчаасаа хоёр зүйлийг тун сайн ойлгож авчээ.  Нэгдүгээрт “Хэзээ ч бүү бууж өг”, хоёрдугаарт “Илүү сайн дасгалжуулагч хэрэгтэй” гэдгийг.

1996 онд интернэт, цахим сүлжээ одоогийнх шиг хөгжөөгүй, цөөн айл телевизортой байсан  болохоор Пита  Вольфграммын тулааны талаар хүмүүс хоорондоо “Нэгдүгээр раундад яллаа”, “Хоёрдугаар раундыг давлаа”, “Тэр мөнгөн медалийн төлөө тулалдаж байна” хэмээн ярилцаж байсныг тод санадаг гэнэ. Телевизортой нэг айлын цонхоор 30 гаруй хүн шагайчихсан тулааныг үзэж байсан тухай Пита дурсчээ. Ингээд Вольфграмм олимпийн мөнгөн медалийг энгэртээ  гялалзуулахад Номхон далайн Тонга улс даяараа баярлан, хөөрч, дуулан бүжиглэж байжээ.  Хэдийгээр Пита тэгэхэд жаахан хүүхэд байсан болохоор учрыг сайн ойлгоогүй ч тэр их баяр хөөрийг чин сэтгэл зүрхээрээ мэдэрчээ. Атлантагийн олимпийн наадам өндөрлөж, тамирчид нутаг буцахад Паэа Вольфграммыг угтахаар Нукуалофа нисэх буудал хүрэх зам дагуу  Тонгагийн бараг бүх иргэд цугласан байна. Пита тэр үед Вольфграммыг олж харахыг хичээн, олны дунд зогсч байжээ. Хүүхдүүд Вольфграммын нэрийн үсгүүдийг нэг нэгээр нь барьж зогссон бөгөөд Пита тэдний нэг болсон байв. Тонгагийн олимпийн анхны медальтан Паэа тэдний хажуугаар өнгөрөхөд Пита түүн рүү гараа даллажээ. Паэа түүн рүү харж, инээмсэглэх шиг болж, энэ үед Пита “Би заавал олимпийн наадамд оролцоно" гэж өөртөө амласан байна.

 

“Тосонцэнгэл”

Риогийн олимпийн наадмаас хойш олны танил болсон Пита Тауфатофуад монголчууд ийм нэр өгсөн юм. 2016 оны Риогийн олимпийн наадамд таэквондогийн төрөлд өрсөлдсөн ч эхний тойрогтоо ялагдсан Пита өвлийн олимпийн хамгийн хэцүү төрөл гүйлтийн цанын тэмцээнд оролцохоор шийджээ. Гэвч цас огт харж байгаагүй Номхон далайн орны тамирчин олимпийн наадам эхлэхээс хэдхэн сарын өмнөөс бэлтгэл сургуулилт хийж, “Пёнчан 2018” олимпийн наадамд оролцох эрх авч чадсан билээ. Гүйлтийн цанын 15,000 метрийн төрөлд өрсөлдөхдөө тэрбээр “Нэгдүгээрт гэрэл унтрахаас өмнө амжиж барианд орох, хоёрдугаарт мод мөргөхгүй байх” гэсэн хоёр зорилт тавьсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Нийт 119 тамирчин өрсөлдсөн гүйлтийн цанын 15,000 метрийн тэмцээнд тэрбээр 114-р байр эзэлж, түрүүлсэн тамирчнаас 22 минутын дараа барианд орсон.

Тонгагийн тослог залуу, царайлаг тамирчин 2020 оны Токиогийн олимпт усан спортын төрөлд өрсөлдөх бодолтой гэдгээ ч нуугаагүй юм.

 

Гэрлэх санал

Валентины баярын өдөр хэд хэдэн бүсгүй түүнд гэрлэх санал тавьсан юм. Гэвч тэр “Би спорттой л гэрлэсэн хүн дээ” хэмээн шулуухан хариулт өгсөн гэх.

Риогийн олимпийн наадмын дараа Пита АНУ-д аялж, Холливудад очжээ.  Холливуудын нэгэн менежер түүний нэрийг хэтэрхий урт, дуудахад төвөгтэй хэмээн нэрээ өөрчлөхийг санал болгосон аж. Гэвч Пита “Би нэрээ солихгүй, харин менежерээ солино” хэмээн хариулсан гэдэг.

Пита “Олимп бол цэвэр өрсөлдөөний талбар. Тамирчид медалийн төлөө хөлсөө дуслуулж, махаа бардаг.  80 тамирчин өрсөлдлөө гэхэд гурван тамирчин л медалийн тавцанд зогсдог. Харин тэр тэмцээнийг дэлхий даяар 80 сая хүн үзэж, хүүхдүүд тэдэн шиг болохыг мөрөөддөг. Үүнд л олимпийн наадмын утга учир оршдог. Надад ч бас энэ л чухал”  хэмээжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж