Улаан асрын зүүд (59-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (59-р бүлэг)

Улаан асрын зүүд (59-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Тавин есдүгээр бүлэг

ЛЮ Е ЖУГИЙН ХӨВӨӨНД ИН ЭРД УУРЛАН ЧҮНЬ ЯНИЙГ ЗАНДЧИЖ, ЖЯН ЮНЬ ШЮАНЬ ОРДОНД ЖАНЖНЫГ УРЬЖ ШОШГО НИСГЭВ

Өгүүлэх нь: Жя Мү нар гэртээ буцаж ирснийг сонсуут Бао Юй хувцас давхарлан өмсөж, таягаа тулсаар очиж бүгдтэй мэндлэв. Түүнийг гармагц өдөр бүрийн явдалдаа алжаан чилсэн Жя Мү нар эртхэн амарсан боловч маргааш нь бас л үүрийн таван жингээр ордонд очицгоов. Чандар гаргах өдөр ойртсон тул Юань Ян, Хупо, Фэй Цүй, Бо Ли дөрвүүл Жя Мүгийн юмыг бэлтгэж, Юй Чуань, Цай Юнь, Цай Шя нар Ван Фүрэний юмыг базааж, дагалдан явах хүмүүсийг бүртгэн тушаана. Дагагсад нь эрчүүдийг бодохгүйгээр, их бага инж шивэгчин зургаа, хөгшид эмгэд арав болов. Энэ хэдэн өдөр ачаа хөсөг, сүйх тэргүүтнийг төхөөрч бэлдэв. Юань Ян, Юй Чуань тэднийг дагахгүй гэрээ сахих болов. Хэдэн өдрийн өмнө орхиул бүрхүүл, ор дэрийг зэхэж, очих газарт нь явуулж орон байрыг төвхнүүлэв.

Жя Мү, Жя Руний гэргийтэй нэг сүйхэнд сууж, Ван Фүрэнь өөр нэг сүйхэнд сууж агав. Жа Жэнь морь унаж олон хуяг дагуулан хамгаалж явав. Бас хэдэн морин тэргэнд эмгэд инж нар сууж, хувцас хунараа ачжээ. Шюэ Има, Ёу хатан нар тэднийг их хаалганы гадна гартал үдээд буцав. Жя Лянь эцэг эхээ тэдний хойноос хөдөлгөөд өөрөө хуяг цэргийн хамт даган явав. Рун Гуофүгийн дотоодод Лай да шөнийн харуулд хүн нэмэн томилж, хоёр газрын танхимын бүх хаалгыг хаалгаж, гарч орох хүмүүсийг баруун талын жижиг хаалгаар явуулах болгов. Наран шингэмэгц ёслолын хаалгыг хаалгаж, хүн амьтны хөлийг хорино. Хүрээний доторх хойт урд, баруун зовхис хаалга цөмийг түгжиж, ганцхан Ван Фүрэний дээд өргөөний арын эгч, охин дүүгийн нааш цааш явалцдаг хаалга, зүүн талын Шюэ Имагийнд очих хоёр зовхис хаалга, хашаа хүрээн дотор байх тул түгжсэнгүй. Дотор байх Юань Ян, Юй Чуань хоёр дээд өргөөг түгжиж, өөрсдөө урдах гэрт инж, эмгэдийн хамт хонож байх болов. Өдөр болгон Линь Хишиюгийн эхнэр арваад эмгэдийн хамт шөнийн манаанд гарч байхын хамт, дуулгат гэрт нилээд олон зарц хүүхдийг оруулж төвхнүүлэв.

Нэг өглөө үүр цаймагц Бао Чай босож цонх нээж гадагш харвал хашаа хүрээний доторх хөрсөнд чийг дааж хөвд ногоорсон үзэгджээ. Өглөөгүүр бороо дуссан янзтай тул даруй Шян Юнь нарыг дуудуулав. Тэд угааж самнах зуур гэнэт Шян Юньий хацар нь загатнасанд үлд сэргэх нь гэж бодоод цанхуй цэцгийн оо түрхэе гээд Бао Чайгаас асуув. Цаадах нь: “Жаахан байснаа, Чинь охинд өгчихсөн. Харин Пинь Эр ихийг найруулснаас нь гуйх гэж байгаад таг мартчихаж” гээд Ин Эрийг явуулах болов. Түүнийг яван завдтал Рүй Гуань хамт явж Эү Гуанийг эргэх болов. Тэд энэ тэрийг ярьсаар яваад санаандгүй Лю Езүд хүрчээ. Уд модот даланг дагаад явж байтал навч нь сая ногоорч намаа нь алтан унжлага мэт шарлан буусныг хараад Ин Эр инээж: “Чи энэ Удын найлзуураар юм сүлжиж чадах уу” гэсэнд цаадах нь инээж: “Юү сүлжих юм бэ” гэв. Ин Эр: “Юү эсийг сүлжиж болно. Тоглоом наадмын бүх юм хийж болно. Намаанаас нь баахныг аваад навчтай нь нэг сагс сүлжээд дотор нь цэцэг хийхэд ямар сайхан гэж бодно” гээд юун оо авчрахаар явах вэ, Харин удын найлзуураас баахныг тасдаад цаадахдаа бариулаад явах зуураа цэцгийн сагс сүлжиж гарав. Зам дагууд цэцэг үзэгдвэл тасдаж хийсээр сэнжтэй хөөрхөн цэцгийн сагс сүлжчихэв. Тасдсан мөчрүүд нь нов ногоон навчтай тул цэцэг хийхээр сонин сайхан болжээ. Рүй Гуань баярлан инээж: “Эгч минь, наадахаа надад өгчих” гэж гуйсанд цаадах нь: “Үүнийг Линь авхайдаа өгнөө. Харин буцахдаа хоёулаа баахан мөчир тасдаж аваад, бүгдээрээ элбэн сүлжиж тоглоцгооё” гэв.

Тэднийг ороход өглөөний хувцастайгаа байсан Дай Юй өнөөх сагсыг үзээд “Энэ шинэ цэцгийн сагсыг хэн сүлжсэн бэ” гэж асуусанд Ин Эр: “Би хийлээ. Авхайд өгч наадуулах гэсэн юм” гэсэнд цаадах нь хүлээж аваад:

-Хүмүүс чамайг уран гэж магтдаг нь аргагүй юм. Чи чинь юмыг сайхан хийдэг хүн байна гэж магтаад Зи Жюанийг дуудаж, хананд өлгүүлэв. Ин Эр гарч И Магийн амрыг эрээд эргэж Дай Юйгээс оо авахаар болов. Дай Юй тэр дор нь боолгоод өгөхдөө

-Би сайн болжээ. Өнөөдөр гадагш гарч зугаална. Чи хариад эгчид, ээжийг эргэхээр өнөө нааш ирээд хэрэггүй гэж хэлээрэй. Би ч түүнийг зүдрээгээд яахав. Би гэзгээ самнаад, тэнд очиж эжийтэй хамт хоол идвэл наргиан хөгжөөнтэй болно шүү дээ гэв.

Ин Эр, Рүй Гуанийг аваад буцах гэж Оу Гуанийд орох гэвэл тэр хоёр дотно яриа өрнүүлж салж түвдэхгүй байхыг хараад: “Авхай тийшээ очно. Тэгэхээр Оу Гуань түрүүлж очоод хүлээж байвал болох уу” гэсэнд Зы Жюань зөвшөөрөв. Тэгээд Дай Юйгийн халбага савх зэргийг алчуурт боогоод Оу Гуаньд өгч “Чи урьдаар үүнийг аваад оч” гэж хэлэв. Тэд инээлдэн явсаар Удат даланд ирэв. Ин Эр бургасны найлзуураас тасдаж аваад хадан дээр суунгуут сүлжиж эхлэв. Тэгээд Рүй Гуаньд “Чи оогоо хүргэчихээд хүрээд ир” гэсэнд цаадах нь: “Чиний сагс сүлжихийг хармаар байна” гэв. Ин Эр “Та нар явахгүй гэвэл сүлжихээ болилоо” гэтэл Оу Гуань “Хоёул хамт өгчихөөд буцаад ирье” гэж байж цаадахыгаа зөвшөөрүүлэв.

Ин Эрийг сагс сүлжиж байтал Хэй эмгэний охин Цүнь Янь хүрч ирэв. Тэрбээр сагс сүлжихийг сонирхож оо хүргэхээ явсан хоёр ч буцаад ирэв. Чүнь Янь, Оу Гуанийг хараад: “Чи тэр өдөр юун цаас шатаасан юм бэ. Манай Има үзээд, чамайг тэдэнд хэлэх гэсэн бүтсэнгүй. Харин Бао Юйд баахан зэмлүүлсэн байна. Та нар энд хэдэн жил болохдоо ямар өс зангидаад өдий болтол тайлаагүй байсан юм бэ” гэж асуусанд Оу Гуань зэвүүнээр инээж:

-Ямар юм нь өшөө хорсол байх вэ. харин тэд нар хэрээ мэдэхгүй бас бидэнд гомдоно. Гадна байх энэ хоёр жилд бидний юмыг хичнээн цөлбөснийг бүү мэд. Тийм үү, үгүй юү гэсэнд цаадах нь:

-Тэр бол миний нагац эгч болох тул гадны хүнд муулахад эвгүй. Үнэхээр Бао Юйгийн хэлсэн үг бий. Тэрбээр “Охин хүн, хадамд очоогүй цагтаа эрхэм нандин үнэт сувд байдаг. Хуримлавал юу болохыг хэлэхэд хэцүү. Олон арван дутагдалтай болно. За тэгээд өтөлбөл юун шүр сувд вэ, хайр чулуу болно. Нэг хүн хүртэл яагаад гурван янзаар хувирна вэ” гэсэн юм шүү. Энэ хэдий мунхаг үг боловч санахад илүүдэх үг биш. Би бусдыг мэдэхгүй. Харин ээж, нагац эгч хоёроороо аваад үзсэн ч тэд өтлөх тусмаа зоосыг эрхэмлэх болжээ. Анхандаа, алба хааж, орлого олох хүнгүй гэж гутарч байж. Золоор энэ айлыг олж намайг энд сонгон оруулж иртэл яг Эй Хун Юаньд хуваарилжээ. Гэрт нь нэг хүний зардал хэмнэгдэнэ. Энэ чинь сард дөрөв таван зуун зоос гэсэн үгээ. Гэхдээ л бас зоос нь хүрэхгүй. Сүүлд хөгшин эгч, охин дүү хоёрыг Ли Шян Юаньд явуулж тэр шийнийхнийг харгалзуулахад Оу Гуань нагац эгчийг эх гэж Бан Гуань миний ээжийг эх гэж энэ хэдэн жил үнэхээр элбэг дэлбэг болсон. Харин энд ирснээс хойш улам л дээрдсэн. Гэхдээ сэтгэл нь ханахгүй байгаа нь инээдтэй бишүү. Бас зүгээр байсангүй, ээж, Бан Гуань хоёр нэг удаа хэл ам хийлээ. Бао Юйд халуун шөлийг нь хөргөж өгөх гэснээс болж аашлуулаад нүүрээ барлаа. Золоор, энэ хүрээнд хүн олон болохоор хэн нь хэний төрөл садан болохыг тэр бүр мэдэхгүй байна. Биднийг нэг гэрийн хүмүүс гэж мэдвэл олны өмнө ямар олиг байх вэ! Өнөөдөр чи гүйж ирээд эндэхийн мод цэцгийг оролдож байна. Энэ хавийн газар дээрх бүх юмыг миний авга эгч хариуцаж байгаа. Тэр энэ газрыг хариуцсанаас хойш өдөр бүр эрт ирж, орой буцаж байна. Бүх юмыг гардан ажиллаж, хүн ирж юм сүйтгэх вэ гэж бидэнд шаардаж байна. Манайхан энд ирээд, бүгдийг чандлан харж ширхэг өвсийг ч хөдөлгөхгүй байгаа. Тэгтэл чи харин өчнөөн сайхан цэцгийг таслаад, нахиа найлзуурыг нь хугачаад ёстой сүйтгэж байна. Тэд ирж юү гэж зэмлэхийг чи үзээрэй гэв. Ин Эр:

-Энэ цэцгийг ганцхан би л тасалж хугалж болно. Харин бусад хүн болохгүй. Газрыг хувааснаас хойш энэ айлын өдөр бүрийн хуваариас гадна авхай, инж нарын хатгах цэцгийг хувааж өгнө. Ганцхан манай авхай “Хэрэглэх үедээ чамаас л авна” гээд дандаа авдаггүй. Би одоо хичнээн цэцэг тасдлаа ч тэдэнд хамаагүй гэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Цүнь Яний авга эгч таягаа тулсаар хүрч ирсэнд тэд найрсан угтаж суулгав. Оу Гуань нар бургасан найлзуурыг олноор хугачиж, баахан шинэ цэцэг тасалсныг хараад эмгэний дотор нь харанхуйлсан боловч Ин Эрийн сагс сүлжиж байгааг хараад юм хэлж чадсангүй. Тэгснээ Цүнь Янийг зэмлэж:

-Би чамайг эндхийн цэцэг навчийг анхаарч бай гээд байхад, тоглоом наадамд хоргодоод энд ирэхгүй байна. Аягүй бол чи өөрийгөө зарцаллаа гэж бодож байгаа байх гэсэнд цаадах нь:

-Та намайг зарж л байгаа шүү дээ. Одоо бас загнана. Намайг найман тийшээ салаалах гэсэн юм уу гэв. Ин Эр:

-Та үүний үгийг битгий итгэ. Энэ чинь өөрөө огтчиж аваад надаар сүлжүүлж байгаа юм. Би үүнийг эндээс хөөсөн ч явахгүй байгаа шүү гэсэнд цаадах нь:

-За чи битгий тоглоом наадам хийгээд бай. Энэ чинь настай хүн үнэмшинэ шүү гэв.

Энэ эмгэн угийн жаахан мунхаг хүн бөгөөд одоо нас нь агширч зөнөөд, ашиг гэвэл амиа тавьж, алган чинээхэн найр талыг ч ойшоодоггүй хүн тул яг сэтгэл зүрх нь эвхрэн арга аашаа барж байснаа Ин Эрийн үгийг сонсуут таягаа шүүрч аваад Цүнь Янийг хэд цохиод “Муу өлөгчин. Би чамд хэлэхээ нэг болж байхад чи бас надтай марганаа. Эх чинь чамд хорсоод, махыг чинь зулгаахсан гэхээс шүд нь загатнаж байгаа даа. Чи тэгээд зөрүүдэлж л бай” гэж занав. Түүнд зодуулсандаа ичээд Цүнь Янь уйлж:

-Ин Эр эгчийн тоглож хэлснийг чи үнэнд бодож намайг зодлоо шүү. Ээж юү гэж над хорсох юм бэ. Би хазгай гишгээгүй байж ямар буруутай байх юм гэв. Үнэндээ, Ин Эр ч наргиа болгож хэлснийг нь эмгэн үнэмшиж уур унтуу болохыг хараад:

-Намайг тоглож байхад та энэ охинд халдаж байгаа чинь, миний нүүрийг цохисонтой адил шүү гэсэнд эмгэн:

-Охин чи, бидний хэрэгт битгий гараа дүр. Чиний дэргэд бид хүүхэддээ юм хэлж, сургаж болохгүй юү гэж мугуйд хэлэхээр нь уурсан, сүлжихээ болиод хүйтнээр инээж:

-Чи сургах гэж байгаа бол хаана ч сургаж болно. Гэхдээ намайг л тоглоом наадмын үг хэлэхээр сургахаа санав уу. Сургахыг чинь би харъя л даа гээд сагсаа сүлжиж эхлэв.

Энэ үед Цүнь Яний эх бас гарч ирээд: “Ирж ус уухгүй, тэнд юугаа хийгээд байгаа юм бэ” гэж дуудав. Тэгтэл эмгэн: “Хөөе чи нааш ирж, энүүнийг үз. Охин чинь миний ажилд туслахын оронд намайг зэмлэн донгодож байна” гэж дуудав. Мөнөөх эмгэн хүрч ирээд: “За авга эмээ юү болов. Манай охины нүдэнд эх нь үзэгдэхгүйгээр барахгүй, авга эхээ хүртэл тоохоо байчихав уу” гэж асуусанд Ин Эр учрыг дахин тайлбарлахад хүрэв. Авга эх тэдний үгийг үл тоож, хадан дээрх цэцэг найлзууруудыг үзүүлж

-Чи хартугай. Охин чинь, өдий том болчихоод алиалж байна. Хүн дагуулж ирээд намайг үл тоож байна. Ийм хүнд би юү хэлэх вэ гэсэнд Бан Гуаньд уур нь хүрч байсан эх, охиноо үг дагасангүй гэж алгадаад:

-Муу янхан чи, хэдэн жил ший дуулсан гэж биеэ тоосон тэр танхай өлөгчинийг битгий дууриа. Яагаад та нарт үг хэлж болохгүй болчихов. Хуурайг нь би сургаж дийлэхгүй бол өөрөө түрүүлж гаргасан чамайг бас сургаж болохгүй юү. Та нар муусайн өлөгчингүүдийн хүрсэн газарт би хүрч чадахгүй бол чи тэндээ үхэн зарагдаж суухгүй, гадуур гүйж эр эрж золбигнох чинь юү вэ гээд тэдгээр тасдсан мөчир найлзуурыг дээр өргөж: “Энэ юү гээч вэ. Юу хийж байгаа юм бэ чи” гэж асуув. Ин Эр сандарч: “Наадахыг чинь би сүлжсэн юм. Чи битгий над руу дайраад бай” гэж чанга хэлэв.

Энэ эмгэн Ши Рэнь, Чин Вэнь мэтийн хүнд ихэд атаархаж байдаг. Яагаад гэвэл, тэд их нэр нүүртэй, эрх мэдэлтэй болохоор санаархавч бас эмээж найрсаг байх гэнэ. Тэгсэн хэр нь тэднийг хараад уур омог нь хөдөлж, улмаар түүнээ хажуугийнхандаа гаргана. Ядахдаа, Оу Гуань эгчтэй нь муудсанаас болж өширхөн хилэн бадруулна. Цүнь Янь уйлсаар Эй Хүэн Юань руу явав. Түүнээс яагаад уйлав гэж хүн асуувал, үнэнийг хэлээд Чин Вэнь нарыг уурлуулах вэ гэж айгаад хойноос нь явж “Чи нааш ир. Би юм хэлье” гэж хашгирав. Цаадах нь тоосон ч үгүй цааш явав. Эх нь улам сандарч гүйж хүрээд зогсоох гэтэл цаадах нь гүйгээд явчихав. Эх хойноос нь шогшиж яваад таварцаглан ойчив. Түүний хойноос харж байсан охидууд хөхрөлдөв. Тэгээд Ин Эр мөнөөх цэцэг найлзуурыг голын ус руу хаяад гэр рүүгээ явав. Үүнийг хараад эмгэн харамсаж хэдэн маани уншин залбирснаа “Муу хэрцгий өлөгчин, цэцгийг таслаад хаялаа. Тэнгэр ниргээсэй” гэж зүхэв. Тэгснээ, хэдэн цэцэг тасалж аваад хүрээлэн гээд явав.

Энэ үед Цүнь Янь, хашаа руу ороод шууд Дай Юйгийнд орж мэнд мэдье гэж бодож явтал Ши Рэньтэй тааралдав. Гүйн очиж түүнийг тэврээд “Амь авраарай. Ээж намайг зодох гээд ирж явна” гэхэд нь харвал, түүний ээж ирж явав. Ши Рэнь түүнийг хүлээгээд: “Хоёр гурав хоногийн дотор төрсөн, тэлснээ занчаад та чинь яаж байна, олон охинтойгоороо гайхуулж байгаа юм уу. Эсвэл үнэхээр вангийн ёсыг мэдэхгүй байна уу” гэж асуув. Урьд нь хэдэн удаа уулзахад үг дуугүй байснаас ааш зан сайтай гэж бодсон эмгэн: “Охин чи мэдэхгүй байна. Бидний хоорондын явдалд битгий оролц. Энэ чинь та нар л эднийг дур зоргоор нь байлгасных шүү. Тийм байж эднийг битгий хайхар” гээд цохиод авав. Ши Рэнь ч уурлав. Энэ үед гадаа модны мөчирт алчуур өлгөн хатааж байсан Шө Юэ хараад: “Эгчээ битгий тоо. Наадахын чинь яахыг үзье” гээд Цүнь Янь руу нүд ирмэв. Цаадах нь Бао Юйд хэлэхээр явав. Энэ зуур тэд нар “Энд угаас гараагүй хэрэг өнөөдөр үүсэх нь ээ” гэцгээнэ. Шө Юэ эмгэнд: “Чи уураа дараач. Энэ хүмүүс, чамаас бага нэр нүүртэй улс гэж бодов уу” гэж асуув. Эмгэн, охиноо Бао Юй рүү очихыг харав. Тэгтэл Бао Юй, гарыг нь бариад “Битгий ай. Би энд байна” гэх нь сонсогдов. Цүнь Янь уйлж, хүрээлэнд болсон явдлыг цөмийг ярихыг ч эмгэн сонсов. Тэгтэл Бао Юй уурлаж: “Чи эндээ л цуугилдаж байх биз. Бас яагаад ээжийгээ хүртэл гомдоогоод байгаа юм бэ” гэж асуув.

Шэ Юэ, эмгэн болон тэнд байгсдад хандаж: “Энэ бэргэн биднийг, тэдний ажилд битгий оролц гэж байсан нь зөв шүү дээ. Бид юм мэдэхгүйгээс болж буруу юм хийнэ шүү дээ. Тэр ажлыг дийлэх хүнийг залж хариуцуулсан болохоор энэ бэргэн үнэн голоосоо биширч, ёс дүрмийг нь ч мэдэх болсон гэнэ” гээд бяцхан шивэгчинд Пин Эрийг дуудаад ир. Түүнийг завгүй бол Линь да авгайг дуудаад ир” гэв. Бяцхан шивэгчний “За” гээд гармагц нэг боол эмэгтэй: “Бэргэн чи, тэр охидоос гуйж, охиноо дуудуул. Пин охин ирвэл дэмий юм болно” гэсэнд эмгэн:

-Алин нь ч ирсэн ёс ярина. Эх нь охиноо захирахад, бүгдээрээ эхийг нь ад үзэхийг ерөөсөө үзсэнгүй гэв. Цаадуул нь инээж: “Чи аль Пин охин гэж санаж байна вэ. Эл найнайгийн гэрийн Пин охин шүү дээ. Түүний дур нь хүрвэл чамайг хоёр хэлээд, дургүй нь хүрвэл бэргэн чи, баралгүй үлдээснээ багтааж ядталаа өвөртлөөд яв гэнэ дээ” гэцгээв.

Тэдний ийн ярилцаж байтал бяцхан шивэгчин ирээд: “Пин охин ажилтай гэнэ. Ямар учиртай юм гэж асуухад нь хэллээ. Тэрбээр урьдаар тэр эмгэнийг нь хөөж гаргаад Линь авгайд мэдүүлж, зовхис хаалган дээр аваачин дөчин банз занчвал болно гэж байна” гэв. Эмгэн сонсоод айхдаа хамаг нулимс нь хацар нүүрээр нь нэл урсаад Ши Рэнээс гуйв. Тэрбээр:

-Би бол энд арай ядан орж ирсэн хүн. Би бол бэлбэсэн эхнэр. Надад муу санаа байхгүй. Энд би охидыг нэгэн сэтгэлээр асарч байгаа. Эндээс явбал аль хэр зовлон амсахаа мэдэхгүй байна гэхэд нь Ши Рэний сэтгэл зөөлөрч:

-Чи энд байгаа мөртөө ёс дүрмийг нь сахихгүй. Бас үг сонсохгүй. Тэгээд дур зоргоор хүн зодно. Чам мэтийн ийм учир мэдэхгүй хүнийг хаанаас олж авчирсан юм бол. Өдөр болгон хэл амаа билүүдээд сүүлдээ амьтны элэг доог болж байна шүү дээ гэсэнд Чин Вэнь:

-Наадахаараа яах гэсэн юм бэ. Шалавхан явуул. Үүний эрүү амыг долоож байх зав чөлөө алга гэж чангалсанд эмгэн олны зүг хандан гуйв.

-Би хэдий буруу юм хийсэн ч гэсэн, охид та нар хэлж өглөө. Би буруугаа засна. Охид та нарын буяныг мартахгүй гэснээ, охиндоо, уг нь чамд гар хүрснээс л энэ явдал үүссэн юм. Харин чамайг сайн зодож чадалгүй өөртөө зовлон хураачихлаа. Охин минь, юу ч болсон эднээс ээжийнхээ өмнөөс гуйж үз гэв. Энэ хөөрхийлөлтэй байдлыг Бао Юй хараад, эмгэнийг дуудан ойртуулж:

-Дахиад ингэж хэрүүл зодоон хийж болохгүй. Хэрэв ахиад л үймүүлбэл занчих байтугай хөөх болно шүү гэсэнд эмгэн түүнд хэдэнтээ, мөргөн талархаад явав. Пин Эр ирж:

-За юу болов гэж асуусанд Ши Рэнь:

-Болоод өнгөрчихлөө. Дахиж түүнийг яриад яахав гэв. Пин Эр жуумалзаад:

-Уучлах газар уучилбал зохино гэдэг үг бий байхаа. Эвлүүлэхийг нь эвлүүлбэл яршиг төвөггүй л байдаг. Хэдий тийм боловч айл болгонд шахуу л их багагүй урваад эндэхийг нь дуусгаагүй байхад тэнд нь үүсэв гэж дуулдах боллоо. Алийг нь яавал зохихыг би мэдэхгүй юм даа гэсэнд Ши Рэнь:

-Би манай энд л болдог юм байх гэж бодож байсан чинь, өөр газар бас гардаг юм байна лээ гэв. Цаадах нь ахин инээж:

-Энэ яваандаа юу болох бол. Энэ гурав дөрөвхөн өдрийн дотор их бага нийлээд найм есөн юм гарлаа. Зарим нь эндэхээс их шүү дээ, зарим нь уур хүргэнэ. Зарим нь инээд хүргэх юмаа гэсэнд Ши Рэнь: “Яана гэнээ” гээд ихэд гайхав. Чухам ямар учир явдал болсныг дараах бүлэгт үзэгтүн.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж