Тайландын шүүх тээгч эхийн тусламжтай 13 хүүхэдтэй болсон япон эрийн хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг хэвээр үлдээсэн байна.
2014 онд энэ хэрэг хэвлэлээр шуугиан дэгдээхэд 13 хүүхдийн эцэг болсон 28 настай Мицутоки Шигетаг “хүүхдийн үйлдвэр” гэж хочлох болсон юм. Тайландад дээрхтэй төстэй олон тохиолдол гарсан учраас тус улсын засгийн газар тээгч эхчүүдийг гадаад хүний хүүхэд тээхийг хориглосон шийдвэр гаргасан билээ.
Энэ явдлын дараа Тайландын эрх баригчид Мицутокигийн хүүхдүүдийг улсын асрамжид авсан. 0-1 настай тэдгээр хүүхдүүдийг Бангкок хотын хүүхдийн асрамжийн газарт асран халамжилж байх хугацаанд Мицутокигийн ээж тэднийг сар бүр эргэж очдог байсан гэнэ. Мицутоки тээгч эхээр олон хүүхэд төрүүлсэн шалтгаанаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг л хүссэн гэж тайлбарласан билээ.
Японы үнэт цаасны компанийн захирал Мицутоки олон компанид хувьцаа эзэмшдэгээс гадна сарын гурван сая ам.долларын цалинтай тул хүүхдүүдийг асран халамжлах боломжтой гэж Тайландын шүүх үзжээ.
Мицутоки хэдийгээр эхнэргүй боловч тээгч есөн эмэгтэйд өөрийн эр бэлгийн эсийг суулгуулж, 17 хүүхэдтэй болсон юм. Тэрбээр үүнээс өмнө энэтхэгийн тээгч эхээс хоёр хүүхэдтэй болсон ажээ.
Шүүхийн шийдвэр өөрийн талд гарсанд Мицутоки туйлын баяртай байгаа бөгөөд хүүхдүүдээ Япон руу авч явахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрбээр Токиод газар авч, ээж, хүүхдүүдтэйгээ хамт амьдрахаар төлөвлөж байгаа ажээ.
Тайландад тээгч эхээр хүүхэд төрүүлэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авсны дараа тус улс Үр шилжүүлэн суулгах замаар төрүүлсэн хүүхдүүдийг хамгаалах тухай хууль баталсан юм.
Тээгч эхэд үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн ихэр хүүхэд Дауны хам шинжтэй төрснөөс болж хэл ам дэгдсэн нь дээрх хуулийг боловсруулахад нөлөөлсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE