5203 ном судар “дээлээ” сольжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

5203 ном судар “дээлээ” сольжээ

5203 ном судар “дээлээ” сольжээ

Монголчууд  ном, судраа эртнээс нааш оройдоо залан, хүндэтгэсээр ирсэн уламжлалтай. Тэр дундаа номын баринтаг хийх нь гурван үеийн буян, хүн болж төрсний гурван сайн үйлийн нэг хэмээн үзэж, арван цагаан буяны нэгд ном бүтээх, баринтаглахыг оруулсан байдаг. Тиймээс номын хувцас гэж нэрлэж болохоор “баринтаг” гэх үг Монголчуудын дунд түгээмэл хэрэглэгдсээр иржээ. Баринтгийг торго, дурданаар хийхээс гадна малын арьс, мод тэргүүтнээр урладаг уламжлал бий.


Монгол улсын Үндэсний номын санд /МУҮНС/ нэг сая гаруй ном судар байгаагийн дотор Энэтхэг, Төвд, Монгол номт гурван улсын гайхамшигт мэргэдийн зохиосон, орчуулсан түүхэн сурвалж, номын урлаг талаасаа дэлхийд ховорт тооцогдох алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар олноор хадгалагдаж байна. Эдгээр соёлын үнэт өв, түүхэн сурвалжуудын зарим хэсэг нь баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын зөв горимд байх боломжгүй болсоор элэгдэж хуучирсаар байгаа юм.

Эерэг сэтгэлгээ, эерэг давалгааг уриа болгож, эдгээр ховор нандин ном судрыг хадгалж хамгаалах зорилгоор 2015 онд JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, Үндэсний номын сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Харин өнөөдөр /2018.0.2.21/  албан байгууллага болон хувь хүмүүс МУҮНС-д  номын баринтаг хүлээлгэн өглөө. 11.00 цагийн үеэр 300 гаруй баринтаг цугларсан байв.

“Номын баринтаг” төслийн хүрээнд  2015 онд 5133 ширхэг,  2016 онд 4185 ширхэг ,2017 онд 5203 ширхэг баринтагийг Үндэсний номын сан хүлээн авч, ном судраа  баринтагласан байна.

Дараа жил бид өөрсдийн гараараа баринтаг оёж хандивлана 

“Центр Регион” компанийн  Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Г.Золзаяа “Манай ажлын хамт олон 108 ширхэг баринтагийг үндэсний номын санд хандивлаж байна. Бид  энэхүү үйл ажиллагааны зарыг хоёр өдрийн өмнө  цахим хуудаснаас анх мэдсэн. Цаг нь тулсан байсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оёдлын цехээр 108 ширхэг номын баринтаг оёулсан. Номын баринтаг хийх ажил нь гурван үеийн буян хэмээн  үздэг учраас дараа жил бид өөрсдийн гараараа баринтаг оёж хандивлана гэв”.

 Монголын Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах ийн ярьж байна.

-“Номын баринтаг”  төслийн тухай дурдвал?

-Манай номын сан гурван сая гаруй номтой. Сая 500 орчим ном нь эртний ном судар байдаг. Эдгээр ном судрынхаа хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс “Номын баринтаг” төслийг 2015 оноос хойш  хамтран  хэрэгжүүлж ирсэн. Эдгээр ном судрын хадгалалт хамгаалалт өнөөгийн байдал нэлээн хуучирсан, шороо тоостой, цаасны чийгшил алдагдсан хуурайшсан байдалтай байна. Үүнийг давхар баринтаглаж өгснөөр ном судрыг хадгалах уламжлалт  арга нь болж  өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар  албан байгууллага болон хувь хүмүүсээс нийт 15 мянга гаруй  баринтаг хүлээн авсан байна. 35,000 орчим ном, судрыг баринтаглах шаардлагатай байгаагаас 15,000 гэдэг нь тавин хувьтай явж байна гэсэн үг.  Энэ нь чамлахааргүй том амжилт юм.

 -Баринтагийг шинэчлэхдээ хуучин баринтагийг нь хэрхдэг бэ?

-Хуучин баринтагууд өөрөө соёлын өвийн хэмжээнд үнэлэгдэх эд зүйл.Тухайн цаг үеийн гар урлалыг онцлогт төрхийг ч агуулсан байдаг. Нөгөө талаас он жилийн явцад тухайн судрынхаа эд эс нь болчихсон байдаг учраас шууд шинэ баринтагийг гадуур ороодог байгаа. Ер нь эртнээс нааш баринтаг шинэчлэхдээ хуучин баринтагийг нь хаядаггүй, гадуур нь шууд боодог байсан уламжлалтай юм билээ. Бид энэ дэг ёсыг дагаж байгаа гэдгээ хэлмээр байна.

-Баринтагийг ямар материалаар хийдэг вэ?

-Номын баринтгийг торгоор хийж болно. Торгоор хийвэл даавуун материалаар доторлож өгөх хэрэгтэй. Мөн тоос шороо бага нэвтэрдэг даавуун материалаар ч хийх боломжтой. Баринтгаа хийхдээ хар бараан өнгөнөөс бусад шар, улаан, цэнхэр өнгөөр тэг дөрвөлжин хэмжээтэй хийнэ. Баринтагны нэг буланд хошуу гэж хоргойгоор гурвалжин хошуу барьж оёно. Номын баринтаг гэдэг номын дээл хувцас гэсэн үг. Тэгэхээр энэ хошуу нь номын баритагны зах нь гэсэн утгатай юм. Үүн дээрээ урт оосор хадна. Оосрыг даавуун материалаар эмхэрдэж оёод хийж болно. Уртын хувьд алд хэрээний буюу нэг метр 50 см орчим нэлээн урт байх хэрэгтэй. Боолт ороолт сайн байх тусам ном задрахгүй, сулрахгүй байх жишээтэй. Баринтагны хувьд ном судрынхаа хэмжээнээс шалтгаална. Гэхдээ хааш хаашаа ижил хэмжээтэй тэг дөрвөлжин байдаг. Хамгийн том ном гэхэд Ганжуур, данжуур, Их хөлгөн судрууд байна. Эдгээр нь 7080 см урттай, 30-45 см-ийн урттай гээд харилцан адилгүй байна. Хамгийн жижиг нь 40-60 см-ийн хооронд байна.

 Ном судрыг баринтаглаж хэрэглээг нь уртасгаснаар 200 орчим жил хадгалах боломжтой

JCI Капитал салбар байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан “Монголчуудын олон зууныг дамжиж өнөө хүртэл уламжлан ирсэн үндэсний өв, бичиг, соёлын түүх болсон судар номууд болох соёлын үнэт бүтээлүүдийг хойч үедээ хэвээр нь хадгалан авч үлдэх ёстой. Дээр үед номын хавтас гэж байгаагүй. Ном судрыг баринтаглаж хэрэглээг нь уртасгаснаар 200 орчим жил хадгалах боломжтой. Энэ төсөл түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдолтой төдийгүй ажил эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд гэрээрээ хөдөлмөр эрхэлж тодорхой орлоготой болгох боломжийг олгож байгаа” гэв.

Баринтаггүй, баринтаг нь хуучирч хадгалалтын горимд нийцэхгүй болсон ном судруудад “Номын баринтаг” хандивлах арга хэмжээ өнөөдөр Үндэсний номын санд болж өнгөрлөө. Түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдол бүхий “Номын баринтаг” төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж