БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын сэргээшийн асуудал ар араасаа гарсаар байна. Шайбтай хоккейн Словений шигшээ багийн тамирчнаас хориотой бодисын төрөл илэрч, өөрөө хүлээн зөвшөөрснөөр нутаг буцсан.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө кёрлингийн холимог хосын төрлөөс хүрэл медаль авсан ОХУ-ын тамирчин Александр Крушельницкигаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тамирчнаас дахин “В” сорьцын шинжилгээг авсан бөгөөд “мельдоний” хэмээх бодис байгаа нь тогтоогджээ. Энэ талаар өчигдөр зохион байгуулах хорооны албан ёсны сайтад дурдсан байна.
“Пёнчан 2018” олимпийн наадамд хатуу сануулгатай оролцож буй Оросын тамирчдын хувьд харамсалтай зүйл боллоо.
Александр Крушельницкигаагийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүний эхнэр Анастасия Брызгалова олимпийн наадам эхэлснээс сошиал ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ алдаршаад байсан юм. Тэгвэл хосууд хориотой бодис хэрэглэсэн гэдэг асуудлаас болж, хүнд байдалд ороод байна.
Оросын хэвлэлийн төлөөлөгч хэлэхэдээ “Сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсанд харамсаж байна. Түүнээс авсан шинжилгээний дээжээс ийм бодис илэрснийг хэлж мэдэхгүй байна. Үүнийг холбогдох албаны хүмүүс нарийн шалгах болно” гэжээ.
“Мельдоний” (Meldonium) хэмээх бодисыг тамирчид хэрэглэхийг хориод байгаа бөгөөд энэхүү бодисоос болж, Оросын тамирчдын шийтгэл үргэлжилсээр байна.