Миний сэтгэлийн эгшиг

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Миний сэтгэлийн эгшиг

Сэтгэлээс нь урсан гарсан хөг аялгуу бүр нь хүмүүний сэтгэл зүрхэнд хүрч тэдний сонсох дуртай хөгжим, амьдралд нь эрч хүч нэмэх гайхамшигтай хэмнэл болсоор олон оныг үджээ. Энэ л гайхамшигтай олон аялгууг өөрөөсөө өлгийдөн авсан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Боловсрол телевизийг үзэн суугаа үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. 

-Та олон киноны хөгжим дээр ажилласан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажилласан бэ? 

-Киноны хөгжим гэдэг уран бүтээлийн минь гол хэсэг байдаг. 1984 онд бүтээгдсэн Жигжид найруулагчийн “Ард Аюуш” киноноос дэлгэцийн уран бүтээлийн хөгжим бичих эхлэл тавигдсан. Үүнээс хойш 30 гаруй уран сайхны киноны хөгжим бичихийн сацуу олон найруулагчтай хамтран ажилласан. Сүүлийн үед гэвэл, томоохноос нь дурьдвал “Чингис хаан”, “Үхэж үл болно” кино. “Чингис хаан”-ы хувьд их хүч хөдөлмөр шаардсан. Учир нь симфони оркестр, морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ, дуурийн театрын найрал дуучид бүгд нийлээд 300 орчим хүн зөвхөн хөгжмийг тоглоход оролцсон.

-Нэгэнт энэ киног ярьж эхэлснийх та “Чингис хаан” дуурийг бичсэн. Энэ талаараа яривал?

-Ер нь энэ сэдвийг бол Монголын хөгжмийн зохиолчид тойрохын аргагүй. Би оюутан байх цагаасаа энэ сэдвийг бичиж эхлэсэн. Миний “Чингис хаан” кинонд зориулан зохиосон хоёрдугаар симфонийг 1987 онд олон улсын наадамд тоглож байсан. Энэ зохиол гэхэд л Чингис хааны амьдрал үйл явдалтай шууд холбоотой. 2000 оноос Чингис хаан дуурийг бичиж эхлээд 2003 онд тоглогдсон. Тэр том сэдвийг дуурийн театрт амилуулах амаргүй байсан. Гэхдээ би хөгжмийн зохиолчийн хувьд үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Энэ хөгжим маань одоо хүртэл тоглогдсоор байгаа.

-Киноны хөгжим бичих нь бусад уран бүтээл дээр ажиллахаас юугаараа ялгаатай вэ?

-Үнэхээр том ялгаатай. Дуурь гэхэд л тайзан дээр тоглогддог. Кино бол эхлээд зураг авалт явагддаг. Тийм учраас хөгжим нь шал өөр байдаг. Юугаараа өөр гэвэл симфони бичихэд хөгжим нэгдүгээр агуулга байхад киноны хувьд хоёр, гурав түүнээс хойш байх жишээтэй. Ийм учраас найруулагчийн санаа гол үүрэгтэй. Би найруулагч юу бодож, түүн дээрээ юу сонсмоор байгаа гэхчлэн найруулагчийн санааг дагадаг. Үүнийгээ ч зөв гэж боддог. 

-Таны хувьд хамтран ажиллахад, ойлголцоход амар, эсвэл зөрчилддөг найруулагч хэн байсан бэ? 

-Кино найруулагч Жигжид гуайн хүү н.Биндэртэй олон кинон дээр хамтран ажилласан. Намайг киноны анхны хөгжмөө хийж байх үед н.Биндэр маань оператор байсан. Надтай 30 гаруй кинон дээр хамтран ажилласан болоод ч тэр үү хамгийн их ойлголцдог. Би таныг иймэрхүү хөгжим бичнэ байх гээд ийм зураг авсан гэж ярьдаг. Миний хөгжимд зориулан зургаа авдаг гэж өөрөө ярьдаг. Ер нь зөрчилдөхгүйгээр уран бүтээл туурвина гэж юу байх вэ. Найруулагч гэдэг өөр санаа, бодолтой хүн. Найруулагч Сүхбаатарын “Эвий хүү минь” кинонд ээжийн тухай дуу зориулж зохиотол найруулагч маань “Энэ биш ээ. Миний кино, дүрүүдэд арай тохирохгүй байна” гэж би дуугаа шинэчэлж бичиж байсан.

-“Мартагдсан дууль” кино гарсан даруйдаа хүн болгоны сэтгэл зүрхэнд хүрч байсан. Энэ киноныхоо тухай яривал?

-Найруулагч Сэлэнгэсүрэнгийн энэхүү кинонд хүүхэд, эх хоёрын дотоод сэтгэлийг харуулсан хоёр аялгуу байдаг юм. Одоо “Сэтгэлийн эгшиг” гээд дуу болсныг та бүхэн мэдэх байх. Энэ киноны хөгжмийг бичүүлж байхад Жамсранжав гуай “Энэ үнэхээр гоё аялгуу байна. Цааш нь бие даасан хөгжим болговол яасан юм бэ” гэсэн. Тэгээд би энэ саналын дагуу дуу болгосон доо. Уг аялгууг бичихдээ тухайн үеийн нийгмийн асуудлыг хөндөж, мөн эхийн хайр сэтгэлийг гаргаж ирэхийг зорьсон. 

-Яруу найрагчид дурласан үедээ, сэтгэл хөдөлсөн үедээ шүлэг бичдэг гэлцдэг. Танд сэтгэлийн хөдлөлөөр бичсэн бүтээл бий юу? 

-“Сэтгэлийн эгшиг”-ийг бичдэг өдөр эхнэр, хүүхэд маань нутаг явахаар болсон. Гэтэл тэр үед шуудан хүлээж байх зуур замын зардлаа хулгайчид суулиулчихсан. Тэгээд би хүнээс мөнгө гуйн явуулж байсан. Тэр үед яагаад ч юм сэтгэл их өмөрсөн. Тэр өдөр өрөөндөө ороод “Сэтгэлийн эгшиг”-ийг яг тэр сэтгэлээрээ бичсэн түүхтэй. Энэ нь миний сэтгэлийн эгшгийн илрэл болсон гэж боддог. Миний киноны хөгжмийн онцлог бол ихэнх нь дуу болон гардаг. Жишээ нь “Мартагдсан дууль” киноны хоёр дахь ая “Гэгээн алсад одох юм сан” гэдэг дуу байдаг. Мөн “Илүү сартай зун” киноноос СТА Б.Сарантуяа дуулсан “Уйтгарт амьдралын манан дундаас” гэсэн дууг дурьдаж болно. 

-“Торгоны зам” хөгжмийн компани Америкийн Чикагогийн симфони оркестрын гаргасан цомогт олон алдартай хөгжмийн зохиолчдын дуу орсон. Тэр дундаа таны “Хэрлэнгийн домог" зохиол энэхүү том бүтээлд орсон баяртай мэдээ бидэнд байна. Танд баяр хүргэе?

-2000 онд “Торгоны зам” компаниас захиалга өгч зохиосон. Энэ нь цөөхүүл хөгжмийн бүтээл ба есөн хөгжимчин, нэг морин хуурчаар тоглогдсон. Мөн торгоны замын орнуудыг /Азийн орнууд/ дэлхий дахинд сурталчлах зорилготой том төсөл байсан. Төслийн хүрээнд маш олон оронд “Хэрлэнгийн домог” бүтээлийг тоглосон. Уртын дууч Г.Хонгорзул нэг хэсгийг нь дуулж оролцсон.

-Монголд та зохиогчийн эрхээ эдэлж чаддаг уу? 

-Зохиогчийн эрхийн асуудал манай оронд хоцрогдоод байгаа. Ялангуяа хөгжмийн зохиолчийн хувьд. Ер нь хөгжмийн зохиолч бол зохион бүтээгч нь гэсэн үг. Харамсалтай нь, манай оронд энэ төрлийн байгууллага хөгжөөгүй байгаагаас дутмаг зүйл их. 

-Та шинэ залуу хөгжмийн зохиолчдыг юу гэж боддог вэ?

-Мэдээж шинэ залуу үе ихээр төрж байгаа. Хөгжмийн зохиолч гэдэг бол мэргэжил. Үүнийг эзэмшихийн тулд мэргэжлийн сургууль төгссөн, маш өндөр боловсролтой байх хэрэгтэй. Тийм учраас дуртай хэн нэгэн нь хөгжим зохиож чадахгүй ээ. Хамгийн гол нь өөрөө бүх юмаа хийдэг байх шаардлагатай. 

-“Кино код “ нэвтрүүлэг ард түмний сонголтоор кино бүтээж байгаа. Энэ кино “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-Шилийн сайн эрс”-ийн тухай сэдвээр хийгдэхээр болсон. Та энэ тухай юу гэж бодож байна?

-Аливаа үе болгон өөрийн түүхтэй. Тухайн үед ч мандаж байсан дуучин, сайн эрс, өөрийн гэсэн хөгжим, уран зохиол гээд бүхий л зүйл бий. Тэр үеэ л сайн судлан холбож өгөх хэрэгтэй. Уртын дуу нь ямар байсан, сайн эрчүүд ямар дуу дуулж, ард түмний дунд ямар дуу зонхилж байсныг судалвал зүгээр. 

-Хэрвээ танд манай киноны хөгжмийн зохиолыг бичих урилга өгвөл хүлээж авах уу?

-Би найруулагчтай уулзаж ярилцсан. Хэрвээ намайг хөгжмийн зохиолчоор сонговол “Кино код”-той хамтрахдаа баяртай байх болно. 

-Баярлалаа танд. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж