‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын биатлоны ганцаарчилсан төрөл өндөрлөсөн бол багийн тэмцээнүүд явагдаж байна. Наадмын 11 дэх өдөр буюу өчигдөр биатлон холимог багийн буухиа уралдаан болж, медальтнууд тодорлоо.
Биатлоны холимог багийн буухиа уралдаанд М.Фуркад тэргүүтэй Францын шигшээ баг түрүүлж аваргын алтан медалийн эзэн боллоо. Францын багийн бүрэлдэхүүнд М.Дори-Абер, А.Бескон, С.Детьё болон М.Фуркад нар багтсан бөгөөд А.Бескон гурван сум алдсан бол бусад тамирчид ганц ч бай алдалгүй буудаж нийт замаа 1 цаг 08 мин 34.3 сек-н амжилтаар алтан медаль хүртэцгээсэн. Францын багаас буухиаг эхлүүлсэн М.Дори-Абер буудлагаа амжилттай гүйцэтгэж Итали, Германы бүсгүйчүүдийн ард орох цагийн амжилтаар дараагийн тамирчин А.Бесконд шилжүүлсэн. Харин А.Бескон хэвтээ болон босоо байрлалаас нийтдээ гурван сум алдаж байр ухарсан ч С.Детьё болон М.Фуркад нар түүний алдааг засан сайн уралдаж багтаа ялалтыг авчирсан.
Тэгвэл мөнгөн медалийг Норвегийн баг хүртсэн. Хэрвээ Норвегийн баг буудлагаа сайн гүйцэтгэж байсан бол алтан медаль ч хүртэх боломж байсан. Гэвч тэд нийтдээ 12 сум алдсан нь хүрэл медалийг хүртсэн Италийн багаас зургаан сумаар олон байлаа. Хүрэл медалийг хүртсэн Италийн багийн хувьд финиш хийсэн Д.Виндишийг магтах ёстой. Тэр эцсийн шатанд Германы А.Пайффертай барианы шугаман дээр өрсөлдөн ялж багтаа хүрэл медалийг авчирсан. Эсрэгээрээ олимпийн аварга А.Пайффер финишийг хангалтгүй хийж багаа медалиас мулталсан.
Б.БЯМБАБАЯР