Томчуудын дуулиан юу болов?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Томчуудын дуулиан юу болов?

Томчуудын дуулиан юу болов?

-Г.Доржзодов, Д.Мурат, Г.Номуундарь, Б.Гантулга гээд томчуудтай холбоотой дуулиант ххэргүүдийн талаар тоймлон хүргэж байна-


Г.Доржзодов гэртээ харьжээ

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль дамнаж шуугиан тарьсан сенсацийн эзэн бол иргэн Г.Доржзодов юм. МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж дуулиан дэгдээж байв.
 

Г.Доржзодовын цацсан уг бичлэгийг Ардын намын нэг хэсэг нь үгүйсгэж, нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрсөн. Харин хууль хүчнийхэн энэхүү бичлэгийг шалгаж нягтлаад эвлүүлэг байна гэж үзсэн билээ. 2017 оны дуулиануудын нэг болсон энэхүү үйл явдал түр намжсан. Харин бичлэгийг нь тараасан гэх Г.Доржзодов ‘2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичлэгийг би айпад дээрээ тасралтгүй бичсэн. Уулзалтын явцад цайны завсарлага ч байгаагүй. Цаг давчуу байсан. Дээр нь би уулзалтын зургийг авсан. 6-7 кадр байв уу даа. Тэрийг Ц.Сандуйд өөрт нь 2017 оны гуравдугаар сарын 15-нд вайбраар явуулсан’ гэсэн тайлбарыг хийж байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудал идэвхжиж, Г.Доржзодовыг АН-ынхан хамгаалалтдаа авсан. Тодруулбал, Г.Доржзодов хуулийнхны баривчилгаанаас зугатаж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд дөрвөн сар амьдарчээ.Тэрбээр тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1 хүртэл Ц.Оюунгэрэлийнд амьдарч байгаад гэртээ харьсан байна.  Одоогоор Г.Доржзодовт илт заналхийлэл ирэхгүй байгаа ч болгоомжлоход илүүдэхгүй гэж Ц.Оюунгэрэл ярьсан юм. 

Г.Номуундарь мэдүүлэг өгчээ
 

Хар тамхи, хүчирхийллийн асуудлаар фейсбүүкээр лайв хийсэн Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн мэдэгдэл 2017 оны төгсгөлд шуугиан тарьсан билээ. Тодруулбал, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь /2017.11.30/ -ны өдөр цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг болон өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг нүүр номоороо цацсан. Уг хэрэгт холбогдуулан ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж эхэлсэн. 

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа /2018.01.11/-ны өдөр хэвлэлийн хурал хийж, хэргийн тухай албан ёсны мэдээлэл өгсөн билээ. Өмгөөлөгч энэ хэрэгт холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт болон бусад асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар охины өмгөөлөгчтэй эргэн холбогдоход “Хэрэг шалгагдаад явж байна. Г.Номуундарь охин албан ёсоор мэдүүлэг өгсөн. Харин хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ямар нэг мэдүүлэг өгөөгүй. Зарим нь гадаадад байгаа сураг дуулдсан” гэв. Г.Номуундарь охиныг гадагшаа явсан гэх мэдээлэл гарч байсан ч, тэрбээр Монголдоо суурин байгаа аж. Охины аав, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг ‘ Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна” гэж ярилцлага өгсөн байдаг. 
 

ДНХ-гийн шинжилгээгээр Д.Гантулгынх гэдэг нь тогтоогдсон гэв 
 

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. Түүний үс, цуснаас дээж авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард 25 настай бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэнд нөлөөлсөн” хэмээн Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж буй билээ.

Б.Хурц Хонконг явсан уу?
 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоотой мэдээлэл хийсэн нь өнгөрсөн оны дуулиануудын нэг байлаа. Тэрбээр сэтгүүлчдэд хандан ‘ТЕГ-ын дарга Б.Хурц бол С.Зориг болон ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хэрэгт холбоотой хүн. ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ХХБ худалдаж авах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гол хүн бол Б.Хурц. УИХ-ын гишүүд, олон бизнесмэнүүд Б.Хурц гэдэг хүнээс айдгийг би ойлгож байна. Гэхдээ алийн болгон айж амьдрах юм бэ’ гэж мэдэгдэл хийсэн бөгөөд үүний хариуд Б.Хурц түүнийг шүүхэд өгсөн байдаг.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асны гомдлыг өчигдөр /2018.02.13/ хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцыг гүтгэсэн, нэр алдрыг нь гутаасан гэсэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг анх мэдээлэл тараасан арга замаараа буюу хэвлэлийн бага хурал зарлаж, нийгмийн сүлжээний цахим хуудсаар гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой гэж үзсэн байна. 

Шүүхийн энэ шийдвэрийн хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгүй байна гэнэ” хэмээн өөрийн цахим хуудсаараа жиргэж, давж заалдахаа илэрхийлээд байгаа.

Б.Хурцыг тойрсон шүүх, цагдаагийн асуудал үүгээр дуусахгүй бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд нэр хүндэд халдсан асуудлаар Б.Хурцын нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. ‘Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Л.Болд Хойд Солонгостой хууль бус зэвсгийн наймаа хийж, үүнээс нь болж хоёр хүн цаазлагдсан’ гэх мэдээллийг Б.Хурц Байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдсэн юм. Энэ нь УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан гэж Л.Болд үзээд шүүхэд өгсөн билээ. Гэвч хуулийнхан Б.Хурцын нэрийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна.

ТЕГ-ын дарга Б.Хурцыг Өмнөд Солонгос улсад суух Элчин сайдаар томилох асуудал одоо ч эцэслэгдээгүй. Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийг гаргасан боловч Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгээ өгөөгүй байгаа юм. Түүнийг Хонконгт байгаа гэсэн мэдээлэл байна.

Д.Мурат, Б.Бахытгүл нар бие биенийхээ эсрэг гомдол гаргажээ 

УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, янз бүрийн зургийг фэйсбүүк чатаар явуулсан тухай мэдээлэл оны өмнө цацагдсан. Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн мэдээллээр бол Д.Мурат гишүүн түүнд бэлгийн дарамт үзүүлдэг бөгөөд зарим улс төрчтэй хардаж байсан аж. Алс холын Баян-Өлгий аймгаас сенсацийн эзэн болсон Б.Бахытгүл өөрийгөө байртай, машинтай, боловсролтой хүнээс дутахгүй сайхан амьдардаг ч Д.Муратын дарамтад хэцүү байгаа тухайгаа тодотгосон байдаг. 

Б.Бахытгүлийн энэхүү сенсацийн хариуд Д.Мурат гишүүн нэр төрөө сэргээлгэхээр цагдаад хандсан бол Б.Бахытгүл зөрүүлээд УИХ-ын дарга, болон УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан аж. Одоогоор ёс зүйн дэд хороо Д.Мурат гишүүний асуудлыг хэлэлцээгүй байгаа юм. 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж