Оросууд АНУ-ын сонгуулийг будилаантуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Оросууд АНУ-ын сонгуулийг будилаантуулсан уу?

Оросууд АНУ-ын сонгуулийг будилаантуулсан уу?

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллер 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэх тухай хэргийг тогтооход тун ойрхон очжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Кремлийн эрх баригчид сонгуулийн дүнд нөлөөлөх хакер ажиллагаа явуулсан гэх хэргийг гардан шалгаж буй Роберт Мюллер өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын 13 иргэн болон гурван компанид ял тулгасан юм. 

ОХУ-ын 13 иргэнийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хакер ажиллагаа явуулж, иргэдийн хувийн мэдээллийг хулгайлсан гэж ял төлөвлөсний дараа Трампыг дэмжигчид Мюллерын эсрэг кампанит ажил өрнүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны сэрдэж байгаа шиг хууль бус зүйл хийгээгүй хэмээн мэдэгдэл гаргасан.

Оросууд АНУ-ын сонгуулийг будилаантуулсан уу?

Роберт Мюллерын олж тогтоосноор АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг хуваах зорилгоор Москва америк иргэдийн хувийн мэдээллийг хулгайлж, Хиллари Клинтоныг унагаах хакерын “жижигхэн арми” илгээсэн ажээ.

ОХУ-ын Интернэт судалгааны төвийг энэ үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэж сэжиглэж буй. Тус судалгааны төвийн сарын орлого нь 1.2 сая ам.доллар  ажээ. Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллерын баталж буйгаар Оросын хакерууд 2014 онд АНУ-ын улс төрийн тогтолцоог судалж, цахим сүлжээ ямар нөлөөтэйг судлах тусгай даалгавартай очжээ. Хуурамч нэрээр АНУ-д зорчсон тэдгээр хүмүүс нууц мэдээлэл олж, цуглуулсан аж.  Тэд Невада, Калифорни, Нью Мексик, Техас болон Нью Йоркт очжээ. Тэдний зарим нь Техас дахь улс төрийн байгууллагатай холбоо тогтоосон байна.

Иргэдийн хувийн мэдээлэл

2016 оны эхээр Оросын хакерууд америкчуудын нийгмийн даатгалын дугаар, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр зэрэг мэдээллийг ашиглан банкны хуурамч данс үүсгэсэн.  Хакерууд дээрх мэдээллийг ашиглан цахим төлбөрийн PayPal данс нээжээ. Энэ аргаар хакерууд нийгмийн цахим сүлжээнд зар сурталчилгаа байрлуулах боломжтой болсон юм.

Нийгмийн сүлжээг ашигласан нь

ОХУ-ын Интернэт судалгааны төв Facebook, Twitter,  Instagram зэрэг нийгмийн цахим сүлжээнд америкчуудын нэрээр хуурамч хаяг нээх “мэргэжилтнүүд”-ийг хөлсөлсөн. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр дээрх мэргэжилтнүүд нийгмийн цахим сүлжээнүүдэд олон арван групп үүсгэж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд АНУ-ын нийгмийн тулгамдсан цагаачлал, өнгөт арьстнуудын эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Дээрх хэлэлцүүлгүүд Трампын сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтон болон Ардчилсан намыг шүүмжилж,  эсэргүүцэхийн зэрэгцээ  #Трамп2016, #БиХилларигдэмжихгүй, #Хилларигшорондсуулга гэсэн хаштаг хэрэглэж байв.

Хакерууд Трампын сонгуулийн штабтай хамтарч ажилласан уу?

Оросын “мэргэжилтнүүд” цахим хуудасны хуурамч хаягаар Трампын сонгуулийн штабын ажилтнууд,  сайн дурынхан болон дэмжигчидтэй холбоо тогтоосон гэж Мюллер сэжиглэж байна. Гэвч үүнийг нотлох баримт байхгүй ажээ. Гэвч Оросын хакерууд 2016 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд Хиллариг эсэргүүцэж, Трампыг дэмжихийг уриалсан хэдэн зуун зар сурталчилгаа, баннерыг нийгмийн цахим  сүлжээ болон бусад вэб сайтуудад байрлуулсан.

Хакерууд ул мөрөө далдлахын тулд АНУ-ын виртуаль сүлжээг ашигласан бөгөөд ингэснээр цахим сүлжээнд оруулсан постуудыг америкчууд оруулсан мэт харагдах байв.

Трамп vs Мюллер

АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож будилаантуулсан гэдгийг үгүйсгэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэрэгт холбогдуулан Конгресс, Засгийн газрын ажлын хэсэг байгуулахыг эсэргүүцсэн юм.

Уг хэрэгт холбоотойгоор мэдүүлэг өгсөн Трампын ойрын хүрээллийнхний мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа ажээ. Трампыг  Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комиг ажлаас нь халахыг тушаасан байж болзошгүй хэмээн шалгаж байна.  Жеймс Коми АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн оролцоо, нөлөө байсан эсэх хэргийг хариуцан шалгаж байсан билээ.  2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэдэг шуугиан дэгдсэнтэй зэрэгцэн Трамп, Путин хоёрын онцгой харилцаа ч олны анхаарлыг татах болсон. Олон улсын дээд хэмжээний уулзалтуудад Трамп Путиныг хүчтэй удирдагч хэмээн магтаж байсан удаатай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж