Хvн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадам энэ сарын 13-ны өдөр эхэлж олон мянган бээр замыг туулсан галт бамбар бадамлан ассан. Ингэж 21 дэх өвлийн олимпийн наадам Канадын Ванкувер хотноо гайхамшигт нээлтийн ажиллагаагаар эхэлж байсан.
Энэ өдрөөс яг 16 өдрийн дараа өвлийн олимпийн албан ёсны хаалтын ажиллагаа 60 мянган хүний суудалтай "Би Си" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хаалтын ажиллагаанд долоон мянган хүн оролцсон бөгөөд эзэн орныхон өөрсдийгөө шоолсон тоглолтоор хаалтын ажиллагааг эхлүүлэв. Нээлтийн ёслолын үед бамбарын гал асаах дөрвөн шонгийн нэг нь гацсаныг тэд ийнхүү элэглэсэн ажээ. Талбайн голд засварчны хувцастай нэгэн гарч ирсний дараа үлдсэн нэг шонг босгож Канадын нэрт тэшүүрчин Кэтрин Ле Мэй–Доан галыг бадраасан. Энэ үеэр "Агч навчны орон", "Цас мөсний орон", "Хоккейн эх орон" хэмээгддэг Канад орны сноубордын болон хоккейн залуус гарч ирэн бяцхан урлагийн тоглолт сонирхуулсан.
Дараа нь ёслолыг зохион байгуулагчид Канадын Ерөнхий сайд Стивен Харпер ОУОХ-ны ерөнхийлөгч ноён Жак Роге нарыг урьж танилцуулсны дараа Канадын төрийн дуулал дор Канадын далбааг өргөх ёслол боллоо. Канадын залуу дуучны дуунд олимпод оролцсон нийт 82 улсын далбааг мандуулсан. Эдний дунд анх удаагаа өвлийн олимпийн наадамд оролцсон Колумби, Гана, Черногер, Пакистан, Перу улсын далбаа ч харагдсан. Улс улсын тамирчид гарч ирэн хүндэтгэлийн суудалд суусны дараа өвлийн олимпод уламжлал болсон эрэгтэйчүүдийн 50 км-ийн цанын уралдааны шагналтнууд Норвегийн Нортуг, Германы Аксель, Шведийн Ольсон нарт медаль гардуулсан.
Хэсэг хугацааны дараа Канадын нэртэй тенор Бен Хаппнерийн дуулсан олимпийн дуулал доор Олимпийн тугийг буулгалаа. Ингээд далбааг дараагийн олимп болох Сочи хотын дарга Анатолий Пахомовт шилжүүлснээр Оросын төрийн сүлд дуулал явлаа.
Дэлгэцээр ОХУ-ын Москва болон Сочи хотод болсон ёслолыг шууд дамжуулан үзүүлсний дараа Олимпийн нээлтийн өмнө эмгэнэлтэйгээр нас барсан Гуржийн тамирчинд эмгэнэл илэрхийлсэн.
Эцэст нь ОУОХ-ны дарга Жак Роге Ванкуверийн 21 дэх олимп дууслаа гэдгийг албан ёсоор зарлаад дөрвөн жилийн дараа Сочид уулзах ерөөл дэвшүүллээ. Дуучин Нил Янгийн дуугаар ёслолыг хааж олимпийн галыг бөхөөснөөр Ванкуверийн өвлийн олимпийн 21 дэх удаагийн ёслол хаасныг мэдэгдлээ.
Л.ЗОЛБАЯР