“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Тавин наймдугаар бүлэг
ЗУЛГАРАХ ГҮЙЛСЭНД ХУУРМАГ ГАЛБИНГАА ХУДАЛ ГАРДИД ГУНЬЖ, БҮРХҮҮЛТ ЦОНХОНД ҮНЭН ЭВЭЭР ХООСОН УЧРЫГ ҮНЭМШИВ
Өгүүлэх нь: тэр гурав, Тань Чүнь нарыг орж ирэхийг хараад дуугаа хураав. Тань Чүнь тэдэнтэй мэндлэн сууж энэ тэрийг ярилцан инээж хөхрөлдөж байгаад тарав.
Дээр мэдүүлсэн тэр Тай Фэй нэгэнт халиад зар захиа хүлээгчид цөм ордонд орж зэрэг дэсийн ёсоор сахин Эрбэрэх бөгөөд зэрэг тушаалтай өрх бүхэн нэг жилийн дотор хөгжим найрыг тэвчиж, эгэл ард гурван сарын дотор ураг барилдах хуримыг цээрлэнэ гэсэн эзний зарлигийг дэлхий дахинаа зарлажээ. Жя Мү эх бэр, ач жичийн хамт өдөр ордонд орж бэлбэрэн тахиж, үд өнгөрөөгөөд буцна. Захын их ордонд хорин нэг хоног тахьсаны дараа сая ачлал элбэрэлт орон хэмээх газарт хуучдын бунханд зална. Бунханы газарт нийслэл хотоос очиж, буцаж иртэл арваад хоног болох бөгөөд бунханы газарт аваачаад бас хэд хоног тавиад сая оршуулах тул бараг сарын хугацаа орно. Нин Гөфүгээс Жя Жэнь эр эм хоёр очих хэрэгтэй боловч хоёр ордныг хариуцах хүнгүй учир бүгдээр зөвлөлдөөд “Ёу хатан амаржив” хэмээн мэдүүлж үлдээгээд, Нин, Рун хоёр ордны хэргийг хариуцуулав. Бас Шюэ Имад хүрээлэнгийн доторх эгч дүү нар болон шивэгчдийг харгалзаж байхыг найдсан тул арга буюу хүрээлэнд нүүж ирэв. Тэр цагт Бао Чайн тэнд Шян Юнь, Шян Лин нар сууж, Ли Ваний тэндээс Ли Шэнь Ниян нэгэнт нүүсэн боловч тав гурав хоногоор нааш цааш явна. Жя Мү бас Бао Чинийг түүний дэргэд аваачиж харгалзуулжээ. Ин Чүньтэй хамт Шю Янь сууна. Тань Чүний ажил ихээс гадна бас Жао бага эхнэр Жя хуань хоёртой үргэлж хэл ам болох тул ажилд саадтай ажээ. Ши Чүний гэр нь чухал. Тийнхүү энэ газарт Шюэ Има суухад бэрхтэйгээс гадна Жя Мү бас: “Дай Юйг харгалз” гэж дахин дахин захиж, өөрөө ч ихэд энхрийлэх тул одоо яг энэ үеийг тохиолдуулан даруй Шю Шян Гуаньд нүүдэллэн ирж, Дай Юйтэй цуг сууж эмнэх засах, идэх уухыг нь нарийн анхаарав. Дай Юй ч цаглашгүй баярлан хүндэлж, Бао Чайг эгч хэмээн дуудаж Бао Чинийг охин дүү гэж нэгэн эхийн хэвлийгээс гарсан мэт бусдаас илүү нэн дотно болжээ. Жя Мү ч хараад ихэд баясан сэтгэл нь амрав.
Шюэ Има бол эндэхийн эгч дүүс зарц шивэгчдийг хамаарахаас биш энэ айлын их бага хэрэгт илүү дутуу дуугарсангүй. Ёу хатан өдөр бүр ирэвч дуудан бүртгэх төдийгөөс бус санааны зоргоор сүр бадруулж аашлах нь үгүй. Тэрбээр гэрийн доторх их бага ажил хэргийг ганцаар эрхлэн шийтгэхээс гадна бас Жя Мү, Ван Фүрэнь нарын өдөр тутам хэрэглэх идээ ундаа, засал хэрэглэлийн зүйлийг аргацаан бүрдүүлэх тул ихэд зүдэрнэ.
Энэ хэр Рун, Нин хоёр ордны эзэд нь энэ мэт яарч, хоёр ордны хэрэг мэдэгчдийн зарим нь хааны ордонд очиж, зарим нь гадуурх ажлыг янзалж бас нэг хэсэг нь нэхэмжлэх, баривчлах хэрэгт явснаар, ордны доогуурх ажлын хүмүүс ёс номоо алдан цалгайрах байдал харагдаж эхлэв. Зарим нэг нь далим гарсан дээр сүлбээлдэн нийлж түр цагийн хэрэг мэдэгчидтэй хуйвалдан сүр үзүүлэх юм ч гарав. Рун Гуофүд ганц Лай да үлдэж бусад мэдээчид гадуурх явдлыг захирна. Лайдагийн гарын дорх хэдэн хүн ч бас явсан тул өөр хүмүүсийг түр авсан боловч тэд дадлагагүй учир юм ер санаагаар болж өгөхгүй байв. Тэд бас юм мэдэхгүй жирийн хүмүүс учраас ёс бусаар мэхлэх, хонжих явдалд гэнэдэх зэргээр мөхөсдөж байв.
Энэ үед бас нэг ажил давхцав. Эднийх бол сурвалжит удамтай айл учраас, зарцлан тэжээсэн охид хөвгүүдээ өршөөн суллаж, чөлөөлөн тавьдаг тул Ёу хатан нар арван хоёр охиныг суллан чөлөөлөхөөр зөвлөлдөөд Ван Фүрэнийг ордны тахилгад оролцоод буцаж ирэхээр нь мэдүүлэв. Тэрбээр: “Тэднийг анхнаасаа худалдаж авсан тул одоо хэдийгээр ший тоглохгүй болсон боловч зарим чадамгайг нь үлдээн зарцалж, бусдыг нь багштай нь буцаавал болох юм биш үү” гэсэнд Ван Фүрэнь:
-Тэр шийний охид чинь, манай зарц охидод хүрэхгүй. Тэд сайн айлын охид боловч чадваргүй. Тэд яахав, энд хэдэн жил энэ үйлийг хийж, овлон живлэн зөндөө л аашиллаа. Одоо энэ далим гарсан дээр тэдэнд замын зардал өгөөд гэрт нь хариул. Урьд манай дээдсийн үед ийм дүрэм байсан юм. Одоо бол бид нарийн харамч болж нүгэл хурааж байна. Бидэнд хэдэн хуучин зарц байгаа. Тэд цөм тус тусдаа учир шалтгаантай. Харих дургүй болохоор нь зарцалсаар байгаад том болгочихсон. Тэгээд бид тэднийгээ зарц хөвгүүддээ холбосон шүү дээ гэв. Ёу хатан:
-Сая бид нөгөө арван хоёроос асуулаа. Харих дуртайг нь гэрт нь хэлээд эцэг эхийг нь ирүүлж замын зардал өгөөд явуулъя. Төрөл саданы нь ирүүлэхгүй бол яаж мэдэх вэ, луйварчин ирээд аваачаад худалдчих ч юм билүү. Тэгвэл ч өршөөлийг үгүй хийхэд хүрнэ. Тэдний гэртээ харих дургүйг нь үлдээвэл яасан юм бэ гэсэнд Ван Фүрэнь: “Тэг л дээ” гэв.
Тэгээд Ёу хатан нар хүн явуулж Фөн Жэд хэлүүлээд ерөнхийлэн хамаарах гэрт хэлж багш нэг бүрт найман лан мөнгө өгүүлээд өөрийн дураар явтугай гэж хэлэв. Ли Шиян Юаний алив эд юмсыг тоолон дансалж хураан аваад хүнээр мануулав. Арван хоёр охиныг дуудан авчирч уулзаад тэднээс асуувал, тэдний хагас нь “Гэртээ харих дургүй” гэв. Зарим нь бүр “Би эцэг эхтэй боловч, тэд эгч дүү нарыг маань худалддаг ажилтай болохоор одоо намайг очихоор худалдана” гэж учирлана. Бас нэг нь “Миний эцэг эх үгүй болсон болохоор авга ах нар маань намайг худалдана” гэхэд зарим нь түших тулах хүнгүй учир та нарын өршөөлд шүтэж байна гэнэ. Эднээс гэртээ харих дөрөв тавхан хүн л байв. Ван Фүрэньд хэлсэнд, үлдэе гэсэнийг нь арга буюу үлдээх болов. Тэгээд явах улсын эцэг эхийг дуудан ирүүлж хүлээлгэн өгөөд эндээ үлдэх гэсэн саналтай охидыг хүрээлэнд хуваан өгч зарц болгов. Жя Мү Вэнь гуанийг өөртөө авч “Хянамгай эхнэр” шийд дуулагч Бан Гуанийг Бао Юйд өгч, ”Охиныг” дуулагч Рүй Гуанийг Бао Чайд илгээн, “Залууг” дуулагч Ү Гуанийг Дай Юйд өгөөд, “Чигч шударга хүнийг” дуулагч үй Гуанийг Шян Юньд хувааж, “Хутгагчидад” дуулагч Доу Гуанийг Бао Чиньд өгөөд, “өвгөнд” дуулагч Ай Гуанийг Тань Чүньд өгөв. Ёу хатан, эмгэн бологч Чиэ Гуанийг авсанд тэд даруй юм хумаа авч хүрээлэнд очоод чингэлэгээс суллагдсан шувуу мэт түүгээр явж, наадаж тоглох болов. Тэд бүгдээрээ, үйл утсанд ургүй, асрах сувилахад боловсроогүй тул юу юуны туханд хүрэлгүй зэмлэж загнасангүй. Тэдний дотроос ухаан бодолтой зарим нь чадваргүй дээ гэмшиж хожим тогтож суухын тулд юуны өмнө охид шивэгчдийн сурваас зохих хатгах, оёх, нэхэх хэрэх зэргийг шамдан сурч эхлэв.
Нэг өдөр хааны ордонд их дайллага хийх болсонд Жя Мү нар таван жингийн үеэр гадаад ордонд хүрч цай ууж боов боорцог идэж өл аваад ордонд оров. Тэнд өглөөний хоол идээд гадаад ордонд буцаж ирж амсхийв. Үдийн хоол идээд түр амарсаны дараа дахин ордонд орж үд, оройн дайллагыг өнгөрүүлээд сая гадаад ордонд ирж амсхийв. Дараа нь оройн хоол идээд гэртээ буцаж ирэв. Гадаад ордон нь нэг их түшмэлийн хувийн сүм бөгөөд эзгүй байсан хүрээлэнг засаж сэлбэсэн тул барилга, өрөө тасалгаа олонтой бөгөөд цэвэр цэмцгэр, зүүн баруун хоёр хүрээтэй ажээ. Рун Гуофүгийн хүмүүс зүүн хүрээг хөлсөлж, умарт Жюань вангийнхан баруун хүрээг хөлслөөд, их бага хатад оройн цагаар түр амрахдаа, Жя Мү нарыг хараад очиж уулзан ярьж хөөрнө. Да Гуань Юаний дотор Жя Мү, Ван Фүрэнь хоёр өдөр бүр байнга суухгүй. Харин чандрыг хүргэж сарын дараа буцах тул эмгэд, шивэгчингүүд сул сэлүү болж, хүрээлэнд үргэлж зугаацан наадна. Бас Ли Шиян Юаньд зарагдаж байсан олон зарц эмгэд буцаж ирээд хүрээлэнгүүдэд хуваагдан зарагдах болсон учир тэндхийн хүмүүс хэдэн арваар нэмэгджээ. Вэнь Гуань нарын шинэ ирсэн зарц хүмүүсийн зарим нь омогорхон огсолзож, зарим нь хүчиндээ эрдэж, доодсоо дарлаж, зарим нь идэж, өмсөхийг шилэн сонгож, зарим нь хэл амаа билүүдэн хавиралдаж, биеэ мэдэж хэвээ сахих нь багассан тул хуучин хүмүүс тэдэнд дотроо дургүйцэвч гаднаа ам нээж үг булаалдаж чадахгүй байв. Хүмүүс, ший сурахыг зогсоон тэднийг тараасанд дуртай байлаа. Ший тоглож байхдаа атгаг санаа өвөрлөж, хилэн хорсол хадгалж байсан хүн байсан ч гэсэн тэднийг зарц болгож тараасан болохоор халдаж хавирч чадсангүй.
Хавар болж ханш нээсэн өдөр тул дайллага хийх болов. Жя Лянь дайллагын юм бэлтгэхээр Жя Хуань, Жя Цүн, Жя Лань гурвыг дагуулан Те Жянь Шө сүмд очиж хуучдыг тахихад Нин Гуофүгээс Жя Рун, овог төрлийн хэсэг хүнтэй цуг дайллага хийхээр очив. Бао Юйгийн өвчин бүрэн эдгээгүй тул очсонгүй. Хоолны дараа алжаасан байдалтай байхаар нь Ши Рэнь: “Тэнгэр сайхан байна. Гарч жаахан явбал яв. Аягаа тавимагц унтаж, бухимдан суухаас дээр шүү дээ” гэсэнд цаадах нь шаахайгаа өмсөөд, өрөөсөн таяг тулсаар гарав. Саяхнаас хүрээлэнгийн доторх зүйлсийг олон эмгэнд хувиарлан даалгасан тул тэд хулс засаж, мөчрийг нь шулж, зарим цэцэгний оронд буурцаг тарьж байхад тэнд нуур дотор сэлүүрч бүсгүйчүүл онгоцонд сууж шавар гарган лянхуа тарих зэргээр дор бүрнээ хөдөлж харагдана. Шян Юнь, Шян Лин, Бао Чинь нар хэсэг шивэгчинтэй хадан дээр сууж, тэднийг хараад хөхрөлдөж байхад нь Бао Юй яваад очив. Түүнийг хараад Шян Юнь: “Энэ онгоцныг түргэн гаргатугай, тэд Линь авхайг тосохоор очно” гэсэнд бүгд хөхрөлдөнө. Бао Юйн царай, улсхийсэнээ инээж:
-Өвчинд дуртай хүн байна уу. Чи бас хүний өвчнөөр тавлана гэнээ хө гэснээ, ирж чулуун дээр суув. Шян Юнь:
-Энд салхитай хүйтэн байна. Чулуун дээр удаан суулгүй явсан дээрдээ гэв. Бао Юй ажилд яаран шамдаж байгаа хүмүүсийг сонирхон харж жаахан суугаад Дай Юйгийн тэнд очихоор Чинь Бан Чю гүүр чиглэн явав. Түүнийг гүүрт дөхөн очиход хашлага дээгүүр унжих Уд модны мөчрөөс алтан цацаг, тоорын навчисаас улаан туяа цацраад хадны арын нэг бүдүүн гүйлс модны цэцэг нь цөм зулгаран өвгөн навч нь ногоорон сүүдэрлээд буурцагийн чинээхэн гүйлс суужээ. Бао Юй дотроо, энэ хэдэн өдөр өвдөн хэвтэж байж гүйлсний цэцгийг үзэж чадсангүй. Энүүхэн хооронд “Ногоон навч мөчир дүүрчихжээ” гэж бодсоор хүйлснээс холдож чадахгүй харж хэсэг зогсов. Бас Шинь Шюянь, нөхөр олсоныг санаж, хэдийгээр эр эм хүний нэг насны явдлыг саатуулж болохгүй хэмээвч бас нэг сайн охин дутжээ. Хоёр жил ч бололгүйгээр “Ногоон навч мөчир дүүрэн сүүдэрлэнэ”. Хэдэн өдөр болбол энэ гүйлсний үр жимс нь унаж, салаа мөчир нь хоосроод, хэдэн жил болбол Шю Яний үс гэзэг нь цайж улаан хацар хожийх байхдаа гэхчилэн бодсоор тэсгэлгүй сэтгэл нь уяран моддыг хараад шүүрс алдав. Яг ийн бодож байх зуур нэг болжмор нисэн ирж модон дээр суугаад жиргэв. Бао Юйн гөлрөх хууч нь хөдөлмөгц дотроо: “Энэ болжмор лав гүйлсэний цэцэг дэлгэрэх үед энд ирээд, одоо цэцэг нь унаж, навч ургасныг үзээд дэмий л шагшран жиргэж байгаа байх. Энэ дуу лав уйлан гомдох дуу байх. Харамсалтай нь, шувууны хэл мэддэг Гүнеэ цан энд байхгүй тул асуух аргагүй юм. Дараа жил дахин дэлгэрэх үед нь энэ болжмор энд нисэн ирж гүйлсэн цэцэгтэй уулзаж чадах эсэхийг даанч мэдэхгүй юм даа” гэж бодов. Тэгтэл тэртээх хадны тэндээс галын гэрэл гарахад болжмор үргэн ниссэнд Бао Юй гайхан харвал “Оу Гуань чи намайг үхсүгэй гэнэ үү. Юунд цаасан зоос шатаж байгаа юм бэ. Би найнай нарт хэлж арьсыг чинь хуулаяа” гэх дуун сонсогдов. Бао Юй гайхахын ихээр гайхаж хад тойрон гарч харвал Оу Гуань нулимас асгаруулан сөгдөөд, гартаа бас гал барьж, шатаасан цаасны үнсний дэргэд уяралтайяа эвхрэн сууж байв. Бао Юй дөхөн очоод,
-Чи хэнд зоос шатаах гэж байгаа юм бэ. Битгий энд шатаа. Эцэг эх ах дүүдээ шатааж байгаа хэрэг үү. Над нэр овгийг нь хэлээд өгвөл, зарц хөвгүүдийг дуудаад уут зоос авчруулая. Чи нэр овгийг нь бичээд шатаачих гэв. Цаадах нь Бао Юйг харсан боловч дуугарсангүй. Бао Юй түрүүний үгээ дахиад асуусан ч ам нээсэнгүй. Гэнэтхэн нэг эмгэн хилэн бадруулан хүрч ирээд түүнийг чирч “Би найнай нарт мэдүүлсэн. Тэд их уурлаж байна” гэсэнд Оу Гуань хүүхэд тул тэнд очвол доромжлуулан хараалгаж нэр нүүрээ барахаас айгаад явахгүй гэв. Эмгэн: “Та нар битгий давшлаад бай. Одоо та нар гадна байгаа мэт аашилж яаж болох вэ. энд хэмжээ хязгаартай байна шүү” гээд Бао Юйг зааж:
– манай Эр Е хүртэл ёс дагаж байтал гамшиг золбин энд ирж дэмийрэн ааш гаргаад яах юм бэ. Айгаад нэмэргүй, чи намайг дагаад яв гэсэнд Бао Юй:
-Энэ цаасан зоос шатаагаагүй. Дай Юй дээр нь юм эрээчсэн цаасаа шатаалгасан байлгүй. Чи сайн үзээгүй байж энүүнийг хилсдүүлж байгаа юм биш биз гэж асуув.
Ү Гуань анхандаа Бао Юйг хараад эмээж арга алдран байснаа, өөрийг нь өмгөөлөхийг сонсоод баярлан зориг орж: “Хэн зоос гэж хэлж байгаа юм бэ. Линь авхай л шатаа гэсэн бичигтэй цааснууд шүү дээ” гэсэнд мөнөөх эмгэн, үнсэн дотроос дутуу шатсан цаасыг түүж аваад “Чи бас гүрийнэ үү. Гэр ч баримт чинь энэ байна. Чамтай танхимд очиж ярилцанаа” гэсээр охины ханцуйнаас татаж: “Явъя” гэж шаардав. Бао Юй, Оу Гуанийг татаж, таягаараа эмгэний гарыг түлхэж салгаад, түүнд:
-Чи аваад яв л даа. Би чамд үнэнийг хэлье. Урьд шөнө би нэг зүүд зүүдлээд… тэгсэн чинь гүйлсэний цэцгийн эзэн надаас багц зоос авна гээд, түүнийг гэрийнхээ хүнээр шатаалгаж болохгүй, хөндлөнгийн хүнээр шатаалга гэсэн учраас би цаасан зоос авчруулж энүүгээр шатаалгасан юм.Би өнөөдөр арайхийн босож чадах болмогц тэр домыг хийлгэчихсэн чинь чамд мэдэгдчихлээ. Одоо энэ дом эвдрэхэд хүрлээ л дээ. Чи түүнийг мэдүүлж энүүнтэй заалдал даа. Ү Гуань чи тэнд очоод миний үгийг цөмийг нь хэлээрэй гэв.
Цаадах нь ийм үг сонсоод, улам зориг орж, эмгэний гараас бариад, явъя гэж шаардав. Эмгэн сандарч мөнөөх хагас шатсан цаасан зоосыг хаяад Бао Юйг харж инээмсэглэсээр “Би анхнаасаа мэдсэнгүй ээ. Тайтайд мэдүүлсэн бол миний бие дуусах байжээ” гэсэнд Бао Юй: “Би чамайг хэлэхгүй. Чи мэдүүлэхгүй юм байгаа биз дээ” гэсэнд эмгэн, “Би нэгэнт мэдүүлсэн болохоор үүнийг аваачья гэсэн юм. Одоо Линь авхай дуудаад явсан гэхээс аргагүй боллоо” гэсэнд Бао Юй толгой дохин зөвшөөрсөнд эмгэн үг дуугүй явж одов. Түүнийг явчихаар Бао Юй: “Хэнд цаас шатаасан юм бэ. Эцэг эх, ах дүү биш бол хувийн юм уу” гэж асуусанд цаадах нь сая өмгөөлсөнийг нь бодоод дотроо ихэд баярлахын хамтад бас өөртэй нь нэг санаатайг мэдээд нуух хэрэггүй юм гэж бодоод, нулимас унаган,
-Миний энэ учрыг танай гэрийн Бан Гуань, Бао авхайн дэргэд очсон Рүй Гуань хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Өнөөдөр гэнэт чамд мэдэгдчихсэн тул арга буюу үнэнээ хэлье. Ганц захих нь, хүнд хэлж болохгүй шүү гээд уйлав. Сүүлдээ жаахан тайтгараад, үүнийг чамд хэлэхэд хэцүү юм. Чи хариад Бан Гуаниас сэмхэн асуучихгүй юү гээд гомдолтойёо эргээд явав.
Бао дотроо гайхсаар Шю Шян Гуаньд гэлдрэн хүрч Дай Юйг эргэв. Тэрбээр эцэж турсан байв. Учрыг асуувал, анхнаасаа сайжраад байгаа юм гэнэ. Тэгтэл анхнаасаа турсаныг үзээд өрөвдөхдөө нулимас гаргав. Жаахан ярилцсаны дараа Дай Юй, агийг харьж биеэ сувилахыг шаардсан учир тэрбээр байрандаа буцав. Бао Юй, Бан Гуаньтай уулзаж зоос шатаасны учрыг асууна гэж бодож байтал тэднийд Шян Юнь, Шян Лин хоёр ирээд Ши Рэньтэй ярьж шуугилдаж байсан учир түүнийг дуудаж чадсангүй.
Төдөлгүй Бан Гуань, хуурай эхээ даган явав. Тэрбээр гэзгээ угаах гэтэл хуурай эх нь “Урьдаар манай охиныг угаасны дараа угаа” гэсэнд “Чи алаг үзлээ” гэж уурлан, чиний охины угаагаад үлдээсэн усаар би угаах юм уу. Чи миний хамаг мөнгийг хамж авдаг мөртөө хаях усаар угаалгана гэнээ гэсэнд хуурай эхийн нь хилэн бадрав. Тэрбээр “Нүүр өгөхөд бөгс өгдөг адгуус юм чи. Шийнийхнийг сайн юмгүй гэдэг нь буруу үг биш байна. Чи ямар сайндаа энэ айлын үүдэнд ирж, муу юм сурав гэнч. Нүдээ нээгээгүй гөлөг байтлаа чи яагаад энэ тэрийг шилж ямбалж хэл амаа билүүдэж дэмий аашилж байгаа юм бэ” гэж эх охин хоёр үгээ нийлүүлэн загнав.
Энэ үед Ши Рэнь хүн явуулж: “Битгий хэрэлдэцгээ. Лао тайтайг эзгүйд тогтуун намжуун байж үг хэлээ ололцох хүнгүй болохнээ” гэж хэлүүлсэнд Чин Вэнь “Энэ бол Бан Гуаний хэрэгт дуртайгаас болжээ. Юунд огсолзон элдэв ааш гаргаад байгааг мэдэхгүй. Ганц хоёр шийд дуулах төдий байтлаа дайсан дарж, дээрэмчдийг устгаад ирсэн юм шиг аашлах юм байна шүү дээ” гэв. Ши Рэнь: “Ганц алганаас дуу гарахгүй” гэдэг байхаа. Наад хөгшин нь шударга голч биш болохоор охин нь догшин болжээ” гэв. Бао Юй: “Бан Гуаний буруу биш, эртний үгэнд “Хорхойны толгойг гишгэхэд сүүл нь хөдөлнө” гэж байдаг. Энэ охин бол төрөл төрөгсдөөсөө холдоод энд ирсэн. Харж хандах хүнгүй хүн. Тэгэхэд тэр эмгэн хамаг зоосыг нь авчихаад өөрийг нь дарлаж байна. Яалаа гэж түүнийг буруутгаад байгаа юм бэ” гээд Ши Рэний зүг: “Тэр сар бүр хэдэн зоос авдаг юм бэ. Хойшид чи түүний зоосыг авч хадгалж өгвөл яана” гэсэнд цаадах нь:
-Би түүнийг харгалзвал тэндэхийг хэн харгалзана вэ. Бас түүний тэр хэдэн зоосыг авбал түүнийг харгалзах хэрэг үү. Тэгж хүний хараал идэх хэрэг юү байна вэ гэж хэлээд тэртээх гэрт орж нэг лонх цэцгийн тос, үнэртэн, тахианы өндөг, гэзэгний ороолт зэргийг авчирч нэг эмгэнд өгөөд: “Үүнийг Бан Гуаньд аваачиж өг. Тэгээд өөрөө ус авчран өөрөө угаа. Битгий хэрүүл хийгээд бай гэж хэл” гэв.
Хуурай эх нь Бан Гуаньд улам уурлаж: “Хүний үнэргүй, намайг зоос хонжлоо гэсэн” гээд хэд алгадсанд цаадах нь учиргүй уйлав. Бао Юй гарч ирсэнд Ши Рэнь хориглож: “Чи битгий. Би очиж хэлье” гэтэл Чин Вэнь түрүүлэн хүрч, хуурай эхийг нь чичээд:
-Чи ямар ёс мэддэггүй настан бэ. Би түүнийг цэвэр сайхан байлгаж чадахгүй болохоор чинь бид сая юм өглөө. Ичихээ мэдэхийг больсон чи, ямар нүүрээр түүнийг зодож байгаа юм бэ. Чи түүнийг сургуульд дуу сурч байгаа бол зодож чадах уу гэсэнд эмгэн:
-Нэгэнт л эх гэж дуу дуулсан бол нэг насны эх болно. Тэр намайг буруутгавал би түүнийг зодно шүү гэв. Ши Рэнь, Ши Юэг дуудаад: “Би хүнтэй ам булаалдаж чадахгүй. Чин Вэнь хурц зантай болохоор чи шалавхан очоод түүнийг хэдэн үг хэлж болиул гэж хэл гэсэнд цаадах нь гүйн очиж: “Чи битгий бархираад бай. Манай энд байтугай бүх хүрээлэнд боловч хэн нь, эзний гэрт охиноо зэмлэж байхыг харсан уу. Чиний төрсөн охин боловч гэрээс явж эзэнтэй болсон бол даруй тэр эзэн л зодож, харааж болно. Насаар эгчмэд авхай, найнай нар загнаж зандарч болно. Эцэг эх нь хөндлөнгөөс оролцож, саваагүй аашилж яаж болох вэ. Бүгдээр ийн хандвал тэр биднээс юу сурах юм бэ. Чи хөгшрөх тусмаа ёс номгүй болж байна уу. Урждар Жю Эрийн эх нь ирж үг хэл болсныг чи дуурайж байна уу. Та нар хүлээж бай. Энэ хэдэн өдөр энэ тэр нь өвчлөн эмзэглэж, Лао тайтайбас завгүй байгаа тул би очиж мэдүүлээгүй. Хэдэн өдрөөс очиж мэдүүлээд ямаан омгийг чинь дарахыг бодноо. Тэгвэл сайн болох байх. Бао Юйн бие өвдөөд саянаас л овоо болж байна. Тэгээд бид иймээ тиймээ юм ярихгүй байхад чи харин хүн зодож чонын суга цавь мэт эрээн мяраан болгон бархируулнаа. Гэрийн эзэн, хэдэн өдөр эзгүй байхад та нар хууль ёсгүй самуурч, хүмүүсийг хялайн хардаг болжээ. Дахиад хэд хоновол биднийг ч зодож нүдэхэд бэлэн байгаа байхаа. Тэр бас чам шиг хуурай эхгүй бол өтгөн шингэндээ холилдох уу гэж хэлэв. Бао Юй бас дургүйцэн таягаар үүдний хашлага цохин:
-Энэ эмгэд чинь цөмөөр чулуун зүрхтэй болоо юу. Хачин юмаа. Хүн харгалзаж чадахгүй мөртөө тэднийг тарчилган зовооно гэнээ. Цаашдаа юу болох вэ энэ чинь… гэсэнд Чин Вэнь:
-Яахав ийхэв гэж гайхах юм байхгүй. Эдгээр “Махан овоо, малгайн тавиурыг” цөмийг нь хөөж явуулбал таарна гэв. Мөнөөх эмгэн ч ичингүйрэн зовж хэлэх үггүй болов. Хөвөнтэй богинохон цамцтай, цацмал хуартай ногоон торгон өмд өмсөөд шурхнагаа сул тавьсан Бан Гуань хөө хар гэзгээ сэгсийлгэж асгаруулан уйлна. Шө Юэ: “Ийм авхайг тамлуулсан бага эхнэр Хүэн мэт болгожээ. Наад үс гэзэг, хувцас хунараа янзлаач дээ” гэсэнд Чин Вэнь дагуулан явж гэзэг үсийг нь угааж алчуураар боож өгөөд, хувцсаа сольж өмс гэв.
Энэ үед дотоод хоолны гэрийн эмгэн ирж: “Оройн хоол бэлэн болжээ. Авчрах уу” гэж асуусанд бяцхан инж эргэн гүйж, Ши Рэнээс асуув. Цаадах нь:
-Сая дэмий шуугилдаж байгаад анзаарсангүй, цаг хэд цохьсон бэ гэсэнд Чин Вэнь цаг хараад, энэ булай чинь яачихаж вэ, засуулах хэрэгтэй болжээ дээ гэсээр цагийг авч үзээд: “Одоо нэг аяга цай уухын хэр болоод хоолны цаг болох нээ” гэв. Бяцхан инж буцав. Шө Юэ инээж:
-Алиа, дэгжинг нь бодвол энэ Бан Гуань хүнд зодуулмааргүй л хүн дээ. Тэр өчигдөрцагийн туухайг оролдоод л байсан тэгээд л эвчихэж дээ гэв. Тэднийг ийн ярилцаж байх хооронд аяга таваг бэлтгэж дуусав. Төдөлгүй бяцхан инж савтай хоол авчирч өргөж зогссонд Чин Вэнь, Шө Юэ хоёр нээж үзээд, дөрвөн зүйлийн шанцай байсанд: “Нэгэнт зүгээр болсон хүнд хөнгөн зууш өгч идүүлэхгүй юм байхдаа. Энэ шингэн будаа, давстай ногоог хэдий болтол идэх юм бэ” гэсээр өрж тавиад өөр нэг савыг нээвэл харин нэг шарсан гуя, шинэ ногоогоор хийсэн шөл байсан тул Бао Юйн өмнө аваачиж тавив. Тэрбээр амсаад “Сайхан шөл” байна гэсэнд цаадуул нь хөхрөлдөн “Бурхан минь, хэд хоног тос нүнжигтэй юмны бараа хараагүй болоод махасчихаж” гээд үлээж хөргөв. Тэгээд дэргэдээ байгаа Бан Гуаньд “Чи одоо хүн асран сувилж сур. Битгий унтах, тоглохыг бодоод бай. Наадахаа зөөлхөн үлээ. Битгий шүлсээ үсэргээрэй” гэсэнд цаадах нь хэлсэн ёсоор нь үлээж, тэгсгээд эвийг нь олов. Хуурай эх нь энэ үед гадаа хоол бариад хүлээж байсан тул яаран орж ирээд инээж: “Тэр чадахгүй ээ, аягыг нь хагалчих вэ. Аль би үлээж өгье” гээд шүүрэн авав. Чин Вэнь “Чи болиоч. Тэр аяга алдаад хагаллаа ч гэсэн чамаар үлээлгэхгүй. Чи яах гэж ирэв. Цаашаа хурдан яв” гээд бяцхан охидод “Нүд чинь сохорвуу. Тэр мэдэхгүй бол та нар түүнд хэлэх ёстой” гэж зандарсанд охидууд “Түүнийг хөөсөн ч явахгүй. Хэлснийг сонсох ч үгүй. Түүнтэй биднийг холбогдуулж юү хийнэ вэ” гээд эмгэнд хандаж: “За чи мэдэв үү. Бидний очдог газрын хагаст чи хүрч болно. Үлдсэн хагаст нь очиж болохгүй. Тэгтэл чи, бид ч очиж болдоггүй газар очсоноор барахгүй, бас гар сарвайж, уруул амаа хөдөлгөнө. Яаж болох вэ” гээд түлхэж гаргав. Гадаа хоосон сав, аяга таваг хүлээгээд зогсож байсан эмгэд цөм хөхрөлдөж: “Бэргэн бас толинд харалгүйгээр ороод очихсон уу” гэсэнд эмгэн ихэд уурлавч биеэ бараад цаашлав. Бан Гуань шөлийг нь хэдэнтээ үлээсэнд Бао Юй инээж: “Чи амсаад үз. Хөрчүү?” гэсэнд цаадах нь тоглолоо гэж бодоод Ши Рэнийг харав. Ши Рэнь: “Амсаад үзэхэд болно” гэсэнд Чин Вэнь инээн: “Чи миний амсахыг хар” гээд нэг оочив. Бан Гуань амсуут “Хөөрчээ” гээд Бао Юйд өгсөнд хагас аяга уугаад хулсны шөлнөөс хэдэн хэрчим хулс үмхэж, аяга шингэн будаа идэв. Түүнийг хоол идсэний дараа амыг нь зайлуулаад Ши Рэнь хоол идэхээр явав. Энэ үед Бао Юй, Бан Гуанийг хараад нүд ирэмсэнд, угийн сэргэлэн, тэгээд бас хэдэн жил шийнд тоглочихсон хүн юү андах вэ, гэнэтхэн “Гэдэс өвдөөд” гэснээ, хоолонд явсангүй. Ши Рэнь: “За чи хоол идэхгүй бол наадахдаа хань болоод байж бай” гээд явав.
Энэхэн завшаанд Бао Юй, Оу Гуаньтай уулзсан болоод заль гаргаж түүнийг өмгөөлсөн хийгээд “Чамаас асуу” гэснийг нь хүртэл яриад “Тэр чухам хэнийг тахисан юм бэ” гэж асуусанд цаадах нь нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд шүүрс алдан: “Үүнийг ярьвал, тэр дэмий юм хийж байгаа юм” гэсэнд “Яагаад” гэж лавлав. Цаадах нь: “Тэр үхсэн Яо Гуанийг тахиж байгаа юм” гэв.
-Тэр хоёр сайхан найз нар байсан бол тахих нь зөв
-Юуны нь найз байх вэ. тэнэгтэж л байхгүй юу. Шийд Яо Гуань нэг залууд, түүний эхнэрт нь Оу Гуань тоглодог байсан юм. Тэд нөхөр, гэргий болж тоглож байгаад… өдөр болгон шийд тоглож янаг дотно болж байхдаа итгэж эргүүтэн, үнэн мэт болж, сүүлдээ бие биенээ санаж хайрлах болсон юм. Тэгтэл Яо Гуань үхэв. Тэгсэн өнөөх чинь хахаж цацан уйлж хайлсаар одоо болтол түүнийг мартахгүй, жил болгон ханш нээгдэх бүрд цаас шатаадаг болсон юм. Хожим өнөөх шийд нь Рүй Гуань тоглодог болсон чинь, бас л түрүүчийн мэт аашлахаар нь бид “Шинийг олоод хуучнаа яаж мартав” гэж асуусанд тэрбээр “Мартсан бишээ, Жишээ нь, эмээ үхүүлээд эр хүн өөрийг авсан байдаг. Харин үхсэнээ орхиод дурсахгүй бол даруй эр эмийн сэтгэл болой” гэсэн шүү. Энэ хичнээн тэнэг вэ гэж ярив.
Бао Юй энэ үгийг сонсоод, өөрийн нь тэнэг занд нийцсэн тул санаандгүй их баярлаж уяран улмаар гайхан биширч Бан Гуанийг өөртөө татан
-Тийм бол би чамд нэг үг захия. Чи цаадахдаа хэл. Хойшид хэрхэвч цаас шатааж болохгүй. Ханш нээх үед багц хүж бэлтгэн шатааж нэг сэтгэлээр наманчилбал хүссэнээ гүйцээж чадна. Миний ширээн дээр хүж бий. Надад сэтгэлийн зовлон тохиолдвол өдөр хоног тоололгүйгээр хүж шатаадаг. Ус, цай, цэцэг, жимсний дээж, мах тостой зууш ч хамаагүй нэг удаа өргөж тахина. Үнэн сэтгэлээр байхаас биш, хоосон нэрд байх нь биш. Хожим түүгээр дахин цаас шатаалгаж болохгүй” гэсэнд Бан Гуань шууд хүлээн авсанаа Ши Рэний өлсвөл идээрэй гээд орхисон шингэн будааг идэв. Нэг хүн ирж: “Лао тайтайгэртээ ирлээ” гэж Бао Юйд дуулгав. Юу болсныг мэдсүгэй гэвэл хойших бүлэгт үзэгтүн!
Холбоотой мэдээ