Оросын анхны алтыг Е.Медведева эсвэл А.Загитова зүүх үү?

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын анхны алтыг Е.Медведева эсвэл А.Загитова зүүх үү?

Оросын анхны алтыг Е.Медведева эсвэл А.Загитова зүүх үү?

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн наадмын хамгийн үзүүштэй төрлийн нэг болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн өнөөдөр богино үзүүлбэрээр эхэлж, нөгөөдөр чөлөөт үзүүлбэрээр өндөрлөнө.

Уран гулгалтын төрөлд таван багц медалийн эзэд тодрохоос эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл үлдээд байсан. Тэгвэл олон сарын хүлээлттэй байсан одод Пёнчаны мөсөн талбайд өрсөлдөхөд бэлэн болжээ.

Дэлхийн чансааг тэргүүлж буй ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева, тавд бичигдэж буй Алина Загитова нарын тэмцэл өнөөдөр болно. Тэд алдарт Этери Тутберизе багшийн шавь бөгөөд энэ цагийн хамгийн шилдэг уран гулгагчид тэдний аль нэгийг алтан медаль авна гэдэгтэй дэлхийн спортын хэвлэлүүд бичсээр байна. Магадгүй тэдэнтэй өрсөлдөх тамирчид зөвхөн хүрэл медалийн төлөө л ширүүн тэмцлийг хийнэ гэж таамаглаж байна. Энэ таамаглал ч наадмын эхний өдрүүдэд болсон багийн тэмцээнд харагдсан юм.

Өдгөө 15 настай А.Загитова, 18 настай Е.Медведевагаас гадна дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Мария Сотскова ч бий. Магадгүй өнөөдрийн богино, нөгөөдрийн чөлөөт үзүүлбэрийн дүнгийн дараа орос охид шагналын тавцанд зогсохыг үгүйсгэхгүй. Мөн тэдний үзүүлбэрийг өнөөдөр дэлхийн даяар олон сая шүтэн бишрэгчид нь үзэх нь дамжиггүй.

Сэргээшийн асуудлаас болж, олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож буй оросууд одоогоор гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар медаль хүртсэн орнуудын жагсаалтад 20-р байрт бичигдэж байна. Алтан медаль хараахан авч амжаагүй байгаа оросууд тэмцээн дуусахаас өмнө сэргээшийн асуудалд холбогдсон. Кёрлингийн холимог хосын төрөлд оролцсон Оросын хосоос сэргээш илэрсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд тэдний “В” сорьцын шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлээгүй байна. Тиймээс бүгдийн анхаарлын төвд өртсөн оросуудын энэ тэмцлийг уран гулгалтын тамирчид эерэгээр авчрах л үлдлээ.

Өнөөдөр эхлэх уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрт 30 тамирчин оролцох бөгөөд дээрх шилдэг тамирчдаас гадна Италийн Каролина Костнер, Канадын Кэйтлин Осмонд, Японы Сатако Мияхара нарын хүчтэй өрсөлдөгчид бий. Хамгийн өндөр оноотой 20 тамирчин нөгөөдөр болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авах билээ.

12 мянган хүний суудалтай Каннэ ордонд уран гулгалтын тэмцээн болох бөгөөд Улаанбаатарын цагаар 09.00-с эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж