Одоогоос дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпийн наадамд Шведийн биатлоны шигшээ баг амжилт муутай оролцов. Шведүүд Сочид биатлоны эмэгтэй төрөлд ганц ч тамирчингүй очсон бол биатлоны эрэгтэй багаас хамгийн өндөр амжилтыг Ф.Линдстрём эрэгтэй масс старт уралдаанд 6-р байр, эрэгтэй буухиа уралдаанд 10-р байранд орсон. Энэ бол Шведийн биатлоны спортын хувьд 2002 оны Солт-Лейкийн олимпоос хойш үзүүлсэн хамгийн муу амжилт байлаа.
Ийнхүү Сочигийн олимпод амжилтгүй оролцсон Шведийн биатлоны холбоо урд өмнө нь хамтран ажиллаж байсан Герман дасгалжуулагч В.Пихлерийг дахин урьж авчирсан. Герман эрхэм В.Пихлер бол биатлоны ертөнцөд шинэ хүн биш юм. Тэр өмнө нь Шведийн биатлоны шигшээ багийг дасгалжуулж байсан бөгөөд олимпийн хошой хүрэл медальт, ДАШТ-ий удаа дараагийн алт, мөнгө, хүрэл медальт М.Форсберг, Олимп, Дэлхийн аварга А.Зидек, Дэлхийн аварга Х.Экхольм болон Б.Ферри нарыг гаргаж ирсэн мэргэжилтэн байв. Шведийн биатлонд эргэн ирсэн В.Пихлер үүрэгт ажилдаа 2015 оны дөрөвдүгээр сард орж шигшээ багийн хуучин бүрэлдэхүүн дээр С.Самуэлссон, М.Понсилуома, Х.Оэберг, Л.Перссон болон А.Магнуссон нарын залуу тамирчдаар хүч нэмэн Пёнчаны олимпийн бэлтгэл ажилдаа орсон. Түүний ажлын үр дүн ердөө жилийн дараагаас гарч залуу биатлонч бүсгүй Х.Оэберг 2016 оны өсвөрийн ДАШТ-нд амжилттай оролцож хошой алт, нэг мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Улмаар тэр Шведийн биатлоны шигшээ багийг амжилттай бэлтгэж Пёнчаны олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Энэ бол Герман мэргэжилтэн В.Пихлерийн ажлын үр дүн юм.
Х.Оэбергийг эмэгтэйчүүдийн хувийн гараанд алтан медаль хүртэнэ гэж тооцоолох мэргэжилтнүүд байгаагүй л болов уу? Тэр энэ цаг үеийн шилдэг биатлончид болох Л.Далмайер, А.Кузмина, Д.Домрачева, К.Макарайнен болон Д.Вирер нарын шилдгүүдийг “нурааж” 22 насандаа аваргын алтан медалийг хүртэн. Үүнээс гадна Х.Оэберг хувийн бүх гараанд ТОП-10-д багтсан. Мөн 22 настай С.Самуэлссон эрэгтэй хөөх гараанд Норвеги, Герман, Австрийн шилдэг биатлончдыг ардаа орхиж мөнгөн медаль хүртсэн. Шведийн биатлончдын эдгээр амжилтууд бол Герман мэргэжилтэн В.Пихлерийг ямар шилдэг дасгалжуулагч болохыг харуулахын зэрэгцээ Шведийн биатлоны сэргэлтийг биатлоны ертөнцөд зарласан үйл явдал болж байна. Харин эсрэгээрээ В.Пихлерийг хөөж явуулсан Оросын биатлоны шигшээ баг анх удаагаа олимпийн наадмаас медальгүй үлдэж байна.
Б.БЯМБАБАЯР