Сар шинийн баярын өдрүүдэд мотоциклтой холбоотой гурван зам тээврийн осол гарч, гурван хүн амь насаа алдсан байна.
Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн айраг сумын нутаг “Бор толгой энгэр” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 51 настай, эрэгтэй Ж-ын амь нас хохирчээ.
Монгол Улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78,7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна. Мотоциклоор үйлдэгдсэн дээрх ослын улмаас 54 хүний амь нас хохирсны дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан байдаг ажээ. Энэ нь жолооч, зорчигчид хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгайг зааврын дагуу өмсөж хэрэглэснээр ослын үед үхэлд хүргэх эрсдэлийг 40 хүртэл хувиар бууруулж чадна гэж олон улсад үздэг байна.
2017 онд нийслэл хотын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 24 тохиолдол бүртгэгдсэн бол Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдэд хамгийн бага бүртгэгджээ.
Мөн улсын хэмжээнд 2017 онд нийт 48192 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 41257 буюу 85,6 хувь нь орон нутагт бүртгэлтэй бөгөөд үүний 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байгаа гэсэн судалгаа байна. Тээврийн хэрэгслийн судалгаанаас үзэхэд манай улсын Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутагт мотоциклийн хэрэглээ бусад аймгуудыг бодвол өндөр гэсэн тоон үзүүлэлт байна.
Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаат замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсад хэрэглэгддэг ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан төдийгүй хамгаалах малгайг хэрэглэдэггүй нь ослын үед амь насаа алдах гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.
Гэтэл иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд болон малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг.
А.АНИР