Уул уурхай Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр байгааг зөвхөн Эрдэнэт, ОТ төслөөр жишээ болгож болно. Уул уурхайгаас олсон хөрөнгөөр бусад салбараа өөд татах санхүүгийн бололцоог бий болдог. Энэ бол дэлхийн жишэг. Тиймээс улс орнууд уул уурхайн салбарт цогц шинэчлэлт хийхийг зорих болжээ.
Энэ салбарт цаашид хийх нөр их ажлыг нэг үгээр илэрхийлбэл “Уул уурхайн Засаглал”-ыг зөв тогтоох явдал бөгөөд тэр нь
байгалийн нөөцийг хайж олох,
олборлох,
ашиглах,
уул уурхайн орлогыг эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд зарцуулах
уул уурхайн орлогоос сан бүрдүүлэх, түүнийгээ хойч үедээ зөв хөрөнгө оруулалт болгон үлдээх гээд өргөн цогц асуудал юм.
Уул уурхайн засаглал тогтооход иргэний нийгэм, орон нутгийн оролцоо чухал байдаг.
Уул уурхайн салбарт томоохон өөрчлөлт хийхийн тулд энэ салбарт өнгөрсөн 10-15 жилд хийсэн алдаа оноогоо дэлхийн стандарт ойлголтоор шүүн тунгаах хэрэгтэй гэж бодож байна.
Уул уурхай чухал нь чухал. Гэхдээ уул уурхайн ач холбогдлийг суперциклийн нөлөөн дор хэтрүүлэн үнэлж бүр улс төржүүлсний үр дүнд бидний монголчууд 2007 оноос “Стратегийн орд” хэмээх улс төрийн сэдэвтэй болсон байдаг.
“Стратегийн ордын талаар ойлгомжгүй зүйл их. Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн хийдэг”. Линк
Улс орноо хөгжүүлэхэд ихэд чухал хэмээн зарим ордыг стратегийн орд гэж нэрлэсэн байж таараа. Тэглээ гээд Монголын стратегийн ордод хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Олон шалтгаантай хэдий ч яагаад гэдэгт хариу олоход дараахь мэдээлэл тус болж магадгүй юм.
Интернэтээр Стратегийн орд (Strategic Deposits) гэсэн үг бичээд хайлт хийвэл голчлон Монголын талаар, хааяа нэг Оросын хуучирсан мэдээлэл гарч ирнэ. Цааш нь лавшруулаад байвал “Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүйг анзаарч харин дэлхий дээр уул уурхайн “Стратегийн болон Критикал түүхий эд” (Strategic and Critical minerals) гэсэн ойлголт байдаг тухай мэдэж болно.
Уул уурхайд дэлхий ертөнц юуг “стратеги” гээд байна вэ, Стратегийн болон Критикал түүхий эд гэж юу вэ?
Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо юм. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд “Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байсан байна.
Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг Эрэлт ихтэй буюу Критикал түүхий эд гэдэг.
Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй Критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй Критикал түүхий эд заавал Стратегийн түүхий эд байх албагүй байдаг.
Өнөө цагт стратегийн түүхий эд гэдэгт газрын тос, байгалийн хий хамаарч байгаа харагдана.
Уул уурхайн бусад түүхий эд стратегийн түүхий эд гэдэгт үндсэндээ хамрагдахгүй байна даа. Учир нь:
металл болон метал бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай. Нөөц элбэг. Шинэ шинэ ордууд нээж болох нь тодорхой, энэ нь зөвхөн геологи хайгуульд хийх хөрөнгө оруулалтаас хамаарч буй гэж үздэг. Европт гэхэд геологийн салбарт оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт Европын сансар судлалын санхүүжилтээс 5-6 дахин бага байгаа.
Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртөгийн хувьд үр ашиггүй олборлохоос шалтгаалж байгаа гэж үздэг.
Критикал түүхий эд нь 20 гаруй нэр төрөл байна.
Европын Холбоо Критикал түүхий эд гэдэгт дараахь 20 элементүүдийг хамруулж байна.
(2014) Линк
АНУ критикал түүхий эд гэдэгт дараахь 23 элементүүдийг хамруулж байна.
(2017) Линк
Критикал түүхий эдийн талаар АНУ-Европын Холбоо-Япон нь гурвалсан уулзалтуудыг идэвхтэй байнга хийдэг, нэгдсэн нэг жагсаалттай болох тухай ч яригддаг. Критикал түүхий эдийн жагсаалт нь түүнийг орлуулагч материал, технологийг хөгжүүлэх шинжлэх ухааны чиглэл, санхүүжилтийг шийдвэрлэхэд хэрэгтэй байдаг байна.
Хүн төрөлхтөн өдөр тутмын амьдралаа авч явахын тулд хэрэглэдэг химийн элемент 1980-аад онд 10 гаруй байж. Одоо техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдралын дундаж түвшин өссөнтэй холбоотойгоор хэрэглэдэг химийн элементийн тоо төрөл ихээр нэмэгджээ. Иймээс критикал түүхий эдийг ихээр анхаардаг болсон байна.
1980-аад онд хэрэглэж байсан элементүүдийг ногоон өнгөөр, өнөөдөр хэрэглэгдэж буй нэмэлт элементүүдийг шар өнгөөр үзүүлжээ.
Ялангуяа тогтвортой ногоон хөгжил чухалчлагдаж байгаа өнөө цагт хамгийн их эрэлттэй байх түүхий эд гэдэгт дараахь эрдэс түүхий эд орж байна.
Критикал түүхий эдийг олборлогч-үйлдвэрлэгч орнуудыг үзүүлбэл
Дээрхээс уул уурхайн салбарт юуг “Стратеги” гэж үзэх дэлхийн ойлголт бидний монголчуудын “стратеги” хэмээн улс төржихөөс тэс өөр гэдгийг мэргэн уншигч Та олж харсан гэж найдаж байна.
Монголд критикал түүхий эдийн ордууд олдож л таараа. Тусгайлсан төрийн бодлого (геологи хайгууль болон хөрөнгө оруулалт татах зэрэг) хэрэгтэй болсон санагдана. Мэддэгээр нь алт, зэс, төмөр, нүүрсээ улс төржүүлээд “стратеги” хэмээн андуураад байна уу даа гэж санаа зовох юм.
Уул уурхай дахь “стратеги”-ийн тухай ойлголтоо дэлхийн жишэгт ойртуулж, ижилсүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл стратеги нэрийн дор улс төржсөн хэвээр үлдвэл Монгол улс хөгжлийн асар их бололцоог алдсаар байх болов уу даа.
М.Энхсайхан