‘Пёнчан-2018’ өвлийн олимпийн уран гулгалтын бүжгийн хосын төрлийн медалийн эзэд өнөөдөр /2018.02.20/ тодорлоо. Энэ төрөлд нийт 24 хос оролцсоноос 20 нь чөлөөт үзүүлбэрт үзүүлбэрээ толилууллаа.
Богино үзүүлбэртээ 83.67 оноогоор олимп, дэлхийн рекордыг шинэчилсэн 2010 оны Ванкуверийн олимпийн алт, 2014 оны Сочигийн олимпийн мөнгөн медальт Канадын хос Тесса Вертью, Скотт Мойр нар Эван Макгрегор, Николь Кидман нарын дуулсан ‘Moulin Rouge’ киноны Come What Way аянд чөлөөт үзүүлбэрээ толилуулсан. Тэд шүүгчдээс 122,40 оноо аван нийлбэрээр 206.07 оноогоор мөн л олимп, дэлхийн рекордыг шинэчлэн бүжгийн хосын төрөлд алтан медаль хүртэх нь тодорхой болсон юм.
Сочигийн олимпод энэ төрөлд мөнгөн медаль зүүсний дараа Тесса Вертью, Скотт Мойр нар их спортоосоо зодог тайлсан ч 2016 оны хоёрдугаар сард эргэн ирж буйгаа мэдэгдэн Канадын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэр Пёнчанд заавал түрүүлнэ хэмээн амлаж байсан билээ. Тэгвэл Канадын хос хоёр жилийн өмнө амлаж байсан амлалтаа өнөөдөр биелүүллээ.
Богино үзүүлбэрт гайхалтай байсан ч Канадын хосын ард бичигдсэн 2015, 2016 оны дэлхийн аварга Францын Габриэла Пападакис, Гийом Сизерон нар зүгээр ч нэг Пёнчаныг зориогүй гэдгээ баталж, чөлөөт үзүүлбэрээ төгс гүйцэтгэн 123.35 оноогоор олимп, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон ч нийлбэр дүнгээр 205.28 оноогоор мөнгөн медаль дээр буулаа. Анхны олимпийн наадамд оролцож буй тэднийг олон олон тэмцээн хүлээн байна.
Багийн төрөлд хүрэл медаль хүртээд байсан Япон гаралтай АНУ-ын хос болох 2016 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Майя Шибутани, Алекс Шибутани нар медалийн тавцанд зогслоо. Тэд чөлөөт үзүүлбэрт 114,86 оноо авч, нийлбэрээр 192.59 оноогоор хүрэл медалийн болзол хангасан юм.
Уран гулгалтын төрлөөс үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг төрөл болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 9 цагаас богино үзүүлбэрээр эхэлнэ.
Ю.ЧИНБАЯР