Ким Юна уран гулгалтын тоглолт үзэв

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Ким Юна уран гулгалтын тоглолт үзэв

Ким Юна уран гулгалтын тоглолт үзэв

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам ирэх ням гаригт /2018.02.25/ өндөрлөнө. Уг наадмын албан ёсны төлөөлөгч Ким Юна өнөөдөр /2018.02.20/ уран гулгалтын бүжгийн хосын чөлөөт үзүүлбэрийг үзэж сонирхжээ. Түүний хувьд Каннэ ордонд болж буй уран гулгалтын тэмцээнийг хоёр дахь удаагаа үзээд байна. Ким Юна хоёрдугаар сарын 16-ны өдөр багийн төрлийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрийг үзэж сонирхжээ. 

Өнөөдөр Ким Юнаг татсан хос бол Канадын Тесса Вертью, Скотт Мойр нар байжээ. ‘Ванкувер 2010’-ын аварга, ‘Сочи 2014’ наадмын мөнгөн медальт хос энэ удаа аварга болно хэмээн амлалт өгөн Пёнчанд ирсэн юм. Тэд зорилгоо биелүүлж, богино болон чөлөөт үзүүлбэрт тэргүүлснээр олимпийн хошой аварга боллоо.  Ким Юна ч өнөөдөр хуучин андуудынхаа тоглолтыг үзэх гэж ирснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичиж эхэллээ. 

Олимпийн наадмын бүжгийн хосын үзүүлбэрт нийт 24 хос оролцсон. БНСУ-ын хос болох Мин Юү Ра, Америкийн иргэн Александр Гамелин нар 18-р байрыг эзэлсэн байна. 

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын төрөлд нийт таван багц медалийн эзэд тодрох бөгөөд маргааш /2018.02.21/ эмэгтэй ганцаарчилсан төрөл богино үзүүлбэрээр эхэлнэ. Мөн шилдгүүдийн гала тоглолт хоёрдугаар сарын 25-ны өдөр болох юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж