Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр шинээр баригдах сургууль цэцэрлэгийн талаар товчхон мэдээлэл өгөв.
-Энэ онд нийслэлийн боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалтын жил байх болно гэж та хэлж байсан. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
2017 онд улсын төсөв, нийслэлийн төсвөөр долоон сургууль барих ажлыг эхлүүлчихсэн. Энэ ажил он дамжиж хэрэгжих байх. Өнгөрсөн онд нийслэлийн төсвөөр долоон цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон. Харин гаднын санхүүжилтээр баригдах хэд хэдэн сургууль цэцэрлэгүүд бий.
Товчхон дурдвал, Азийн хөгжлийн банкны зээлээр энэ онд есөн сургууль, 22 цэцэрлэг барьж, өргөтгөх ажлыг эхлүүлнэ. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль өргөтгөхөөр ярилцаж байна. Энэ хавраас барилгын ажил хийгдэнэ. Үүн дээр нэмээд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлд 21 сургууль, нэг цэцэрлэг баригдах юм. Тэдгээрээс энэ онд эхний долоо сургуулийн барилгын ажил эхлэх төлөвтэй байна. Нийтдээ 52 цэцэрлэг, 34 сургууль ашиглалтад оруулна.
-Дунджаар нэг цэцэрлэг барихад хэчнээн төгрөг төсөвлөгдсөн бэ? Хаана ямар байршилд баригдах вэ?
–Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах орны тоогоор харилцан адилгүйгээс хамаарч нэг цэцэрлэгийг 1.2-2.4 тэрбум төгрөгөөр барих төсөвтэй байгаа. Төрийн өмчийн 227 цэцэрлэгийн нийт хүчин чадал 40 мянган хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр цэцэрлэгт 83,897 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 2.1 дахин хүүхэд хүлээн авч хүмүүжүүлж байна. Үүнээс гадна 32,774 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа юм. Өнгөрсөн жилд бид нийслэлийн боловсролын салбарын барилга байгууламжийн судалгаа хийсэн. Жишээлбэл, аль дүүрэгт сургууль цэцэрлэгийн ачаалал их байна вэ гэдгийг гаргаж ирсэн. 2017 онд нийслэлд 34 сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсан. Бид энэ тоог 20 болгож бууруулсан.
-Тэгэхээр цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг яах вэ? Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор ачаалал хэдэн хувиар буурах вэ?
-Улаанбаатар хотод төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 434, нийт 661 цэцэрлэгт 113,521 хүүхэд хүмүүжиж, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт 77.6 хувьтай байна.
Нийслэлээс өнгөрсөн онд төрийн бус өмчийн буюу хувийн 40 гаруй цэцэрлэгийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Хүүхэд бүр төлбөртэй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй шүү дээ. Тиймээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайнд төрөөс зардлыг нь дааж 3087 хүүхдийг хамруулсан. Үүнээс гадна бид байгууллагын дэргэдэх 10 гаруй цэцэрлэг байгуулсан. Бидний тооцоолсноор 2020 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэнэ.
-Их дээд сургуулийг хотоос нүүлгэх ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Их дээд сургуулийг нүүлгэх асуудлаар Боловсролын яаманд ажлыг хэсэг байгуулагдсан. Ямар сургуулийг хаашаа нүүлгэх талаар судалгааны ажил яг одоо өрнөж байна. Мөн Сонгино-Хайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн жишиг эмнэлэг барьж байгаа. Ирэх онд ерөнхийдөө барилгын ажил дуусгаад хүлээлгэж өгнө.
Э.Ариун