Пёнчаны олимпийн наадмын эрэгтэй 500 метрийн уралдааны медалийн эзэд өчигдөр /2018.02.19/ тодорлоо. Тэмцээний ялагчаар Норвегийн Ховар Лорентсен олимпийн рекордыг шинэчлэн 34.41 сек-н амжилтаар аваргын алтан медаль хүртлээ.
Норвеги улсаас гүйлтийн тэшүүрийн эрэгтэй төрөлд хамгийн сүүлд 1998 оны Наганогийн олимпийн наадамд О.Сёндрол 1500 метрт түрүүлж алтан медаль хүртэж байжээ. Түүнээс хойш 20 жилийн дараа Норвеги улсаас гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медальт тамирчин төрж байна. Мэргэжилтнүүд эрэгтэй 500 метрийн зайд Норвеги залууг шагналын тавцан дээр гарна хэмээн таамаглаж байсан юм.
Тэгвэл түүнтэй хамт шагналын тавцанд “битүү морьд” болох оюутны универсиад наадмын хошой аварга, Азийн өвлийн наадмын алт, мөнгөн медальт БНСУ-н тамирчин Ча Мин-кюү мөнгөн медаль хүртэж, БНХАУ-ын Гао Тиню хүрэл медаль дээр буулаа. Харин медалийн төлөө өрсөлдөх учиртай Нидерландын Р.Мюлдер 7, К.Вербей 9-р байранд орсон байна.
Б.БЯМБАБАЯР