Ази, Европ төвтэй хөгжил-Монголын сонголт

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Ази, Европ төвтэй хөгжил-Монголын сонголт

Ази, Европ төвтэй хөгжил-Монголын сонголт

Бид 70 жил Оросыг дагахдаа түүнээс яагаад бүрэн суралцаагүй юм бэ

Гарчгаасаа л ямар сэдэв хөндөх нь тодорхой. Энэ хоёр замын тухай улиг болтол ярьж, бичсэн дээ. Хөгжлийн хурд, үр дүн, ололтыг нь жингийн туухай дээр өнөөдөр тавих гэсэн юм биш. Түүх нь зөрчихнө. Хүн төрөлхтний хөгжлийн түүх бол тэр чигтээ иргэншил, соёлын хөгжлийн түүх юм. Хэр иргэншсэнээсээ шалтгаалан технологи бүтээж, түүнээ үйлдвэрлэл болгож иржээ. Дундад зуунаас ХХ зууныг бараг дуустал дэлхийн түүхийг Европ ба түүний шинэ холбоотон Америк тодорхойлж ирсэн ба тэд хөгжлийн хөтөч нь байлаа. Хүн төрөлхтний түүх бол нөгөө талаасаа дайны түүх, хүчирхийллийн түүх. Улс төрөөр дарангуйлсан түүх. Хөгжил ба стратеги гэж яривал АНУ ба Европ нь СССР-ийг улам бүр тэлэхээс сэргийлэх нэгдсэн зорилготой, олон иргэншлээс бүрдсэн томхон бүлгийн төвд байсан нь нууц биш. Энэ бүлэглэл нь “Чөлөөт ертөнц”, “Өрнөд” эсвэл, “Холбоотнууд” зэрэг янз бүрийн нэртэй байсан бөгөөд Турк, Грек, Япон, Солонгос, Филлипин, Израиль, Тайвань, Тайланд, Пакистанаас авахуулаад таван тивийн олон арван өрнөдийн биш улс орныг өөртөө багтааж байжээ. Тэгэхээр нь СССР ганцаардахгүйн зовлонг гэтэлгээд өөртөө эвсэл бүрдүүлээд авав. 1945 он хүртэл тэдэнд БНМАУ гэх ганцхан холбоотон байсан мэт манай ахмад үеийнхэн сурталддаг. 1921 оны ардын хувьсгалаас хойш II дайны ялалтыг хүртэл Зөвлөлт холбоот улс, Монгол хоёр хамтран ажиллаж байсан нь түүхэн үнэн. Тэр үед монголчууд алтан Москваг бараадаж, баримжаалж хөгжихгүй бол өөр зам байгаагүй. Ололт амжилт нь тэр үеийн найрамдлын үр шим, яргалал, хэлмэгдүүлэлт нь бас Зөвлөлтийнхний тулгаж хүлээлгэсэн үйлийн үр, тавилан. Дэлхийн II дайны дараа Москва төвтэй дэлхийн социалист лагерь (эвсэл бүлэглэл) үүслээ. 1917-1945 онд Зөвлөлтөд туршиж хэрэгжүүлсэн нийгэм-улс төрийн байгуулал, эдийн засгийн хөгжлийн загвараа тэр лагерьтаа тулгаж хэрэгжүүлэв. Тулгалтыг авахгүй гэснийг нь “1937” оны нэгэн адил хэлмэгдүүллээ. Аллага, шүүх хурал, хэлмэгдүүлэлт яг давтагдсан. Ийнхүү хүчирхийлсээр амжилтад хүрлээ. Дэлхийн социалист лагерь босоод ирлээ.

Тухайн үеийн БНМАУ салшгүй эд эс, гишүүн, жигүүр нь болов. Энэ хооронд Европын холбооны цөм улсууд болох Франц, Герман зөрчлөө арилгаад холбооныхоо үндсийг тавилаа. Тэр холбоо нь Бельги, Нидерланд, Люксембургийн дотоод бүлэг, дараа нь Итали, Испани, Португал, Дани, Их Британи, Ирланд, Грек зэрэг гишүүн улс орнууд, бүр хожмоо Австри, Финланд, Швед, дахиад нэг тэлэлтээрээ Польш, Унгар, Чех, Словак, Болгар, Румынийг нэгтгэсэн аварга “мангас” болж хувирав. Яг үнэндээ Европын социалист орнуудыг хамтын ажиллагаанд нэгтгэсэн механизм болох Эдийн засгийн харилцан туслах зөвлөл (ЭЗХТ З) бол Европын холбооны анхны бүтцийг сөрсөн, түүнээс хуулбарласан механизм байсан ба Монгол Улсын хөгжил дэвшил жигдэрч эхэлсэн 1960-1970-аад он бол ЭЗХТ З-д элссэний гавьяа байсан билээ. СССР улс хөгжил нь жигдэрч, дэлхийн бодлогыг тодорхойлж байсан тэр үед түүнд геополитикийн ба гео-эдийн засгийн дөрвөн бүрхэвч (хаалт, баталгаа) тогтсон байлаа. Үүнд: 1.Зөвлөлт Оросоос эхэлсэн, Зөвлөлт Оросыг тойрсон эхний бүрхэвч нь РСФСР гэх нэртэй. 2. СССР гэх нэгдсэн нэрийн дор Оросоос гадна 14 улс-үндэстэн оролцсон хүчирхэг бүрхэвч, 3. СССР төвтэй дэлхийн социалист систем гэх хамгийн том бүрхэвч, 4. Капиталист бус хөгжлийн замаар замнаж ирээдүйд коммунист улс болох заяа төөрөгтэй хөгжиж буй ертөнцийнхөн (20 гаруй улс байсан гэх. Томхон нь Энэтхэг, Бирм, Афганистан болон Египет, Сири, Ирак, Ливи, Өмнөд Йемен гэх мэт Арабын хэсэг улс, Африкаас Ангол, Мозамбик, Этиоп, Гвиней, Америкаас Чили, Никарагуа гэх мэт) бас нэг бүрхэвч гэж жагсана. Энд 40 орчим улс орны нэрсийг жагсааж болох ба бүгд Москвагийн хөгжлийн загвараар явсан бус, Москвагийн дохио зангаа, цэргийн оролцоо, зөвлөгөөгөөр хүйтэн дайнд өөрийн дуу хоолойгоо өргөж байсан юмсанж. Энэ 40-ийн дотор Монголоо байршуулаад, хөгжсөн бол хөгжсөнийг нь, хожсон бол хожсоныг нь дүгнэх хэрэгтэй. Монгол нь учиргүй европжоод, хөгжлийн Европ загварыг шууд хуулчихсан бус харин тэр дөрөвдүгээр бүрхэвчийн бүлэг орнуудад үлгэр үзмэр болгохуйц, хоцрогдсон феодализмаас капитализмыг алгасан социалист хөгжлийн замаар алдагдзамнасан хамгийн шилдэг улс орон болж үнэлэгдэж байсансан. Монголчууд хэрдээ европжсон, оросжсон, нүүдлийн гэх харанхуй өвөө гээж эхэлсэн, харьцангуй хотожсоныг дэвшил гэхээс аргагүй. Хэдэн мянгаараа СССР ба Европын социалист орнуудаас эрдэм өвөрлөн ирж, хоцрогдсон эх орондоо эрдэм соёлын үр суулгасныг бүр ч олзуурхмаар. Зөвлөлт ба ЭЗХТ З-ийн орнуудаас эдийн засагтаа авсан мөнгө хөрөнгө, тэргүүний мэдлэг, бүтээн байгуулалт 1980-аад төгсгөл үед өөрийн хүч нөөцөө баран гацаж зогссоны учрыг одоог хүртэл зөв тайлбарлаж чадахгүй яваа нь харамсалтай. Европын боловч Европын холбооны эсрэг альтернатив хөгжлийн загвар сонгосон СССР тэргүүтэй эвсэл эдийн засгийн өрсөлдөөндөө сульдаж унасныг бид тэр бүр мэддэггүй.

Социализм, капитализм хоёр халз уралдаад манай социализм нь ялагдсаныг барууны хэн нэгэн дайсны далдын явуулга мэтээр одоо хүртэл ойлгож тайлбарладаг нь буруу юм. СССР-ийн геополитикийн ба гео-эдийн засгийн дөрвөн бүрхэвч хүйтэн дайнтай хамт нурж унахад л гурав дахь бүрхэвч дотор хувь заяа, хөгжлөө даатгаж ирсэн Монгол Улс нүцгэрээд ирсэн хэрэг. Түүнээс Европ төвтэй хөгжлийн загварыг Ази төвтэй хөгжлийн загвар илт ялчихсан хэрэг биш юм. Монголчууд Европыг даган алдсаар өнөө хүрээд, өнөөгийн их гамшиг зовлонтой учирсан гэдэгтэй би санал нийлдэггүй. СССР жам ёсоороо тарсан, оронд нь 15 улс үүссэн, түүний нэг ОХУ-тай бид хиллэж үлдсэн, Оростой хамтран ажиллах ёстой гэдэг энгийн мэдлэгийг би энд нурших гээгүй. Бид 70 жил Оросыг дагахдаа түүнээс яагаад бүрэн суралцаагүй юм бэ, орос хүн шиг ажиллаж, амьдарч, өрх гэрээ авч явж, ядаж хувийн жижиг аж ахуйгаа хөтлөн явуулж яагаад сураагүй юм бэ гэх адармаатай асуултад монголчууд л хариулах ёстой.

1921 оноос өмнөх феодалын хоцрогдсон сэтгэхүй рүүгээ гулсаж байна

Түүнээс Оросын хөгжлийн загвар, мэдлэг, тусламжийг бид сайндаа голоод хаячихаагүй юм. “Жамбын Батмөнх” хэмээн бестселлер номын зохиогч, Монголд “Батмөнх судлал” гэдгийн үндсийг тавилцсан түүх судлаачийн хувьд би нэг асуултад хариулт хайсаар мухардсан. Юун асуулт хариулт вэ? Цэдэнбалыг 1984 онд авч хаяхдаа л Батмөнх гуайг “тэгэх минь яав”, “ингэх минь яав” гэх эргэж хургасан харуусал аятай асуулт юм. Батмөнхийн багийн гишүүн бөгөөд тэр үед Сайд нарын зөвлөлийг толгойлж асан (Ерөнхий сайд) Содном гуайгаас ч асуух ёстой юм. Юу хэмээвээс 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг тойроод гарчихаж болох байсан алхмуудыг 1984- 1990 онд яагаад хийгээгүй вэ. Ямар алхам. Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Төмөр-Очир, Цэндийг цагаатгаад эргүүлээд алба ажилд нь оруулчихсан бол Цэдэнбалын эсрэг 1990 онд тэгтлээ сүртэй хөдлөх байсан гэж үү. Чойбалсангийн яргаллын тухай, “1937” оны тухай Горбачевтой зэрэгцээд (өрсөөд гэх нь хаашаа юм) дүгнэлтээ гаргачихсан бол тайван амгалан, нүүдэлчин монголчууд ардчиллын төлөө тэгтлээ их хөнөглөх байсан гэж үү. Азийн загварын тухай бас л өнгөрсөн харуусал байна. Монголчууд өөрсдөө эзэн мэдэх боломжийг нь Москва олголоо гээд Москваг ширтсэн горьдлогоосоо 1984-1990 онд огт салахгүй явсныг алдаа гэж үзэж болно. Батмөнх, Содномын үеийн удирдагчдад энэ асуулт шууд тавигдана. Яагаад, яагаад, яагаад? Өмнөд хөрш чинь харгис маоизмаасаа бүрэн салчихаад, эдийн засгийн эрчтэй реформ хийж байхад бид энд түүнийг дайсан мэт харж хардаж, харилцаагүй явсан нь өнгөрсөн түүхийн алдаа юм. Хятадын хөгжлийн туршлага, Зүүн Азийнхны “Төрийн капитализм”-ын туршлагаас дэндүү хожуу мэдэж, гайхаж, гэгээрч, дөнгөн данган суралцсан суралцаагүй хоёрын хооронд бид 28 жил явлаа, үр дүн алга.

1984-1990 ондоо л СССР-ээс түрүүлж Хятадтай харилцаагаа сайжруулаад, тэр үедээ тэрхүү “социалист ганзагын наймаа”- ндаа орчихсон бол яалаа гэж өдийд ингэж үй олноороо модоо барих билээ. 1984-1990 он бол дан алдагдсан жилүүд байсан гэж үзэхээс аргагүй. Бүтээсэн үйлдвэрлэснийг нь биш, алдсан боломжийг нь хэлж байна. Боломж алдсанаараа бид сэтгэхүйн айхтар хоцрогдол, уналтад орсон. Зүүн Азийнхнаас суралцах сэтгэхүйн бэлтгэлгүй болсон. Мөнгөний үнэ цэнэ, түүнийг бүтээх хөшүүргийн талаар тэс өөр, дэгс, бүр аюултай төөрөгдөлд орсон. Ардчилал, эрх чөлөө нь анархизм руу үе үе түлхдэг. Явж явж 1921 оны өмнөх феодалын хоцрогдсон сэтгэхүй рүүгээ гулсаж байна. Хатуухан дүгнэчихье. 1990 онд бидний сонгож авсан нийгэм- эдийн засгийн загвар бол цаг нартай юм. СССР-ийг орлон гарч ирсэн манай шинэ түншүүд (гуравдагч хөрш) маань Монголын ардчилалд ихээхэн итгэл үзүүлсэн хэрнээ эргээд тэр чинь олон улсын хэмжээнд, дэлхий дээр юу ч биш шүү гэж хэлэх дээрээ тулчихлаа. Ардчиллаар олдсон боломжоо өсөлт дэвжилт болгож чадахгүй, ядуу гуйранчаараа яваад байх аваас яг тэгж хэлэх дээрээ тулах гээд байна. Ардчилал үгүй болбол Зүүн Азийн ба Хятадын хөгжлийн загвар руу гулсах ёстой хэмээн арай ч хэлэхгүй.

Гэхдээ цаг нартай гэдгийг хэлж сануулдаг болж байна. ОУВС-гийн тулгалт бол тэр л дээ. Жижиг улс гэж жижиг улсыг л хэлдэг гэсэн санаа гадаадынхнаас нэвт ханхалдаг болж байна. Нэгэнтээ жижиг л юм бол өөрөөсөө бус өрөөл бусдад бүү найд, учир нь Та нар бол сонирхол бага татах газар шүү гэсэн сануулга бас байна. Ардчиллын ололтууд 27 жил ямагт прогрессоор яваад ирснийг үгүйсгэх санаа надад байхгүй нь мэдээж. Гэтэл Монголын ард түмний олонх нь ардчиллын үр шимийг аж амьдрал дээрээ үзэхгүй, талаас нь илүү нь ядуурах тийшээгээ, зарим нь ядуураад яваад байгаа нь юуных вэ. Эрх чөлөө нь аврал биш хараал болсон өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн сууж байна. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол, зүүд боллоо. Энэ бүхэнд буруутныг тодруулан яллаж, сүрхий эх оронч царайлахгүй. Энд төр ч, засаг ч, лидерүүд нь ч, хандивлагч гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Үүрэх ёсгүй. Буруугийн, муугийн, магадгүй дийлэнх хувийг монгол хүн Та өөрөө үүрэх ёстой. Учир нь “Чиний амьдралыг чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй” гэсэн логик эл нийтлэлийг надаар бичүүлж дөнгөлөө.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж