ХБНГУ-ын Мюнхен хотноо Европын аюулгүй байдлын дээд хэмжээний чуулган хоёрдугаар сарын 18-нд өндөрлөлөө. Гурван өдрийн туршид хуралдсан Мюнхены аюулгүй байдлын чуулганд оролцогчид нэгдмэл байр сууриа илэрхийлсэн албан ёсны мэдэгдэл гаргасангүй. Уламжлал ёсоор, энэ бүс нутгийн улс орнууд нэгдмэл байр сууринд хүрч чадсангүй гэж судлаачид дүгнэлээ.
Чуулганы эхэнд, дэлхийн либерал дэг журмын "элэгдэл"-ийн асуудал болон олон улсын харилцаанд шинэ замыг бий болгох асуудалд оролцогчид онцгой анхаарал хандуулсан юм.
Тэртээ 2007 онд Владимир Путин энэ чуулганд дэлхийн нэг туйлт системийг шүүмжилсэн илтгэл тавьж байсан нь өнөөгийн 2018 оны чуулганд нөлөөлөхүйц хэмжээний илтгэл байсан гэж судлаачид дүгнэдэг. Учир нь Барууныхан АНУ тэргүүтэй нэг туйлт системд суурилсан дэлхийн либерал дэг журам өөрөө өөрийгөө сүйтгэж байгааг маш сайн ойлгож байгаа хирнээ хэн ч үүнд өөрчлөлт хийхийг хүсэхгүй байна гэж улс төр судлаачид хэлэв.
Үүний тод жишээ бол АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байданы илтгэл байв. Тэрбээр 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ үгүйсгээгүй төдийгүй "Дэлхий хэрхэн зохион байгуулагдах талаар бид татгалзахын аргагүй нөхцөл, зарчмыг санал болгосон. Бид “нөлөөллийн цар хүрээ’-г бий болгохыг тэвчихгүй. Үүнд, эхний ээлжид ОХУ маш их хамаатай" гэж илтгэлдээ дурдсан билээ.
Мөн Жо Байдан "Өнөөдөр Кремль болон Ерөнхийлөгч Путин энэ дэг журмыг сүйтгэх, НАТО-г сулруулах, Барууны ардчилал болон транс-атлантын түншлэлийг сулруулахын тулд бүхий л хүчээ дайчилж байна. Би тэднийг ЗХУ-ыг дахин сэргээхийг хичээж байгаа гэж бодохгүй байна. Тэд дэлхийн либерал дэг журмыг сүйтгэхийг л хүсч байгаа" гэв.
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байдантай тун төстэй илтгэлийг АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер тавьсан юм. Тэрбээр ОХУ-аас гарч буй аюул заналхийллийг анхаарч үзэхэд илүүдэхгүй гэв.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мюнхены чуулганы дээр тавьсан илтгэлдээ, Орос улс тэгш эрхийг хангасан, харилцан хүндэтгэсэн байдалд нээлттэй хандах болно. ОХУ АНУ болон бусад улс орнуудтай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа төдийгүй хэлэлцээний ширээний ард суухыг уриалав.
Чуулганы үеэр Макмастер "ОХУ Европын улс орнуудыг барьцаалж байна" хэмээн яаран сандран мэдэгдсэн төдийгүй АНУ-ын сонгуульд оросууд оролцсон нь баталгаажсан хэмээн түүний яриа дотоодын улс төрийн асуудал руу хальтарч орсон юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сандаргаж, твиттерээр мэдэгдэл хийхэд хүргэв.
Трамп твиттер мэдэгдэлдээ "Манай улс Хиллари Клинтонтой хамтарч ажилладаг. Генерал Макмастер 2016 оны сонгуулийн үр дүнд оросууд нөлөөлөөгүй гэдгийг хэлэхээ мартсан байх. Энэ асуудлын цор ганц хуйвалдаан бол Орос болон худалдагдсан Х., ардчлагчид болон ардчилсан намын үндэсний хороо’ гэв.
Гэхдээ энэ удаагийн Мюнхены чуулганы уур амьсгалаас ажиглахад ОХУ-ын эсрэг Барууны хийрхэл буурсан байна гэж судлаачид дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар, АНУ ОХУ-ыг өөрийн үндэсний ашиг сонирхолтой эн зэрэгцэх тоглогч гэж харж чадахгүй байгаад оршиж байна гэв. "Харамсалтай нь, Мюнхены чуулган ОХУ-ыг хэлэлцдэг барууны элитүүдийг цугласан газар болж байна. Хэн ч тодорхой шийдэл ярихгүй байна" гэж судлаачид дүгнэв.
Оросын заналхийллийн тухай АНУ-ын НАТО-гийн зүүн европын холбоотнууд хүртэл ам нээв. Тодруулбал, Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий европчуудад ОХУ болон Исламын улсаас ирэх заналхийлэлтэй тэмцэхийн тулд цөөн дүн шинжилгээний төв маш их танк хэрэгтэй гэжээ.
Европ: Нэгдсэн арми болон гадаад бодлого
“Миний хувьд Европ хүчтэй байх ёстой. Европ дэлхийн шилдэг батлан хамгаалан салбартай, нягт хамтын ажиллагаатай, маш сайн хилээ хамгаалах хэрэгтэй” гэж Моравецкий хэлэв. Өөрөөр хэлбэл, Европ батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор энэ чуулган эхэлсэн түүхтэй гэв.
Харин Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен "Бид транс-атлантын холбоонд тууштай үлдэхийг хүсч байна. Үүний зэрэгцээ, бид европ тал руугаа илүү хандах ёстой” гэв. Түүний хэлснээр, Европ батлан хамгаалах салбартай маш их анхаарал хандуулах нь чухал гэсэн юм. Мэдээж, НАТО хохирол амсахгүй.
"Бид Европын батлан хамгаалахын холбоо байгуулсан. Улс төрийн түвшинд “Европын нэгдсэн арми” бий болгохыг тохиролцсон" гэж Германы Батлан хамгаалахын сайд тэмдэглэв. Европын холбооны улсууд аюулгүй байдал болон батлан хамгаалахын салбарт байнгын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэдгийг тэрбээр онцлов. Мөн Европын батлан хамгаалахын санг бий болгожээ. Түүний хэлснээр, Герман Францтай хамтран зэвсэгт хүчний салбар дахь интеграцийг гүнзгийрүүлэхэд бэлэн мөн энэ замд бүх европчуудыг нэгдэхийг уриалж байна гэв.
"Өнгөрсөн жил бид сүүлийн 20 жилийн туршид байгаагүй Европын батлан хамгаалах бодлогод ахиц дэвшил гарсан" гэж Еврокомиссын төлөөлөгч Жан-Клод тэмдэглэв. Тэрбээр, энэ ахиц дэвшил Европын холбоо батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудалд хараат бус боллоо гэж бодож буй Атлантикуудын талд сөрөг реакци үзүүлсэн гэв.
‘“Тийм ээ бид чөлөөлөгдмөөр байна. Гэхдээ НАТО-гоос бус, АНУ-аас бус чөлөөлөгдмөөр байна”’ гэж Юнкер тэмдэглэв. Олон жил америкчууд бидний батлан хамгаалах салбартаа анхаарал хандуулдаггүй гэж буруутгаж ирсэн. Иймээс бид одоо үүнд анхаарал хандуулаад ирэхээр энэ нь буруу болчихлоо гэсэн уур амьсгал Мюнхены чуулганы үеэр давамгайлсан юм.
Харин судлаачдын дүгнэж буйгаар, сүүлийн гурав дөрвөн жил Европ нэгдсэн стандартыг бий болгохоор Европын батлан хамгаалах агентлагийн хүрээнд батлан хамгаалахын бодлогын дэд бүтцийн хэд хэдэн санаачилга дэвшүүлж байсан. Энэ чиглэлд тэд урагшилсан. Гэхдээ Европын нэгдсэн арми хаана байна. Тэд олон жил энэ асуудлыг ярьж байна. Нэг талаас харахад, Европ бие даасан байдал руу тэмүүлэх хирнээ нөгөө талаар, Европын холбооны улсууд батлан хамгаалах салбарт их хэмжээний зардал гаргахад бэлэн биш хэмээн тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Европын холбоо гадаад бодлогын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн асуудал ч хөндөгдсөн юм. Ингэхдээ үүнд зөвшилцөл чухал. Учир нь, холбооны улс бүр гадаад бодлого, батлан хамгаалах салбарт өөрийн бүрэн эрхт байдлаа хадгалахыг хүснэ гэж судлаачид дүгнэв.
Нормандын задрал
Европын батлан хамгаалахын салбарыг тойрсон асуудал Украины Ерөнхийлөгч Петер Порошенкогийн илтгэлд мөн адил дурдагдав. Энэ удаад тэрбээр Донбассын тулаанд цохилт өгөхөөр Европын холбооны тугтай чуулганд хүрэлцэн ирэв.
Украины Ерөнхийлөгч Мюнхены чуулган дээр хэлсэн үгэндээ Владимир Путин “дайн зарлалаа” гэв. Үүнээс гадна, европчууд Украиныг Европын холбоо НАТО-д ороход хаалгаа нээлттэй байлгахыг хүсэв. Мөн тэрбээр Донбасст энхийг сахиулагчдийг байршуулах, бүс нутгийг Киевийн хяналтад эргүүлэн өгөхийг уриалав.
Мюнхены аюулгүй байдлын чуулган үеэр Нормандын гадаад хэргийн сайд нарын уулзалт товлогдсон байсан ч цуцлагдсан юм. Учир нь Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль Берлин руу яаралтай явах шаардлагатай болсон гэв.
Гэхдээ уулзалт цуцлагдсан байдлыг судлаачид янз бүрээр тайлбарлаж байна. Тодруулбал, Германы Гадаад хэргийн сайд Туркээс чөлөөлөгдсөн Welt сонины сэтгүүлч Дениз Южельтэй уулзахаар Берлинийг зорьсон гэж таамаглал байна. Үүнээс гадна, яагаад дөрвөн талт хэлэлцээ цуцлагдсан эсэхэд өөр шалтгаан байх магадлалтай гэв.
Герман улс нь 2017 оны есдүгээр сард болсон сонгуулийн дараа өнөөдрийг хүртэл Засгийн газар нь бүрдээгүй, Зигмар Габриэль цаашид Гадаад хэргийн сайдын албан тушаалаа хадгалах эсэх нь тодорхойгүй тул уулзалт цуцлагдсан байх магадлалтай гэж судлаачид харж байна.
Үүнээс гадна, Мюнхены чуулганы үеэр ОХУ болон Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнгүй болсон нь нөлөөлсөн байх магадлалтай гэв.
Судлаачдын дүгнэж буйгаар, нормандын дөрвөл өөр өөр байр суурьтай байна. Тэд дөрвүүлээ Минскийн хэлэлцээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн цагт, ахиц дэвшил гарна гэв. Гэхдээ Украин энэ удаад чадахгүй байна гэлээ.
Үүнээс гадна, Вашингтон Москвад улс төрийн дарамт үзүүлэх үүднээс Оросын хил дээр тогтворгүй байх нь тэдэнд ашигтай. Киевын элитүүд дотоод асуудлаас украинчуудын анхаарлыг сарниулахын тулд дайныг ашиглаж байна. Европын холбоо түншлэлийг сонирхож байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь Европын бүрэн эрхт байдал 100 хувь АНУ-аас хараат бус байж чадахгүйд оршиж байна гэж судлаачид энэ удаагийн чуулганыг дүгнэн хэлэв.