Олимпийн тамирчдаа олуулаа дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Олимпийн тамирчдаа олуулаа дэмжив

Олимпийн тамирчдаа олуулаа дэмжив

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын үйл явдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд хэдийнэ өртөөд арваад хонож байна. Ази тивд гурав дахь удаагаа болж буй “Пёнчан 2018” наадам өндөрлөхөд зургаан өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Өдрөөс өдөрт сонин ихтэй наадам монголчуудын хувьд ч содон бас дэмжлэг ихтэй наадам байлаа. 

Хамгийн анх удаа буюу 1964 оны нэгдүгээр сарын 29-өөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн IX наадамаас Монголын өвлийн олимпийн түүх эхэлсэн. Анхны наадамд гүйлтийн цана, биатлон, гүйлтийн тэшүүрийн төрөлд Монгол Улсын тамирчид өрсөлдөж, олимпийн өрсөлдөөнийг эхлүүлсэн нь түүхийн хуудаст тод үлджээ.

Өвлийн олимпийн наадамд оролцогчид сүүлийн жилүүдэд эрхийн нормативийг биелүүлэн оролцдог болсон. Ингэснээр манай тамирчдаас гүйлтийн цаначид “Нагано 1988” наадмаас эхлэн тасралтгүй оролцож байна. Энэ удаагийн Пёнчаны наадамд ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар сар шинийн баярын өдрүүдэд тэмцээндээ оролцож, монгол түмнээ баярлууллаа.

Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд 21:52.1 минутын амжилтаар 90 тамирчнаас 84-р байрт орсон. Түүний хувьд “Сочи 2014” наадамд оролцож байсан туршлагатай тамирчин юм. Мөн өнгөрсөн онд “В” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монгол Улсын цанын спортын түүхэнд онцгой амжилт үзүүлсэн.

Б.Ачбадрах энэ удаагийн наадмын тугчаар сонгогдсон. Тэрбээр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд 119 тамирчнаас 97-р байрт орохдоо 41:40,4 минутын амжилтыг үзүүлсэн. Гэхдээ тэрбээр “Ванкувер 2010” өвлийн олимпийн XXI наадамд үзүүлж байсан ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулж чадсан нь бас нэгэн түүхэн амжилт болж үлдлээ. Х.Хаш-Эрдэнэ ч энэ удаагийн наадамд дасгалжуулагчаар ажилласан юм.

Харин тамирчдаа дэмжихээр БНСУ-ын өнцөг буланд амьдардаг монголчууд олноороо ирж дэмжлэг үзүүлж байсан нь бахархах сэтгэлийг төрүүлж чадлаа. 

Олимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн болж буй Алпенсиагийн цанын талбайд “Халуун элгэн нутаг” дуу цуурайтаж, халуун алга ташилтан дунд “урагшаа”, “хүчтэй байгаарай”, “манай тамирчид”, “Монгол” хэмээн урмын үг харамгүй сонсогдож байсан нь баг тамирчдын хувьд ч бахархалтай байсныг дуулгаж байлаа.

Тамирчид маань барианд орж ирсний дараа “Биднийг дэмжихээр ирсэн та бүхэндээ баярлалаа. Олон түмнийхээ дэмжлэгийг харах сайхан байлаа.” гэдэг талархлын үгийг хэлж байв.

 

Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ, МОНГОЛ ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж