БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам ирэх ням гаригт өндөрлөнө.
Дөрвөн жилийн өмнө Сочид өвлийн олимпийн XXII наадмыг зохион байгуулж байсан ОХУ-ын баг тамирчид энэ удаа Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож байгаа. Тэгвэл олимпийн наадмын нээлтийг кёрлингийн холимог хосын төрөл эхлүүлсэн бөгөөд медальтнууд өнгөрөгч долоо хоногт тодорсон. Харамсалтай нь энэ төрөлд хүрэл медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Александр Крушельницки, Анастасия Брызгалова нараас сэргээш илэрчээ. Тодруулбал, өдгөө сошиал ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ алдаршаад байгаа Анастасия Брызгаловагийн нөхөр Крубшельницкигаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Өнөөдөр дараагийн шатны шинжилгээний хариу гарах бөгөөд сэргээш хэрэглэсэн эсэх нь тодорхой болох аж.
Хэрвээ ОХУ-ын хосоос сэргээш илэрсэн гэсэн хариу гарах юм бол Норвегийн тамирчид хос хүрэл медалийн эзэд болно. Кёрлингийн холимог хосын тэмцээн хоёрдугаар сарын 8-13-ны өдөр болсон. Энэ наадмаас эхлэн холимог хосын төрлийг шинээр оруулсан бөгөөд ийнхүү ОХУ-ын хос сэргээшийн асуудалд холбогдлоо. Сэргээшийн асуудлаас болж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй оролцож байгаа хойд хөршийн тамирчид энэ удаагийн наадамд амжилттай оролцож байгаа ч хараахан алтан медаль аваагүй байна.
Оросын олимпийн багаас одоогоор 3 мөнгө, 8 хүрэл медаль авснаар медаль хүртсэн орны жагсаалтад 20-д бичигдэж байна.
“Пёнчан 2018” наадам эхэлснээс хойш сэргээшийн асуудал хоёр удаа бүртгэгдлээ. Өмнө нь Японы гүйлтийн тэшүүрийн тамирчнаас сэргээш илэрч Пёнчаны наадамд оролцох боломжгүй болсон юм.