Оросууд биатлоны төрөлд анх удаа медальгүй үлдэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросууд биатлоны төрөлд анх удаа медальгүй үлдэхэд ойрхон байна

Оросууд биатлоны төрөлд анх удаа медальгүй үлдэхэд ойрхон байна

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн наадмын биатлоны ганцаарчилсан төрлүүд өндөрлөсөн бол одоо багийн холимог болон багийн уралдаанууд үлдсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн холимог уралдааны урьдчилсан гараа болно. 

Биатлоны спортод Оросууд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн. Скво-Валлигийн олимпийн наадмын хөтөлбөрт анх биатлоны спорт багтахад А.Привалов хүрэл медаль хүртсэнээс хойш 2014 оны Сочигийн олимп хүртэл Оросууд биатлоны спортоор медалийн буухиагаа таслаагүй явж ирсэн. Гэвч энэ удаа Пёнчаны цасан цагаан зам дээр Оросын тамирчид амжилт муутай оролцож байна.

Оросын олимпийн багийн биатлоны эмэгтэй төрөлд Т.Акимова, У.Кайшева, эрэгтэй төрөлд А.Бабиков, М.Елисеев нар оролцож байгаа ч хамгийн өндөр амжилтыг Т.Акимова үзүүлж эмэгтэй 15 км-н хувийн гарааны 15-р байранд орсон. Үүгээр Оросуудын Пёнчаны олимпийн наадмын биатлоны спортын ганцаарчилсан уралдаанууд өндөрлөсөн. Одоо холимог багийн болон буухиа уралдаанууд үлдсэн. Гэвч багийн буухиа уралдаанд бүтэн баг бүрдэхгүй тул ердөө холимог багийн төрөлд л өрсөлдөнө. Холимог багийн бүрэлдэхүүнийг харвал медалийн төлөө өрсөлдөх хангалттай бүрэлдэхүүн биш гэж хэлж болно.

Пёнчаны олимпод Оросуудаас А.Шипулин, А.Воков, М.Цветков биатлончид ирж чадаагүй. Хэрвээ биатлоны тамирчид бүтэн багаараа ирсэн бол ганцаарчилсан төрөлд медаль хүртэх боломж бага боловч багийн буухиа уралдаанд медаль хүртэх боломжтой байсан болов уу?

Оросуудын допингийн асуудал, гадаадын шилдэг мэргэжилтнийг хөөн явуулсан мөн шилдэг биатлончоо өөр улс руу илгээсэн зэрэг асуудлууд биатлоны спортын амжилтанд сөргөөр нөлөөлж олимпийн түүхэнд анх удаагаа биатлоны төрөлд медальгүй үлдэхэд ойрхон ирээд байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж