Цаа бугын тоо толгой өсөж 2000-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Цаа бугын тоо толгой өсөж 2000-д хүрчээ

Цаа бугын тоо толгой өсөж 2000-д хүрчээ

Сар шинийн босгон дээр өнөө жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас улсын тэргүүний цаачин тодорчээ.

Ч.Батбаяр өнгөрсөн онд 150 цаа буга тоолуулсан үзүүлэлтээр анхны “Улсын тэргүүний цаачин” цол хүртсэн байна. Тэрбээр 2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цолыг тус бүр хүртсэн бол энэ удаад улсын тэргүүний цаачин болсон аж.

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг ч тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг.

Цаа бугын тоо толгой 1994 онд 400 гаруй тоо толгойд хүрч устах аюул нүүрлэн цөөрөөд байсан бол одоо 2159 хүрч өсчээ.

Энэ нь төр засгаас цаа бугын тоо толгойг өсгөх бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотой аж.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Уг зарлигийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар цаатан иргэд 2013 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэмж авдаг болсон юм. Ингэхдээ 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгодог болсон билээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж