Улаан асрын зүүд (57-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (57-р бүлэг)

Улаан асрын зүүд (57-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Тавин долдугаар бүлэг

УХААЛАГ ЗЫ ЖЮАНЬ УЯН СЭТГЭЛЭЭР ШУНАХАЙ ХӨВҮҮНИЙГ ТЭНСЭЖ, ЭНЭРЭЛТ И МА УРАН ҮГЭЭР БУРАНГУЙ ОХИНЫГ ЭНХРИЙЛЭВ

Өгүүлэх нь: ээжийгээ дуудлаа гэхээр Бао Юй санд мэнд гүйж хүрвэл, түүнийг дагуулж Жэнь Фүрэньтэй золгохоор хамт явах гээд хүлээж байжээ. Бао Юй яаран эргэж хувцсаа солиод тийш нь явлаа. Жэнь овогтны гэр хүрээг үзвэл, Рун, Нин хоёр ордныхоос илүү сүртэй мэт харагдах боловч үнэндээ нэг их зөрөөгүй ажээ. Ярьж хөөрч байвал үнэхээр нэг Бао Юй бий гэнэ. Жэнь Фүрэнь, Бао Юйг нэг өдөр энд бай. Тэр ирнэ гэхэд нь тэрбээр итгэсэнгүй. Орой эргэж ирээд Ван Фүрэнь, дээд зэргийн найрын ширээ зэхүүлж, нэрд гарсан ший авчран Жэнь Фүрэний гэргий охин хоёрыг залжээ. Хоёр өдрийн дараа эх охин хоёр ажилдаа яаран буцав.

Бао Юй өнөөдөр Шян Юний бие овоо болсныг хараад Дай Юйг эргэж очив. Дай Юй энэ үед үдийн нойр авч байсан учир түүнийг сэрээсэнгүй. Зы Жюань эргэдэг саравчинд юм оёж байхыг хараад дэргэд нь очиж: “Өчигдөр шөнө цаадах чинь аль хэр ханиалгав” гэж асуусанд: “Гайгүй шүү” гэв. Бао Юй: “Бурхан минь, түргэн сайн болоосой” гэсэнд цаадах нь: “Чиний бурханд залбирах чинь сонин байна шүү” гэв. Бао Юй: “Өвчин олбол, эмчийг шалгахгүй” гэгч энэ дээ гэснээ, түүний өмссөн хөвөнтэй хар дурдан оготор цамц, нимгэхэн хөх дурдан уужтай байхыг харж нэг илж үзээд: “Энэ салхины зам дээр ийм нимгэн хувцастай байж өвдвөл улам л бэрх болно шүү. Тэнгэр бас муухай байна” гэсэнд цаадах нь:

-Үүнээс хойш бид ам хэлээр ярьж болохоос биш гар хөл хөдөлгөж болохгүй. Цөмөөр нас бие гүйцсэн тул хүн харвал эвгүй. Тэр дундаа чамайг л илүү үзнэ шүү цаадуул чинь. Чи ер нь санаа авахгүй хүн юм. Одоо багын ёсоор аашилж болохгүй. Битгий чамтай инээж наад гэж манай авхай дандаа сануулдаг шүү. Ойрноос чамайг түүнтэй уулзахаар ирэхэд, зайлах гээд бас завдахгүй байтал… гэсээр зүү утсаа хурааж аваад явав. Бао Юй энэ байдлыг үзээд, толгой руугаа хүйтэн ус цутгуулсан мэт болж, дэмий л хулс харан мэлрэв. Жөү мөөмөө шороо гишгэн хулс тарьж, навчийг нь шүүрдэж харагдана. Бао Юйн хийморь сүлд агшин зуур унасан мэт болж хэсэг чулуун дээр алмайран сууж байснаа нулимс унагав. Удтал сууж элдвээр эргэцүүлэн бодоод учир ухааныг нь олсонгүй.

Энэ үед Шюэ Янь, Ван Фүрэний тэндээс орхоодой аваад явж байтал тоорын модны доорх чулуун дээр нэг хүн, эрүүгээ тулж мэлрэн суугааг олж хараад ажиглавал Бао Юй байв. Тэрбээр дотроо гайхаж “Энэ хүйтэнд ганцаараа юу хийж суугаа юм бол доо. Гэм архагтай хүний хуучин өвчин бол хаврын ийм л өдөр хөдөлдөг юм даа. Үүний мэлрэх хуучин өвчин нь дахисан юм болов уу” гэсэн шиг бодоод дэргэд нь ирж явган суугаад: “Юу хийж байгаа юм бэ” гэж асуусанд, Бао Юй цочмоглон: “Чи бас энд юү хийж явна вэ. Чи чинь охин биз дээ. Тэр нэгэнт сэжиг ажгийг хичээж, намайг битгий тоож үз гэж та нарт хэлж байхад чи бас надтай байж хүнд харагдвал хэл аманд орох биш үү. Харь, харь” гэв. Шюэ Янь энэ үгийг сонсоод: “Дай Юйтэй муудалцсан юм байхдаа” гэж бодоод дорхноо холдов. Тэгээд авч явсан орхоодойгоо Дай Юйд өгөх байтал тэрбээр сэрээгүй гэхээр Зы Жюаньд өгөв. Тэрбээр: “Тайтай юу хийж байна вэ” гэж асуусанд Шюэ Янь:

-Тайтай бас үдийн нойрноос сэрээгүй байна. Би удаан хүлээсэн. Эгчээ, би чамд нэг инээдтэй юм хэлье. Би тайтайг босохыг хүлээх зуураа Юй Чуань эгчтэй хамт доод гэрт сууж байтал Зоу бага эхнэр намайг даллав. Би очоод “Юү гээв” гэсэнд, тэр харин тайтайгаас чөлөө гуйж, дүүгийнхээ шарилыг манаад маргааш гаргахаар болжээ. Түүний бяцхан инж Жи Шян өмсөх хувцасгүй тул миний цэнхэр дурдан богино цамцыг хэрэглэе гэнэ. Би бодлоо. Тэд цөмөөр хоёр зах хувцастай байтлаа, тэнд очиход элэгдэнэ гэж хайрлаад бусдынхыг зээлж байгаа юм байхдаа. Миний хувцсыг аваад хиртээж гэмтээх нь ч гайгүй байх л даа. Ганцхан тэд бидэнд ямар тус хүргэх вэ гэж бодсоноо: “Би хувцас, засал чимгээ цөмийг Зы Жюань эгчид хадгалуулчихсан. Тэгэхээр урьдаар түүнд хэлэх болно. Бас авхайд хэлнэ. Олон яршиг байна. Настан та нарын явдалд саад болох тул өөр хүнээс зээлбэл яасан юм” гэв. Зы Жюань инээж:

-Энэ бэлтрэг бас ухаантай юм. Чи өгөхгүй мөртөө авхай, бид хоёр руу түлхэж байна. Хүн чамд гомдохгүй. Тэр одоо явна уу. Маргааш явна уу. Ямар хамаатай юм гэв. Шюэ Янь: “Авхай бас л сэрээгүй юү. Хэн Бао Юйг уурлуулчихав. Тэр гадаа суугаад уйлж байна” гэсэнд цаадах нь: “Хаана байна вэ” гэв. Шюэ Янь “Чинь Бан танхимын арын тоорын модны доор байна” гэв. Зы Жюань сонсуут зүү утсаа тавиад Шюэ Яньд: “Дуудаж барихыг хичээн сонсож бай. Намайг асуувал одоохон ирнэ” гээрэй гээд гарч шууд Бао Юй руу явав. Түүний дэргэд очоод инээн:

-Би хэн алинд тустай болов уу гэж бодоод тийм үг хэлсэн төдийд чи уурлаад, энэ жаварт сууж байгаад өвчин олбол яах юм бэ гэж асуув. Бао Юй:

-Хэн уурласан юм бэ. Би чиний хэлснийг сонсоод зүйтэй санагдсан л даа. Та нарын ийн хэлэхийг өөр хүн бас хэлэх нь лавтай гэж бодсон. Тийнхүү яван явсаар намайг тоох хүнгүй болоход хүрнэ гэж бодоод зүрх шимширсэн шүү гэв.

Зы Жюань түүний хажууд зэрэгцэн суусанд Бао Юй инээж: “Саяхан дэргэдээ суулаа гэж зугтсан хүн одоо яагаад цуг суух болов” гэсэнд цаадах нь: “Чи мартаа юү. Хэдэн өдрийн өмнө та эгч дүүстэйгээ ярилцаж суухад чинь Зоу бага эхнэр орж ирснийг. Би сая түүнийг гэртээ байхгүйг дуулаад чамаас асуухаар ирлээ. Тэгэхэд чи түүнтэй нэг цагаан үүр гэж дурсаад цааш нь яриагүй. Дахиад ч ярихгүй болохоор чинь асуумаар санагдаад байх юм” гэсэнд Бао Юй: “Тэр чинь тийм чухал юм биш. Тэр “Цагаан үүрийг” идвэл тасалж болохгүй юм гэнэлээ. Бао эгч бол тэр үед манайд орж ирээд л байсан юм. Дандаа түүнээс авах эвгүй. Бас тайтайгаас авах ч бас тусгүй. Харин Лао тайтайд би бага сага цухуйлгасан юм. Түүнийг Фэн эгчид хэлсэн байхаа. Би түүнд хэлж байсан ч гүйцэт хэлээгүй л дээ. Одоо нэгэнт өдөр бүр танд нэг лан өгч байна гэсэн болохоор тэр тэгээд л дууссан юм” гэсэнд Зы Жюань: “Чи санаачилж, цааш цааш нь хэлж өгсөнд баярлалаа. Гэнэтхэн өдөр бүр нэг лан цагаан үүр өгөх болов гэж дуулаад бид гайхаж байсан юм. Ийм учиртайг мэдсэнгүй” гэв. Бао Юй инээж: “Түүнийг таслалгүй хоёр гурван жил идэж дасвал сайн гэх юм билээ” гэсэнд, цаадах нь:

-Энд идсээр дасаад, хойтон жил харивал, түүнийг олж идэх зоос хаана байна вэ гэсэнд Бао Юй цочиж:

-Хаашаа харих нь вэ гэв. Зы Жюань:

-Охин дүү чинь, Су Жөүдаа харина гэв. Бао Юй инээж:

-Дэмий юм битгий ярь. Түүний нутаг тэнд байх боловч ээж нь үгүй болоод харж хандах хүнгүй болохоор нь энд авчирсан юм. Хойтон болохоор хэнийг эрж тэнд очих юм бэ. Чи худал хэлж байгаа чинь ингээд л тодорхой бишүү гэсэнд цаадах нь хүйтнээр инээж:

-Чи хүнийг доромжилж байна. Ганцхан танай Жя овогтны их айл л садан сүлбээ олонтой, бусад нь бол эцэг эхээс өөр төрөл садангүй байдаг юм уу? Манай авхайг анх ирэхэд, Лао тайтай түүнийг бага балчир гэж өрөвдөөд, хэдийгээр авга ах нар нь байвч төрсөн эцэг эхэд нь хүрэхгүй гээд энд хэдэн жил суулгаж байгаа юм. Насанд хүрч, бэр болохоор мордох үед Линь овогтонд нь буцаах нь лавтай. Линь овогтны охин, танай Жя овогтны гэрт насаараа суух ёс байна уу. Линь овогтон хэдий ядуурч хоолгүй болсон ч бас бичиг судрын уламжлалтай удамт угсаа тул өөрийн үр ач нараа саднаа хаяж элэг доог болгохгүй шүү. Завдвал ирэх хавар, хожуудаа намар эндээс хүргэж өгөхгүй гэхэд тэндээс хүн ирж аваачна. Бага байхдаа, тоглож наадаж байсан зүйлээсээ чамд өгснийг эрж олоод авчир гэж авхай урьд шөнө надад захисан. Тэрбээр бас чиний өгсөн зүйлийг цуглуулж байгаа гэв.

Ийм үг сонсоод Бао Юй догшин аянгад ниргүүлсэн мэт болов. Түүний юү гэхийг удаан хүлээсэн авч огт дуугарсангүй. Дахиад юм асуух гэтэл Чин Вэнь ирж: “Чамайг Лао тайтай дуудаж байна. Энд байсан юм уу” гэсэнд Зы Жюань инээж: “Энэ надаас манай авхайн байдлыг асууж байна. Би амаа цангатал хэлсэн боловч итгэхгүй л байх шиг. За чи үүнийг аваачтугай” гэв. Чин Вэнь, түүний хөлс гарч, нүүр царай нь улайсныг хараад яаран гараас нь хөтөлж Эй Хүэн Юань хүрээлэн рүү явав. Ши Рэнь сандарч, гадаа даарч, хямраа юу гэв. Бао Юй халуурсан төдийгүй, хоёр нүд гөлрөн, ам жавжаар нь шүлс савирч, ухаан нь ээдий бүүдий байх шиг байв. Түүнд, дэр тавьж өгвөл хэвтэж, түшиж босговол сууж, цай өгвөл ууна. Энэ байдлыг хараад цөмөөрөө сандарч байсан ч юуны тухад хүрэлгүй Жя Мүд хэлэхээ тэвчиж байв. Хүн явуулж Ли мөөмөөг дуудуулав. Тэрбээр төдөлгүй ирээд, хэдэн юм асуусанд хариу өгсөнгүй. Судсыг нь барьж, уруулыг нь чимхэж, хумс шигтгэж үзэхэд өвдөхөө мэдэхгүй байв. Ли мөөмөө: “Биш болжээ, бурхан минь” гээд толгойг нь тэврэв. Ши Рэнь сандран түүнийг татаж: “Таны бодлоор ямар байна. Та хэлээч. Бид Лао тайтайд очиж хэлье. Та юунд уйлаад байна” гэсэнд Ли мөөмөө, дэр дэвсгэрийг нь гараар шааж нудчин: “Энэ горьгүй болжээ. Би нэг насаараа талаар зүдэрчээ” гэв. Ши Рэнь түүнийг настай хүн юм мэднэ гэж бодоод залж авчирсан бөгөөд одоо тэрбээр ийн өгүүлэхэд нь үнэмшиж, уйлж эхлэв. Чин Вэнь, гадаа болсон явдлыг Ши Рэньд ярив. Тэрбээр яаран гүйж Шю Шян гуаньд очвол Зы Жюань, Дай Юйд эм уулгаж байв. Ши Рэнь шууд л: “Чи манай Бао Юйд юу ярьсан юм бэ. Одоо чи очоод үз. Дараа нь чи Лао тайтайд очиж хэлээрэй. Надад энэ явдал хамаагүй шүү” гэсээр сандалд суув. Ши Рэнь ихэд уурлан, уйлсан янзтай, ааш зан нь өөр болсныг хараад Дай Юй: “Юу болсон бэ” гэж асуутал цаадах нь: “Энэ Зы Жюань юу ярьсаныг мэдэхгүй боловч нэг тусгүй юм хэлсэн байна. Тэр тэнэгийн нүд нь гөлийгээд, гар хөл нь хөрөөд, үг дуугарахаа болилоо. Хөхүүл эх нь энд тэндээс нь хичнээн чимхэвч өвдөхөө мэдэхээ байжээ. Бараг л амьсгал нь тасарчээ. Ли мөөмөө: “Болохоо больжээ” гээд дуу тавин уйлж байна. Энэ хэр бараг үхсэн байхаа” гэв. Дай Юй, тэр хашир хүн, Ли мөөмөө л болохоо байлаа гэснээр бодоход лавтай аргацаалгүй болж дээ гэж сануут уусан эмээрээ бөөлжиж эхлэв. Тэр дороо уушиг зүрх таван цул, гэдэс ходоод нь хямарч, хэд ханиагаад царай нь хөхрөн, гэзэг үс нь саарайж, нүд нь цэлхрэн, бие нь суларч өндийж чадахаа болив. Зы Жюань ирж нурууг нь дарж эхэлтэл түүнийг цааш түлхэн: “Чи дараад хэрэггүй дээс авчраад намайг шууд боомилон алчих” гэв. Зы Жюань, Ши Рэньд: “Би түүнд юу ч хэлээгүй. Зүгээр л нэг тоглоомын үг хэлсэнд тэр үнэмшчихэж л дээ” гэв. Ши Рэнь:

-Цаад тэнэгээ чи, тоглоом наадмын үгийг дандаа үнэмшдэгийг мэдэхгүй гэж үү гэсэнд Дай Юй:

-Чи юү гэсэн юм бэ. Чи шалавхан очиж, түүнээ тайлбарлан хэлбэл сэргэж магадгүй шүү дээ гэсэнд Зы Жюань яаран Ши Рэний хамт хүрээлэн рүү явав. Тэр хоёрыг очиход Жя Мү, Ван Фүрэнь нар хэдийн ирсэн байв. Жя Мү нүдэндээ хилэнгийн оч үсэргэн Зи Жюанийг хараад:

-Өлөгчин чи, энүүнд юу хэлсэн юм бэ гэж зандарсанд цаадах нь айн сандарч:

-Нэг тоглоомын үг л хэлсэн юм гэв. Харин Бао Юй түүний дууг сонсоод, ёо гэж бархиран уйлсанд бүгд тайвширав. Жя Мү: “Зы Жюань л Бао Юйг гомдоож” гэж бодоод түүнд бурууг хүлээлгэх гэж гараас нь таттал Бао Юй гараас нь зуураад:

-Явбал намайг аваад яваарай гэж хэлэв. Бүгд гайхацгааж нарийвчлан асуугаад, Зы Жюань: “Мөд Су Жоудаа буцнаа” гэж хэлсэнээс болжээ гэж ойлгоцгоов. Жя Мү нулимс унагаж:

-Би ямар их хэрэг гарсан юм бол гэж санасан юм. Тэгсэн чинь тоглоомын үг байсан юм байна гээд Зы Жюаньд хандаж, чи сэргэлэн ухаантай хүн байж, үүний буруу зөрүү ойлгож уймардгийг мэдсээр байж, яах гэж хуурч айлгасан юм бэ гэж анхааруулав. Шюэ Има ятган хэлсэн нь:

-Бао Юй угаас цайлган сэтгэлтэй хүн. Түүн дээр Линь авхай энэ хоёр чинь хар багаасаа хамт байж дассан учраас бусад эгч дүүсээс өөр байх нь аргагүй юм. Одоо гэнэт нэг нь явна гэвэл, энэ цагаан сэтгэлт тэнэг хөвгүүнийг байтугай хатуу сэтгэлтэй том хүнийг ч үймүүлнэ шүү. Энэ маань, нэг их аюулт өвчинтэй болоогүй учир Лао тайтай бусад тайтай нар минь тайван байцгаа. Тайвшруулах хэдэн эм уучихвал энэ маань сайн болно доо гэж хэлэв.

Энэ үед хүн ирж: “Линь Хишиюгийн эхнэр, Лайдаагийн эхнэр “Агийг эргэж ирлээ” гэсэнд Жя Мү: “Тэдний санаа зовсон байна. Оруулж үзүүл” гэв. Харин Бао Юй, Линь гэдэг үгийг сонсмогц, орон дээрээ тийчигнэн самардаж: “Оруулж болохгүй. Линь овогтныхон, түүнийг аваачихаар ирж байгаа юм. Түргэн хөөж гарга” гэсэнд Жя Мү түүний үгийг дагуулж: “тиймээ тийм, оруулаад яахав” гэснээ: тэр Линь овогтын хүн биш, Линь овогтон үхэж дууссан. Түүнийг ирж аваачих хүн байхгүй. Чи санаа амар бай гэж хэлэв. Бао Юй:

-Линь охин дүүгээс бусад хүн Линь гэж овоглож болохгүй гэсэнд Жя Мү:

-Линь овогт ирэхгүй. Линь овогтон ирвэл цөмийг хөөж гаргана гэхэд бүгдээр дэмжсэнд тэрбээр үүнээс хойш Линь Хишиюгийн эхнэрийг хүрээлэнд битгий оруул. Та нар бас “Линь” гэх үгийг битгий дурдаж бай. Хүүхдүүд минь, энэ үгийг санагтүн гэсэнд хүмүүс инээдээ дарж ядан: “За мэдлээ” гэцгээв. Төдөлгүй Бао Юй, хоргой халхавч дээрх хөндлөвчид тавьсан орос гүрний усан онгоцны зургийг заагаад: “Тэднийг аваачих онгоц тэр биш үү. Тэр л зогсож байна шүү дээ” гэж дэмийрсэнд Жя Мү: “Түүнийг авч хаятугай” гэсэнд Ши Рэнь санд мэнд буулгаж авав. Тэгтэл Бао Юй: “Алив наашаа өгөөтэх” гэхээр нь өгсөнд тэрбээр хөнжилдөө хийгээд “Одоо явж чадахгүй болсон” гээд хөхөрснөө Зи Жюанаас зуурав.

Энэ үед “Эмч ирлээ” гэх үг сонсогдтол Жя Мү: “Хурдан оруул” гэв. Ван Фүрэнь, Шюэ Има, Бао Чай нар дотоод өрөөнд ортол Жя Мү, Бао Юйгийн дэргэд очиж суув. Ван эмч орж ирэв. Тэрбээр урьдаар Жя Мүгийн мэндийг мэдээд Бао Юйгийн судсыг барив. Энэ үед Зы Жюань толгой бөхийн зогсоно. Эмч:

-Эрхэм ахын энэ өвчин бол гэнэт цухалдсанаас болж дотор нь муухай болжээ. Эртний хүний үг байдаг юмаа. Цэр гарахгүй байхад хоёр зүйл бий. Хий цус бууран, идэш ууш эс шингэснийх байна. Бас уурлан бачимдсанаас болсон нь байна гэж байдаг. Энэ бол цэр хаагдсан өвчин мөн болох бөгөөд хажуугаар нь уурлан бачимдсанаас болжээ. Түр зуурын хаагдал төдий тул бусад зүйлээс овоо хөнгөн байна гэсэнд Жя Мү: “Энэ чинь аюултай юм уу, аюулгүй юм уу чи түргэн хэлээч. Хэн эмийн чинь судрыг сөхөж байна вэ” гэж асуув. Ван эмч санд мэнд мэхэлзэн инээх царай гаргаад: “Зүгээрээ, хамаагүй” гэсэнд Жя Мү: “Үнэхээр хамаагүй юү” гэж лавлав. Эмч: – Үнэхээр хамаагүй. Өчүүхэн би мэдсүгэй гэв. Жя Мү:

-Тийм бол гадаа гарч жороо бичтүгэй. Эмийг чинь уугаад сайн болбол би тусгай бэлэг бэлтгэж, энүүгээр илгээж мөргүүлнэ. Өвчнийг саатуулахад хүрвэл би танай эмчийн явдлын яамны их танхимыг чинь очиж нураана гэсэнд Ван Эмч мэхийн инээмсэглээд:

-Хүртэж чадахгүй, чадахгүй гэв. Тэрбээр “Дээд” бэлэг зэхэж Бао Юйг илгээн мөргүүлнэ” гэснийг нь сонсоод л “Бэлэг хүртэж чадахгүй” гээд байснаас биш Жя Мүгийн “Их танхимыг чинь нураана” гэсэн тоглоомын үгийг анзаараагүй ажээ. Түүнийг “Хүртэж чадахгүй” гээд мэхэлзээд байхаар нь тэд нар хөхрөлдөв.

Төдөлгүй эмчийн жор ёсоор эм бэлтгэн буцалгаж уулгасанд Бао Юй үнэхээр түргэн сэргэснээр барахгүй урьдаасаа дээрдэв. Тэгсэн хэр нь Зи Жюанийг тавихгүй “Тавиад явуулчихвал Сү Жөү-д явчихна” гэсэн янзтай болохоор нь, Жя Мү, Ван Фүрэнь нар Бао Юйг түүгээр сахиулж оронд нь Ху Баг Дай Юй рүү явуулав. Дай Юй бас байн байн Шюэ Янийг явуулж мэдээ чимээ сонсож байв.

Энэ шөнө Бао Юйн бие нилээд засрав. Жя Мү, Ван Фүрэнь нар гэртээ харьсан боловч хэдэнтээ хүн илгээн асуулгажээ. Ли Мөөмөө зэрэг хэдэн эмгэн шөнөжин харж Зы Жюань, Ши Рэнь, Чин Вэнь нар дэргэд нь сахиж хонов. Заримдаа Бао Юй зүүднээсээ цочин сэрж, Дай Юй явчихсан уу, аваачих хүн ирэв үү гээд уйлж бархирна. Тэр болгонд Зы Жюань ятгахаар зүгээр болно.

Энэ үед Жя Мү юү гэж зүгээр суух ва. Гажууг арилган сүнс тогтоох үрэл, сүвийг нээж ухаан оруулах нунтаг мэтийн олдошгүй үнэтэй ховор эмийг жорын ёсоор уулгаж, бас өдөр бүр Ван эмчийн эмийг хүртүүлснээр түүний бие бузгай болов. Энэ хэр Бао Юй дотроо ойлгоод зүгээр болсон боловч Зи Жюанийг явуулахгүй гэж элдэв ааш маяг гаргана. Зы Жюань ч үнэхээр их гэмшсэн учир одоо хэдий түүнийг өдөр шөнөгүй сахиж ядравч гомдох санаа огтгүй ажээ. Ши Рэний сэтгэл санаа ч уужирч Зи Жюанийг хараад инээж:

-Чиний өдөөсөн өвчин болохоор чи асрахаас яахав. Чи ямар манай энэ ноёны “Могой байна гэвэл үзнэ. Хүн үхжээ гэвэл үнэртэнэ” гэдэг занг мэдэхгүй биш. Ер нь хожим чухам яавал зохих вэ гэж асуув. Цаадах нь үг дуугүй бодлогоширно.

Энэ үед Шян Юний бие сайжраад өдөр болгон Бао Юйг эргэж ирнэ. Түүний ухаан мэдрэл хэвдээ орсныг үзээд, тэрбээр өвчтэй байхдаа, дүрсгүй муухай аашилсныг ярихад, огт мэдэхгүй мөртөө элгээ хөштөл хөхөрнө. Тэгсэн атлаа бас итгэхгүй. Хүнгүй үед Зи Жюаний гараас бариад шалгаана.

-Чи ер нь яах гэж намайг айлгасан юм бэ?

-Зүгээр л хуурч тоглож байхад чи итгэчих юм.

-Чиний хэлж байгаа үг үнэмшим баримттай болохоор тоглоом гэж болохгүй.

-Түүнийг чинь, би цөмийг зохиосон юм. Линь овогтон гэж байхгүй болсон шүү дээ. Хэрэв байвал дэндүү олон үеэр холдсон байна. Тэднийхэн олон мужаар тарж тэнээд Су Жоуд байхгүй болсон. Хэрэв түүнийг аваачихаар хүн ирлээ гэхэд Лао тайтай явууллаа гэж үү.

-Лао тайтай өгөөд явууллаа гэхэд, би явуулахгүй юм чинь.

-Чи явуулахгүй юу. Хоосон үг биш биз. Одоо чи том боллоо. Бэр хүртэл хэлэлцэж тогтсон тул хэдэн жилээс түүнийгээ буулгаж авбал, бусдыг ч харахгүй болно доо.

-Хэн бэр тогтсон юм бэ. Хэнтэй тогтсон юм бэ.

-Лао тайтай нэгэнт Чинь охиныг сонгож тогтов гэж цагаан сараар би сонссон л юм даа. Тийм биш бол яагаад түүнийг тэгж их хайрлана вэ.

-Бүгдээр намайг тэнэг гэдэг. Чи харин надаас илүү тэнэг юм. Зүгээр нэг тоглоомын үг төдий юм шүү. Түүнийг одоо нэгэнт Мэй овогт бичгийн утгачид өгөхөөр тогтжээ. Үнэхээр түүнийг гуйж тогтсон бол би бас ийнхүү маяглана гэж үү. Урьд би ам алдан тангараглаж, энэ юмыг хэмхчих гэхэд чи хорьж байгаагүй гэж үү. Миний өвчин энэ хэдэн өдрөөс сая овоо гайгүй болоход чи ирж намайг зовооно. Араа шүдээ хавираад ч амар заяа үзэхгүй нь. Миний хүсэх юм, хурдан үхээд, уушиг зүрхээ уудлан гаргаж та нарт үзүүлээд, хүүр ясаа ч үлдээлгүй үнс чандруу болтол шатаагаад, утаа униар болж, дөрвөн зүг найман зовхист салхинд хөөгдөн хийсгэж арилбал сая амарна.

Ингэж хэлээд Бао Юй нулимс унагав. Зы Жюань сандран амыг нь дарж нулимсыг нь арчаад “Битгий бухимд. Энэ бүхэн намайг зовоож байсан юм. Чамд хэлж, чамайг туршсан юм” гэв. Энэ үгийг сонсоод Бао Юй ихэд гайхан: “Чи юундаа зовдог юм бэ” гэж асуусанд цаадах нь: “Би бол Линь овгийн хүн биш. Ши Рэнь, Юань Ян нартай нэг бүлэг, Намайг Линь авхайд өгөөд… тэр надад их хайртай. Цаг мөч ч салахгүй байдгийг чи мэднэ. Одоо тэр нээрэн явах юм бол би лавтай дагаж очно гэхээс зовж байна. Миний нутаг, гэр орон энд байна. Хэрэв би очихгүй гэхэд сайхан ханилсан сэтгэл минь түвдэхгүй. Хэрэв очвол гэр нутгаасаа салахад хүрнэ. Тийнхүү би гайхан гайхсаар байгаад худал үгээр чамайг тэнссэн юм. Харин чамайг тэнэгтэж, элдэв ааш гаргана гэж огт санасангүй” гэв. Бао Юй инээж: “Чи тэнэгтээ л үүний тул зовж байна. Үүнээс хойш зовох хэрэггүй. Би чамд, амьд байсан цагтаа бид хамтдаа амьдарна. Үхвэл хамт үнс тоос, утаа униар болсугай. Болох уу” гэв. Үүнийг сонсоод Зы Жюань дотроо сэмхэн бодолхийлж байтал гэнэт хүн ирж: “Хуань Лань агь хоёр амар асуухаар ирлээ” гэсэнд Бао Юй тэдний ирсэнд талархаад: “Намайг саяхан унтсан тул орж ирэх хэрэггүй гэж хэл” гэв. Эмгэнийг гарсны дараа Зы Жюань бодсоноо хэлэв.

-Чи сайн болсон тул би харьж авхайгаа асаръя.

-Тэг тэг. Өчигдөр л чамайг явуулъя гэж санасан мөртөө хэлэхээ мартжээ. Би нэгэнт илааршсан учир чи буц, буц.

Энэ үгийг сонсоод Зы Жюань юм хумаа янзлав. Бао Юй инээж: “Чиний нүүр заслын хайрцагт хэдэн толь харагдана лээ. Нэг цэцэгтэй жижгийг нь над орхичих. Хэвтээгээр нүүр харахад амар, авч явахад хөнгөн юм билээ” гэсэнд цаадах нь толио авч өгөв. Тэгээд дэр дэвсгэрээ гэртээ хүргүүлээд, нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгээд хүрээлэндээ буцав. Дай Юй энэ хооронд өвчин нэмэгдэж, уйлж унжсаар байжээ. Зы Жюанийг ирэхээр, Бао Юйг асууж бие нь бүрэн сайн болсныг дуулаад Ху Баг Жя Мүд нь буцаав. Шөнө хүмүүсийн хөл намдсаны дараа Зы Жюань орондоо ороод, Дай Юйг харан инээж сэмхнээр:

-Бао Юйгийн сэтгэл харин үнэн юм байна. Биднийг явна гэж сонсмогц, өвдөхөд хүрчээ гэсэнд Дай Юй дуугарсангүй. Зы Жюань бас дуугүй байснаа:

-Хөдлөх нь тогтоход үл хүрнэ. Манай эндэхийг сайн айл гэж болно. Бусад нь бол хялбар, Ганцхан хар багаасаа хамт өсөж, ан зангаа мэдэлцсэн нь олдошгүй юм даа гэсэнд Дай Юй нулимж:

-Чи энэ хэдэн өдөр ядраагүй юмуу. Эндээ ирснийх унтаж амрахгүй юугаа яншаад байгаа юм бэ гэв. Зы Жюань инээж:

-Би дэмий яншиж байгаа юм бишээ. Харин үнэн сэтгэлийн угаас авхайгаа санаж байна. Хэдэн жилийн турш чиний төлөө явсаар ирлээ. Аав, ээж ах дүүгүй чамайг минь, хэн чамайг хайрлан санах вэ дээ. Эртхэн Лао тайтайгийн ухаан саруул амьд сэрүүн байхад нь нэг насны хэрэг юүгээ тогтоовол зохино. Хуучин үгэнд “Тавь хүрвэл хичнээхэн явах вэ” гэж байдаг. Хэзээ нэг өдөр Лао тайтай ийм тийм болбол тэр үед хэдий хэрэг бүтэвч өдөр сарыг талаар нөхцөөгөөд өөрийн санаандаа хүрч чадахгүйд хүрнээ. Гүнгийн хөвгүүн, Вангийн ач хэдий олон боловч тэднийхэн нь тав гурван татвар сул авч, өнөөдөр зүүн тийшээ, маргааш баруун тийшээ гүйхгүй вэ. Хэдий хувилгаан дагина нэгийг буулган авчравч хоёр гурав хонохгүйгээр хойноо хаях байдаг л шүү дээ. Нэгэнт шинэд дурлан, хуучнаа хаяж урваж хөрвөөсөөр өшөөтөн болох нь альт олон байдаг. Төрхөм төрөл эрх сүртэй бол бас гайгүй, авхай мэтийн хүн Лао тайтай байсан цагт бас яамай. Түүнээс хойш мөн хүний дор дарлагдахад хүрнэ шүү. Тиймээс эртхэн бодлогоо тогтоох нь чухал байхаа. Авхай та бол хурц гэгээн хүн. “Шижир алт түмэн лан олоход хялбар, сэтгэлийг мэдэгч нэгийг олоход бэрх” гэдгийг сонссон л биз дээ гэв.

Дай Юй түүний үгийг сонсоод: “Өнөөдөр энэ охин солиорчихжээ” гэж бодоод:

-Хэдхэн өдөр яваад, яагаад өөр хүн болчихвоо чи. Би чамайг энд байлгаж чадахгүй нь. Маргааш Лао тайтайд мэдүүлж буцаая… гэсэнд Цаадах нь инээн:

-Миний хэлсэн үг цөм үнэн шүү. Чамайг дотроо бодож тунгаа гэж ятгаснаас биш, явж муу хэрэг үйлдээгүй. Лао тайтайд хэлж намайг зовоогоод чамд ямар ашиг болох юм бэ гээд унтаад өгөв.

Түүнийг хэлэхийг сонсоод Дай Юй аман дээрээ ингэж хэлсэн боловч ачир дээрээ уяран зовохгүй байж яаж чадах вэ. Түүнийг унтсаны дараа шөнө турш уйлаад үүр гэгээрэхийн өмнөхөн дугхийв.

Өглөө нь босоод, угааж арчиж дуусаад, цагаан үүрийн шөлөө ууж байтал Жя Мү эргэж ирээд баахан сургаал, захиас өгөв.

Өнөөдөр Шюэ Имагийн насны баяр болох тул, Жя Мү тэргүүтэн бүгдээр бэлэг хүргэсэнд Дай Юй юү гэж хоцрох вэ. Тэрбээр хоёр өнгийн зүү утасны бэлэг хүргэж баярын өргөлд нийлүүлжээ. Энэ өдөр нэг багахан ший авчирч Жя Мү, Ван Фүрэнийг залсанд түүнд нь Бао Юй, Дай Юй хоёр очсонгүй. Орой найр тарсаны дараа Жя Мү нар тэднийг дайрч уулзаад харьцгаав.

Маргааш нь Шюэ Има найз нөхдөө дайлах зэргээр гурав дөрвөн өдөр бужигнав. Нэг өдөр нь Шюэ Има Шюэ Көгээр олон хоршигчдоо бас дайлуулжээ. Шинь Шюянийг байдал төрх дөлгөөн тогтуун, ядуу айлд ёрог даавуу эдэлж, ёс номтой өссөнийг мэдээд Шюэ Има, Шюэ Паньдаа гуйж бэр болгоё гэж бодов. Түүний хүү бол үйл явдал хөнгөн хуумгай хүн тул хүний охиныг үгүй хийх болуузай гэж бодоод түдгэлзэж байтал гэнэт Шюэ Көгийн богтлоогүйг санахаар тэр хоёр үнэхээр эцэг тэнгэр, эх дэлхийгээс тогтоон тавьсан заяаны хоёр болох тул Фөн Жэтэй очиж зөвлөв. Тэрбээр инээж:

-Манай тайтайг баахан этгээд зантайг авга эгч ерөөс мэдэх тул би алгуур арга бодъё гэжээ. Жя Мү нэг өдөр Фөн Жег эргэж очсонд цаадах нь:

-Авга эгч одоо буурай эмээ таны гуйх нэг учиртай болсон боловч ам нээж чадахгүй байна гэсэнд Жя Мү: “Юу болоов” гэж асуув. Фөн Же бэр гуйх учрыг хэлэв. Буурай эмээ нь инээж:

-Энүүнд чинь, ам нээж ядах юм байгаа юм уу. Энэ чинь асар сайн явдал шүү дээ. Би хадам эхэд чинь хэлбэл бүтэхгүй ёс байхгүй гээд Шин Фүрэнийг дуудуулж ирүүлээд тулгаж хэлэв. Цаадах нь бодож бодож:

-Шюэ овогтны үндэс сурвалж бас болно. Одоо ч баян элбэг байсаар тул Шюэ Кэ ч хувьтай төржээ. Түүнээс гадна та бас баталж байх учир аядан нийлүүлж болно гээд толгой дохин зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. Жя Мү баярлаад Шюэ Имаг ирүүлж хоёул баахан зөвлөлдөн ярилцав. Шин Фүрэнь ч хүн явуулж Син, Зүн хоёрт хэлүүлсэнд, түүнийг түшихээр энд ирсэн тэр хоёр уухайн тас дагаж “Тун сайн” гэцгээв. Жя Мү инээж:

-Би бол саваагүйтэж самбаганах юманд дуртай шүү. Ингээд нэг хэрэг бүтээсэн тул гар цайлгах мөнгө хэдийг өгөхөө л мэдэхгүй байна гэсэнд Шюэ Има инээж:

-Үүнийг ярих юү байхав. Түмэн лан авчравч төдий л гайхалтай биш. Танаас нэг гуйх юм байна. Лао тайтай нэгэнт зууч болсон бол бас нэг худгуй байх хэрэгтэй болно гэв. Жя Мү инээн:

-Өөр нь үгүй боловч хэргийн эзэн хэнгэрэгний дохиур манайд бас хоёр байна гэсээр Ёу хатан, эх бэр хоёрыг дуудуулж авчраад, учир явдлыг хэлсэнд тэд баяр хүргэв. Жя Мү, Ёу хатанд хандаж:

-Манай гэрийн дүрмийг чи их сайн мэднэ. Худ ураг хоорондоо, сааль бэлэг, нэр нүүрийг булаалдах явдал ер гардаггүй учиртай. Чи одоо миний оронд энэ хоёр гэрийн хооронд зуучлан зөвлөж, хэтэрхий дутаахгүй ба хэтэрхий илүүдүүлэхгүйгээр эдний хэргийг бүтээгээд над хэл гэсэнд Ёу хатан “За” гэв. Шюэ Има туйлын их баярлаж, гэртээ харимагц орлогын хуудас бичүүлэн Нин Гуофүд хүргүүлэв. Шин Фүрэний зан аашийг Ёу хатан сайн мэдэх тул энэ явдалд оролцох дургүй боловч Жя Мү биеэр захисан болохоор арга буюу хүлээн авсан учир түүний санаагаар хийхийг боджээ.

Энэ үед нийтээрээ Шюэ Има, Шинь Шюянийг гуйж тогтсоныг мэдсэн тул Шин Фүрэнь түүнийг аваачиж гадна суулгая гэсэнд Жя Мү: “Энэ ямар хамаа байх вэ. Хоёр хүүхэд бас уулзахааргүй, И тайтай нэг хадам эгч, нэг хадам охин дүү нь хамт байхад болохгүй юү байхав. Цөмөөрөө охид юм чинь хоорондоо ижилдэж дасахад зүгээр шүү дээ” гэсэнд Шин Фүрэнь санаагаа буцаав.

Шюэ Кө, Шинь Шюянь хоёр аяны замд танилцсан учир бэр гуйсанд тэд дотроо бол дуртай байжээ. Харин Шинь Шюянь гэнэт хувирч бишүүрхэн, Бао Чай нартай тоглож наадахдаа гэрэвшингүй болжээ. Ялангуяа Шян Юнь инээж хөхрөх наргиж шоглох дуртай болохоор түүнээс бүр ч төвөгшөөх болов. Гэхдээ, Шинь Шюянь судар бичиг уншиж, суртал ухаанд гэгээрсэн хүн болохоор ичиж ширвээдэн, элдэв муухай аашлах хүн биш л дээ. Бао Чай, Шинь Шюяньтай учирсан цагаас хойш түүний ядмаг цөхмөгийг мэдэх болсноос гадна эцэг эх нь архины ваарт толгойгоо дүрээд охиноо хайхардаггүйг нь ойлгосон ажээ. Шин Фүрэнь бол өнгө төдий аашлахаас биш, үнэн сэтгэлээсээ биш болой. Шинь Шюянь бол тогтуун зантай, Ин Чүнь бол биеэ сайхан авч явж чадахгүй номой хүн тул юуны түүнийг хайхрахтай мантай. Тийнхүү, гэр зуурын алив эдлэл хэрэглэл дутагдвал санаж, сэдэх хүн байхгүй. Тэрбээр бас хэн хүнд ам ангайж чадахгүй. Бао Чай харин далдуур тэтгэж ирсэн боловч Шин Фүрэнийг юм сануузай гэж бодоод түүнд харуулж, сонсгох ч үгүй. Эдүгээ харин хэн ч санаж бодомгүй гэнэтийн ивгээлээр энэ ургийн хэрэг бүтжээ. Шинь Шюянь бол дотроо Бао Чайг ихэд тоож, түүнтэй хааяа юм ярихдаа, биенээ эгч дүү гэж дуудсаар иржээ.

Саяхны нэг өдөр Бао Чай, Дай Юйг эргэхээр явж байтал, Шинь Шюянь бас түүнтэй уулзах гэж яваатай таарчээ. Тэд явсаар нэг чулуун хэрмийн араар орохдоо Бао Чай: “Чи энэ хүйтэнд яагаад нимгэн хувцастай явж байна вэ” гэж асуусанд цаадах нь тонгойгоод дуугарсангүй. Тэгэхээр нь Бао Чай: “Энэ сарын мөнгөө аваагүй юү. Фэн эгч өгөхгүй байна уу” гэсэнд цаадах нь: “Фэн эгч харин мөнгийг саадгүй өгдөг юмаа. Авга эгч надад ингэж хэлүүлжээ. Сард хоёр лан мөнгө хэрэглэх ёсгүй. Нэг ланг нь эцэг эхдээ өг. Юм дутагдвал хоёрдугаар эгч чинь байгаа юм чинь, эвийг нь олоод болгож бай гэсээн. Эгч ч яахав, номхон томоотой хүн болохоор, юмыг нь хэрэглэхэд үг хэлэхгүй л дээ. Гэхдээ л, доорх шивэгчид, эмгэдийн хэн нь хошуугаа билүүдэхийг хэн мэдлээ. Би хэдий гэрт нь байгаа боловч би тэднийг зарж чадахгүй. Харин хэд гурав хоногт нэг удаа боов идүүлж, архи уулгавал зүгээр байдаг юм. Тэгж байтал өнөөх сарын хоёр лан чинь хүрэхгүй болдог. Одоо бас нэг ланг хасжээ. Би тэр өдөр хөвөнтэй хувцсаа хэдэн зоосоор барьцаанд тавьчихсан юмаа. Тэгээд л нимгэн хувцастай… гэхэд нь Бао Чай санаа алдав. Тэгээд:

-Одоо яг мэй овогтон гэр хотлоороо албаны газар яваад, дараа жил эргэж ирнэ. Энд байгаа миний Чинь дүүг бэрд мордуулаад чиний хэргийг бүтээвэл эндээс салж болно. Одоо охин дүүг мордуулахгүйгээр тэрбээр урьдаар хүүхэн богтолж огт болохгүй. Энэ бол бас нэг хэцүү явдлаа. Хэрэв хоёр жил хүлээвэл чи, энэ янзаар явж байгаад өвчин олж мэднэ. Би хариад ээжтэйгээ зөвлөж үзье гэж хэлээд, түүний хормогч дээрээ хадсан хашийг зааж: “Энүүнийг хэн өгсөн бэ” гэж асуусанд цаадах нь: “Гуравдугаар эгч өгсөөн” гэв.

Бао Чай толгой дохиод: “Хүн бүр хаш зүүгээд байхад чамд л байхгүй болохоор хүн шоолуузай гэж бодоод өгч л дээ. Тэр чинь, ухаантай, гярхай хүн шүү” гэсэнд Шян Янь “Эгч та одоо хаачна вэ” гэж асуусанд цаадах нь: “Би Шинь Шюяньд очно. Чи хариад, тэр барьцааны хуудсаа шивэгчнээр, над руу явуулчих. Би хувцсыг чинь авахуулаад чамд явуулчихна. Өглөө, оройд сэрүүн байна, салхи цохино шүү” гэж захив.

Бао Чай явсаар Дай Юйгийнд орвол ээж нь ирчихсэн, тэд энэ тэрийг ярилцаад сууж байв.

-Ээж хэзээ ирэв. Таны ирэхийг мэдсэнгүй.

-Би энэ хэдэн өдөр ийш тийш явж самгардсаар байгаад энд ирж чадахгүй байлаа. Өнөөдөр хүрээд ирсэн чинь, эд нар маань сайн байна.

Энэ зуур Дай Юй найр тавин Бао Чайг суулгаад:

-Ертөнцийн явдлыг хүн санаж олоход бэрх юм. Има, их нагац бэргэн хоёр бас худ ураг болох нь ээ гэсэнд Шюэ Има:

-Охин минь, хүүхэн хүн яаж мэдэх вэ. Ураг элгэн гэгч урьдын тавьсан тавилга болой. Учрал барилдлагыг дээд тэнгэр мэддэг бөгөөд урьдаас зааж, үл үзэгдэх улаан утсаар хоёуланг нь хөлийг холбовол, тэр хоёр хэдий уул, далайг алсалж байвч аяндаа учирч эр эм болно. Энэ учрал хүний санаагаар болохгүй. Эцэг эх нь дуртай буюу эсвэл үргэлж хамт байж нэгэнт тогтсон ураг боловч дээд тэнгэр улаан сэжмээр холбохгүй бол бүтэхгүй нь лав. Эгч охин дүү хоёрын чинь ургаар хэлсэн ч, одоо чухам яг нүдэн дор байх буюу эсвэл алс хол байхыг мэдэхүйеэ бэрх болой гэж хэлэв. Бао Чай:

-Ээж хэзээд үг дуугарвал биднийг татна гэсээр ээждээ наалдан инээж: – за би явлаа гэв. Дай Юй:

-Ийм том болчихоод… ээжээсээ холбол томоотой байдаг мөртөө Имаг хараад эрхэлж байна гэсэнд Има охиноо илбэн таалж байснаа, Дай Юйг хараад шүүрс алдан:

-Энэ эгч чинь, миний хажууд бол Фэн охин Лао тайтайгийн дэргэд байдагтай адилаа. Хэрэг явдал гарвал би үүнтэйгээ зөвлөж, үгүй бол энэ минь очиж миний сэтгэлийг сэргээдэг юм. Би үүнийгээ харахад арилахгүй зовлон гуниг гэж яаж байхав даа гэв.

Энэ үгийг сонсоод Дай Юйн нулимс цував. Тэгээд: “Энэ заавал энд ирж, ингэх нь ээжгүй намайг хоросгож, зориуд намайг элэг барьж байна” гэсэнд Бао Чай инээн:

-Ээжээ та, энүүний авир дүрийг хараач. Намайг эрхэллээ гэнэ… гэсэнд Шюэ Има:

-Үүнийг уярлаа гэж буруушааж болохгүй. Эцэг эхгүй элгэн садан ч үгүй хөөрхий амьтан шүү дээ зайлуул гээд Дай Юйг аргадан энхрийлж, охин минь битгий уйл. Намайг үүнийг эрхлүүлэхээр зүрх чинь шимширч байгааг би ойлгож байна. Өөр санасан юм байхгүй. Эгч чинь ч бас эцэггүй өнчин шүү. Харин намайг байгаа болохоор чамаас арай өөр л байх. Бас энэ төрсөн ахтай. Энэ мэтээр чамаас дээр байх л даа. Би энэ эгчид чинь, дотроо чамайг их санаж байвч түүнийгээ илэрхийлэх аргагүй ээ. Эдний энд ам хэл олон, сайныг хэлэх нь цөөн, мууг хэлэх нь арвин. Өмөг түшиггүй өнчин өрөөснийг өрөвдлөө гэхгүй, харин Лао тайтайгийн дур таалалд аядан нийлүүлж байна гэж би хэлдэг юмаа гэв. Дай Юй инээж:

-Има ингэж бодож байгаа бол маргааш би таныгаа эхийгээ гэж мөргөнө. Намайг голбол, үнэн санааныхаа үгийг хэлээгүй гэж бодно гэсэнд Шюэ Има:

-Намайг голохгүй бол мөргөтүгэй гэсэнд Бао Чай сандран: “Болохгүй” гэв. Дай Юй: “Юунд болохгүй вэ” гэж асуув. Бао Чай инээж:

-Би чамаас асууя. Миний ах учраа олоогүй байтал юунд харин Син охин дүүг миний дүүд гуйжээ. Энэ ямар ухаан бэ гэсэнд Дай Юй:

-Тэр гэртээ байхгүй юм уу эсвэл харш жилтэй байв уу. Тэгээд л урьдаар дүүд чинь гуйсан биз гэсэнд Бао Чай инээж:

-Бишээ. Миний ах одоо нэг хүнийг үзэж тогтоод буцаж ирсэн хойноо хэлэлцэхээр болоод байна. Тэр хэн болох нь тодорхой биш. Чамайг хүүхэн таньж болохгүй гэх нь… За чи нарийн бодож үзээрэй гээд ээж рүүгээ нүд ирмэв. Дай Юй Шюэ Имагийн өвөр дээр хэвтээд: “Има та үүнийг зодохгүй бол би хүлээхгүй” гэсэнд Шюэ Има түүнийг энхрийлэн “Энэ эгчийнхээ үгийг битгий итгэ. Энэ зүгээр л чамаар тоглож байгаа юм” гэв. Бао Чай инээж:

-Ээж маргааш Лао тайтайгаас гуйж үүнийг бэр болгон авбал гаднаас эрснээс дээр бишүү гэсэнд, Дай Юй, ухасхийн түүнийг барьж аваад инээн: “Энэ нэгмөсөн галзуурчээ” гэв. Шюэ Има, тэр хоёрыг холдуулаад Бао Чайд:

-Би ахыг чинь, үгүй хийхээс айгаад Син охиныг дүүд чинь гуйж өгсөн юмаа. Үнэндээ, энэ хүүхнийг би яаж ахад чинь өгөх вэ. Тэр өдөр Лао тайтай дүүгий чинь, Бао Юйд гуйж өгөх гэв. Охин дүү чинь өөрийн газартай болоогүйсэн бол нэг сайхан ураг бий болох байлаа. Би Син охиныг гуйж тогтсонд Лао тайтай “Би чамаас нэг хүн гуйх гээд чухам хэнийг гуйхаа шийдээгүй байтал харин чамд нэг хүнээ өгч явуулах болов оо” гэж инээд хүргэсэн шүү. Энэ хэдийгээр тоглоом наргианы үг боловч нарийн бодвол учиртай юм. Бао Чинь хэдий очих газартай болоод бид хэдий өгөх хүнгүй болсон боловч нэг ч үг хэлсэнгүй юү. Лао тайтай Бао дүүд чинь хайртайгаас гадна түүний зүс царай сайтай тул гаднаас хэлэлцье гэвэл Лао тайтайдургүйцнэ. Харин Линь охин дүүг чинь хэлэлцэж өгвөл маш сайн бишүү гэв.

Дай Юй анхандаа гайхширан сонсож байсан боловч сүүлдээ царай нь улайснаа Бао Чай руу түй гэж нулимаад, түүнийг өөртөө татаж:

-Би чамайг занчина. Чи юунд Имаг өдөж элдэв долоон юм хэлүүлэв гэсэнд Бао Чай инээж

-Энэ харин хачин болноо. Ижий чамайг хэлсний төлөө би зодуулах гэж үү гэсэнд Зы Жюань санд мэнд ирээд:

-И тайтай ийм санаатай бол юунд Лао тайтайд хэлэхгүй байхав даа гэсэнд Шюэ Има инээн:

-Энэ охин юунд яараав. Аягүй бол авхайгаа шалавхан харьд мордуулчихаад, өөрөө аяа олоод бас хадамд явах гэж байгаа байх шүү гэсэнд Зи Жюаний царай час улаан болж “И тайтай үнэхээр өтөлгөө насаараа өмөг түрээ барьж чадах юмаа” гээд гараад явчихав. Дай Юй эхэндээ: “Муу өлөгчин чамд ямар хамаатай юм бэ” гэж загнаж байснаа сүүлдээ инээмсэглэн: “Тэнгэр үзтүгэй. Хохь нь доо, хохь нь доо, амаа сайн алгадуулаад амрав уу” гэсэнд Шюэ Имагаас эхлээд тэрүүгээр байсан эмгэд, охид цөмөөр шал цонх доргитол хөхрөлдөв.

Энэ хэр Ши Шиянюнь гартаа нэг барьцааны газрын хуудас барьсаар орж ирээд: “Энэ хэний бичиг вэ” гэсэнд Дай Юй авч үзээд: “Би мэдэхгүй юм” гэсэнд тэнд зогсож байсан эмгэн: “Энэ харин сайн юм боллоо. Үнэхээр сайхан оволж чадна” гэв. Бао Чай шүүрч аваад үзвэл Син Шиүяний барьцааны хуудас байсан тул шалавхан эвхээд авав. Шюэ Има “Энэ лавтай аль нэг мөөмөө нь гээсэн хуудас байхаа. Өдийд яаж сандарч байгаа болдоо. Хаанаас олсон юм бэ” гэсэнд Шян Юнь: “Барьцааны хуудас гэж юу юм бэ” гэж асуусанд эмгэд: “Данжлах барьцаалахын хуудсыг мэдэхгүй гэнэ үү. Чи тэнэг охин юм” гэсэнд Шюэ Има шүүрс алдан: “Эднийг буруушаах хэрэггүй. Баян ноён айлд төрөөд, бас ч бага байна. Үүнийг яаж мэдэх вэ. Хаанаас л ийм юм үзээж. Доод улсад нь байлаа ч, энүүнд юү гэж үзүүлэх вэ. Түүнийг тэнэг гэж битгий шоол. Танай охидод үзүүлэхэд бас л тэдэхгүй дээ” гэв. Эмгэд инээж: “Линь авхай таньсангүй. Манай охид битгий хэл, Бао Юй дандаа гадуур явдаг мөртөө бас танихгүй байж магадгүй л байх” гэсэнд Шюэ Има яаран тайлбарлаж өгсөнд Шян Юнь, Дай Юй хоёр хөхөрч “Энэ хүн бас даанч зоосонд шунажээ. Имагийн пүүсэнд ийм юм байна уу” гэв. Бүгд инээлдэн: “Энэ их сонин болов. “Хаанахын ч хэрээний хар нь адилхан байдаг” гэдэгчлэн яалаа гэж өөр байх вэ дээ” гэцгээв. Шюэ Има “Хаанаас олсон бэ” гэсэнд Шян Юнь хариулах гэтэл Бао Чай завдан:

-Энэ чинь хэрэггүй болоод данснаас хасагдсан хуудас. Сиян Лин эднийг зүгээр л хуурчээ гэсэнд Шюэ Има итгээд юм асуусангүй.

Энэ үед нэг хүн ирж: “Тэртээх ордны их найнай ирж И тайтайг залж, ярилцъя гэнээ” гэж хэлэв. Төдөлгүй Шюэ Има явав. Энд өөр хүнгүй болсон тул Бао Чай “Хаанаас олов” гэж Шян Юньээс асуусанд цаадах нь инээж: “Танай эрхэм дүү бэрийн инж охин Ин Эрд сэмхэн өгсөнд тэрбээр намайг хараагүй гэж бодсон юм байлгүй, гараа явуулаад нэг номын завсар хавчуулчихсан юм. Би тэднийг гарсны дараа сэм авч үзээд танихгүй болохоороо, энд авчирч та нарт үзүүлье гэсэн юм” гэв. Дай Юй сонсоод: “Өнчин хүний өр зөөлөн” гэдэгчлэн санаа алдав. Харин Шян Юнь ундууцаж:

-Би очиж, хоёрдугаар эгчээс асууя. Тэр эмгэд, шивэгчдийг харааж, та нарын уурыг гаргаж болох уу гээд боссонд Бао Чай яаран хориглож:

-Чи бас галзуурчихав уу. Наанаа хурдан суу гэсэнд Дай Юй инээж:

-Чи эр хүн байсан бол хүний төлөө, хилсийг цагаатгах журамт баатар болох байсан байхаа. Одоо бас юуны Жин Кө, Не Жөн1болон аашилна вэ гэсэнд Шян Юнь:

-Намайг явуулж асуулгахгүй бол маргааш шууд манай хүрээнд нүүлгэн авчирвал харин дээр бишүү гэв. Бао Чай инээж:

-Маргааш зөвлөлдье… гэтэл хүн ирж “Гурав, дөрөвдүгээр авхай нар ирлээ” гэж мэдүүлсэнд, тэд таг дуугүй болж, яриагаа зогсов. Нарийн учрыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг үзтүгэй!


Тайлбар:

  1. Жин Кө, Не Жөн-Жин Кэнь байлдаант улсын үеийн хүн. Янь тайжийг хавсарч Чинь Ши хуандийг хатган алах гээд алагджээ. Ниеэ Жэн бол Хань улсын үеийн язгууртан Ян Сүйгийн гэрийн түшмэл. Тэрбээр эзнийхээ төлөө бусдыг хороогоод сүүлдээ алагджээ. Хуучин нийгмийн үед тэднийг буруу хазгайг үзэж чаддаггүй сайн эрсийн дүр болгож үздэг байжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж