Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагдлаа

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагдлаа

Арвандолдугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн шинийн дөрөвний билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Монголчуудын уламжлагдан ирсэн заншлаар хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ны өдөрт багтаан хүмүүс тухайн жилийнхээ ноён нурууг даатгах засал номоо хийлгэдэг. Засал хийлгэвэл элдэв гай барцад, болзошгүй муу бүхнээс ангижирдаг хэмээн зурхайчид үздэг тул сүм хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагдан өнждөг. 

Энэ өдөр бид Гандантэгчэнлэн хийдийг зорив. Бага үдийн 11.00 цагт очиход Гандантэгчэнлэн хийдэд сүсэгтэн олны хөл тасрахгүй байлаа. Шинийн нэгнээс 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах аж. Ингэхдээ сүсэгтэн олонд зориулж шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах юм байна. Лам нарын хэлснээр Гандантэгчинлэн хийд шинийн тавнаас хойш сүсэгтэн олны хөлд ихээр дарагддаг гэнэ. 

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн хийдүүд ном хурахдаа албан ёсны үнэ ханш тогтоосон байдаг. Жишээлбэл Гандантэгчэнлин хийдэд хурдаг номуудаас Алтанганжуур хамгийн өндөр тарифтай. Нэг удаа уншуулахад л 20 000 төгрөгийн тасалбар бичүүлэх учиртай юм. Алтанганжуурыг насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном аж. Сүсэгтэн олны зүгээс засал номын үнэ ханш нэмэгдсэн зүйл байхгүй. Хамгийн багадаа 500 төгрөгөөс 20 мянга хүртэл үнэлгээтэй байна гэж ярилаа.

Гандантэгчинлэн хийдийг зорин ирсэн сүсэгтэн олноос байр суурийг сонслоо.

Д.Лхагвасүрэн Сүхбаатар дүүргийн иргэн

Сайхан жил гарч байна. Өнөөдөр гэр бүлийнхээ номыг уншуулчхаад явж байна. Монгол хүмүүс  ихэвчлэн шинийн 15-ны өдөрт багтаан заслаа хийлгэвэл сайн гэлцдэг. Гэхдээ өнөөдөр хүмүүс ихтэй байна. Дөнгөж сая ар гэрийнхээ буян заяа, үр хүүхдийнхээ ажил үйлсийг даатгуулах гээд хэдэн ном бичүүлчихлээ. Манайх ихэвчлэн Ганданд л засал номоо хийлгэдэг. Ихэвчлэн сүсэг биширлээрээ л мөнгө өгчихдөг юм.

Г.Төмөрбаатар Баянгол дүүргийн иргэн

Өнөөдөр ерөөлийн ном хурж байна. Шинийн нэгнээс 14-ныг хүртэл ерөөлийн ном хурна гэж байсан. Тийм болохоор түмэн олон, үр хүүхдүүдийнхээ төлөө залбираад л сууж байна. Өвөө нь энд өдөр бүр ирж хурал даган баясдаг. Монголчууд бие биедээ тусалж, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр бусад үеийнхээс арай их ачаалалтай байна. Та бүхний минь буян арвижиж хүсэл бүхэн минь биелэх болтугай гэж ерөөе.

А.Алтанхуяг Хан-Уул дүүргийн иргэн

Одоо заслаа хийлгэхээр явж байна. Зав чөлөөтэй бол гэртээ лам урьж  залж авчирна. Энэ жил их сайхан жил гарах байх. Нийт ард түмэн, элгэн садан, ах дүү нартаа сар шинийн мэнд дэвшүүлье.

Гандантэгчэнлэн хийдийн бичээч лам Д.Мөнхбат

Хүмүүс жилийнхээ засал номыг их уншуулж байна. Бас Алтанганжуур номыг их уншуулж байгаа харагддаг. Манай хийд өглөө 08-18 цаг хүртэл ном бичиж байна. Яг одоо хийдүүдэд ерөөлийн номууд хурж байгаа. Ер нь жилийн засал номоо шинийн 15-ндаа багтаан уншуулах сайн байдаг. Учир нь хийсэн буян нь арвиждаг учиртай юм. Одоохондоо ачаалал гайгүй байна. Шинийн наймнаас хойш хүмүүс их ирдэг л дээ.

Гандантэгчэнлэн хийдийн лам Ч.Бямбажаргал

Энэ жилийн хувьд сайхан жил болох байх. Хамба ламын айлдсанаар хүн өөрөө л сайн, сайхан сэтгэлтэй байж, зөв амьдралаар явбал тэр жил харшилна гэсэн зүйл байхгүй гэж айлдсан. Бурхны шашинд ч гэсэн хүн өөрөө л өөрийнхөө аврагч бурхан гэж айлдсан байдаг юм.

Шороон нохой жилийн зурхайн төлөвийг гаргасан. Ерөнхийдөө идэр залууст ээлтэй, нялхас хөгшдөд ширүүн жил гарч байна. Гандан хийдэд хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэл ерөөл, магтаалын ном хурж байна. Дацангууд өөр өөрсдийн уншлагууд хурж  буянаа хурааж байна. Жирийн үетэй харьцуулбал сүсэгтэн олон засал номоо хийлгэхийн тулд ачаалалтай байна. Хүмүүс Алтанганжуур, ерөөл магтаал их уншуулж байна.

Гандантэгчэнлэн хийдийн Д.Цогтбаатар зурхайч лам

-Шороон нохой жилийн ерөнхий төлөв ямар байна вэ?

-Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд байна. Мөн энэ үед ган ихтэй болно.

-Ямар жилтнүүд онцгойлон засал ном хийлгэх ёстой вэ?

-Энэ жил нохой жилтнүүдийн хувьд жил орсны засал хийлгэх шаардлагатай. Жил орсон буюу 13,25,37,49,61,73,85 настай хүмүүс гүмэг буюу гай барцад арилгах засал хийлгэх хэрэгтэй. Хэрэв нохой жилтэй эмэгтэй хүмүүс усан суудалд суусан байвал мөн дээрх заслыг хийлгэнэ. Жил нь орсон хүмүүс тухайн жилдээ сүлд хийморь тааруу байдаг тул сүлдээ дуудуулах зайлгүй шаардлагатай. Шороон нохой жилд луу, үхэр, хонь гэсэн жилтнүүдийн харш жил гарч байна. Тийм учраас их харш жилийн дүнсэр, бага харш жилийн шишид гэсэн засал хийлгэнэ. 12 жилийг дотор нь эр эм, жил гэж ангилдаг. Энэ жилийн тухайд эм жилтнүүд суудлын өнцгийн заслыг хийлгэнэ. Суудлын засал гэдэг нь аливаа гай барцад, өвчин зовлонгоос холуур байна гэж зурхайн ухаанд бичсэн байдаг.

-Ямар жилтнүүдэд сайн жил тохиох вэ?

Нохой жилтэй ивээл жилтнүүд буюу бар, морь жилтний хувьд энэ жил сайн жил тохиож байна. Эдгээр жилтнүүдийн аливаа санасан хэрэг саадгүй бүтэх төлөвтэй. Харин энэ жилд хийморь лундаа доройтох хэд хэдэн жил бий. Үүнд хулгана, луу, бич, бар, морь нохой жилтнүүд багтсан. Монголчууд бид чинь буян хишгийн талдаа их анхаардаг. Тэгвэл энэ жил төрсөн оны сүүлчийн тоо 2,3-аар төгссөн онд төрсөн хүмүүст их зарлага ихтэй жил тохиох байх. Эдгээр онд төрсөн хүмүүс томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхдээ сайн судалгаа хийх хэрэгтэй. Харин төрсөн оны сүүлчийн тоо нь зургаа 6,7,8,9 –өөр төгссөн бол  олз омогтой сайн жил байх болох байх. 

Гэрэл зургийг М.БАТМӨНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж