Азийн зочломтгой, найрсаг улс үндэстнүүд цагаан сарын баяраа идээ ундаа элбэг дэлбэг, дуу хуур, бүжиг наадам, баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Уламжлалт цагаан сарын баяр бол дэлхийн улс үндэстнүүдийн тэмдэглэдэг шинэ жил, зул сар, талархлын баяруудаас хамгийн олон хүн тэмдэглэдэг, өргөн цар хүрээтэй, өвөрмөц онцлогтой, уламжлалт баяр юм.
Азийн улс орнуудаас Монгол, Хятад, Вьетнам, Малайз, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд өргөн тэмдэглэдэг.
Хятад
Хятадын ард түмний хувьд наймын тоо нь аз завшаан, зол жаргал хэмээх утга илэрхийлсэн ханзтай ижил дуудлагатай учраас 2018 онд азтай, одтой байна хэмээн бэлгэшээж байгаа ажээ. Хятадын Бээжин, Шанхай зэрэг томоохон хотын удирдлагууд энэ жил агаарын бохирдол болон аюулгүй байдлын үүднээс ёслолын буудлага, галын наадам хийхийг хориглосон учраас иргэд Цагаан сарын баяраа даруухан тэмдэглэн өнгөрүүлжээ.
Хятадын ард түмэн чанга дуу чимээ гарган, оч гэрэл цацруулах нь улирч буй хуучин жилийн муу муухайг үлдэн хөөж, морилон ирж буй шинэ жилд аз, од авчирдаг гэдэгт итгэдэг байна. Тиймээс хотын эрх баригчдын гаргасан шийдвэрт олон иргэд сэтгэл дундуур байгаа ажээ. Бүтэн долоо хоног үргэлжилдэг баярын өдрүүдэд дуу хуур, бүжиг наадам, ёслолын буудлага тасардаггүй байсан өмнөх жилүүдийг бодвол Бээжин хот энэ жил нам гүмхэн байсан гэнэ.
Цагаан сарын баяраар Хятадад олон сая цагаач ажилчин гэртээ харих гэж улсын нэг захаас нөгөө рүү аялдаг. Цагаан сарын битүүний өдөр хятад хүмүүс гэртээ битүүрч, телевизээр шинэ жилийн гала концерт үздэг байна. Цагаан сарын баяраар хүүхэд, залууст мөнгөтэй улаан дугтуй бэлэг болгон өгнө.
Айлууд цагаан сарын баяраар үүдэндээ аз хэмээх утга илэрхийлсэн ханз зурсан улаан цаас, даавуу өлгөх юмуу тухайн тахиа , эсвэл нохой жилийн амьтны дүрсийг өлгөдөг уламжлалтай ажээ.
Хонгконг
Хонгконгод цагаан сарын баярын өмнө автобус осолдож, 19 хүн нас барсны улмаас баяраар гудамж талбайд оч цацруулагч асааж, ёслолын наадам хийхийг хоригложээ. Гэвч цагаан сарын баярт зориулсан ёслолын парадад олон мянган хүн оролцсон байна. Цагаан сарын баяраар Хонгконгийн дэлгүүрүүд том хямдрал зарлаж, зарим үйлчлүүлэгчдэд бонус болгож, мөнгөтэй дугтуй бэлэглэсэн гэнэ. Хонгконгийн иргэд гэр бүлээрээ цуглардаг энэ баяраар цагаан будааны амттан иддэг нь өсөн дэвжихийг бэлгэддэг ажээ.
Тайланд
Тайландын хятад хороололд цагаан сарын баяраар уламжлал ёсоор луугийн бүжиг наадам зохион явуулсан байна. Тайландын 10 сая гаруй хятад үндэстэн уламжлалт цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тайландад цагаан сарын баярын үеэр хамгийн хөл хөдөлгөөнтэй байдаг газрын нэг бол хийд юм. Буддын шашинтнууд хийдэд бурхан шүтээндээ залбиран, үр хүүхэд, эцэг эх, ойр дотныхондоо сайн сайхныг хүсэн, даатгадаг.
Мьянмар
Цагаан сарын баярыг угтан Мьянмарт уламжлалт луугийн бүжгийн наадмыг зохион явуулсан байна. Баярын хамгийн чухал, томоохон энэ арга хэмжээнд 20 гаруй бүжгийн хамтлаг оролцож, луу, арслангийн багт бүжиг бүжиж, олон нийтэд танилцуулжээ.
Сингапур
Сингапурт Цагаан сарын баярын үеэр дэнлүүний баярын жагсаалаас гадна уламжлалт дуурийн үзүүлбэрийг олон нийтэд толилуулжээ. Мөн голын эрэг дагуу хөвөх завинууд дээр уламжлалт хоол, хүнс ногооны захууд нээгдсэн байна. Баярын салшгүй нэг хэсэг болсон ёслолын буудлага шөнийг өдөр мэт гэрэлтүүлсэн гэнэ.
Малайз
Малайзууд битүүний өдөр баярын ширээгээ түүхий загас, кантон салатаар засч, гэр бүлээрээ оройн зоог барьдаг. Харин дараа нь хотын гудамж талбайд очиж, ёслолын буудлага, галын наадам болон хүсэн хүлээсэн луугийн бүжгээ үзэж сонирхдог ажээ.