Ерөнхийлөгч ээжтэйгээ Төрийн ордонд золгов

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ээжтэйгээ Төрийн ордонд золгов

Ерөнхийлөгч ээжтэйгээ Төрийн ордонд золгов

Өвлийг өнтэй давж, хавартай золгосон сар шинийн баярыг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэлээ. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр сошиалд өрнөсөн топ” сэдвүүдийг тоймлон хүргэж байна. 

Шинийн нэгний өглөө Монгол Улсын төрийн гурван өндөрлөг ахмад настнуудыг Төрийн ордонд урин, золгосон юм. Золголт хийсэн ахмадууд дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн байсан нь содон зочин болов.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээлнийхээ дотуур цамцныхаа захыг босгож өмссөн нь ‘Ерөнхийлөгчийн хувцаслалт энэ удаад нэг л сонин” гэх шүүмжлэлийг сошиалд өрнүүлэхэд хүргэв. 

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын сар шинийн идээ, шүүсний асуудал сошиал ертөнцийнхнийг нэг хэсэгтээ л ‘ажилтай’ болгов. Тэрбээр “Шарк танк” нэвтрүүлгийн шаркуудтай золгох үеэр гэрэл зургаа авхуулсан ч зурганд идээ, шүүс байгаагүйд сошиалынхан  “Нарийн, харамч, хэмнэлт хийсэн, болно, болохгүй’ гэх мэтээр талцсан юм. 

Энэ шуугианд Л.Чинбат захирал өөрийн цахим хаягаар дамжуулан тайлбар хийсэн. Тэрбээр “Шинийн хоёрны маань золголт өндөрлөж байна. Төрөл садан, найз нөхөдтэйгөө уулзаж өнгөрсөн оныхоо ололт амжилт, ирж буй жилийнхээ өнгө төрхийг шинжин хөөрөлддөг сайхан баяр шүү.

Айл болсноосоо хойш уламжлал ёсоор идээ шүүсээ засан шинэлдэг ээ. Сүүлийн жилүүдэд еэвэн биш цагаан идээгээр тавгийнхаа идээг оройлдог болсон. Харин идээнийхээ араар алга болохгүйн тулд арай намхан ширээн дээр байрлуулдаг юм. Жаазны гадна ч зураг үргэлжилдэг шүү” гэдэг товч бөгөөд тодорхой хариулт өгөв. 

Сар шинийн өдрүүдэд нийслэлээс Дарханыг чиглэх зам дагуу түгжрэл үүссэн билээ. Уг зам нарийхан учраас аваар осол гарах өндөр эрсдэлтэй байдаг. Ялангуяа ачаалалтай үед жолооч нар анхаарал болгоомжтой явахыг замын цагдаа нар байнга сануулдаг. Тэгвэл баярын өдрүүдэд тус зам дээр түгжрэл үүсч, хэдэн хэдэн осол аваар гарсан нь сошиалд шуугиан үүсгэв. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж