Автобусаар үнэгүй үйлчилсэн нь түгжрэлийг бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Автобусаар үнэгүй үйлчилсэн нь түгжрэлийг бууруулжээ

Автобусаар үнэгүй үйлчилсэн нь түгжрэлийг бууруулжээ

Шороон нохой жилийн сар шинийн баяраар /2018.02.16-18-нд/ нийтийн тээврийнхэн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн нь авто замын түгжрэлийг сааруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Нийт 88 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус өглөөний 08:00-22:30 цагийн хооронд хот дотор болон хот орчмын чиглэлд  үнэ төлбөргүй үйлчилсэн юм.

Баярын өдрүүдэд автобусны үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон нь авто замын ачааллыг бууруулах давуу талтай гэж хотын захиргаа үзсэн. Мөн Замын цагдаагийнхан баярын өдрүүдэд авто замуудад зохицуулалт сайн хийсэн нь түгжрэлийг бууруулахад дэм болсон гэж үзэх иргэд ч байна. 

“Тэнүүн огоо” ХХК-ийн жолооч Д.Баасанхүү “Баярын өдрүүдэд хүмүүс автобусаар ихээр үйлчлүүллээ. Ачаалал бол өмнөх үеийнхээс илүү байсан. Энэ нь нийтийн тээвэр үнэгүй үйлчлүүлсэнтэй л холбоотой байх. Хүмүүс их ам сайтай байсан тэр тусмаа хөгшчүүл илүү ам сайтай байна лээ. Иргэд болдог бол байнга л үнэгүй явах юмсан гэж хошигнож байсан шүү” гэв. Дээрх шийдвэрийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.

 

Иргэн П.Жавзандулам “Баярын өдрүүдэд хамаатан золгуут хийхдээ нийтийн тээврээр л үйлчлүүлсэн. Хүмүүс ч их байсан. Энэ жил замын цагдаа нар зохицуулалтаа сайн хийж, нийтийн тээврийнхэн мөн адил сайн  ажилласан гэж бодож байна. Учир нь өмнөх жилийн баярын өдрүүдийг бодвол энэ жил харьцангуй  түгжрэл багатай байлаа”.

Иргэн Л.Баярмагнай “Би Архангай аймгийн хүн. Хотод ах дээрээ золгох гээд шинийн 1-ны өдөр ирсэн юм. Нийтийн тээвэр үнэгүй үйлчилж таарлаа. Хөдөөгөөс орж ирсэн бид нар шиг хүнд автобусны ухаалаг карт ашиглахгүйгээр үнэгүй зорчсон нь илүү амар байсан. Бид ямар хотын хүмүүс шиг байнга смарт карт ашиглах биш”.

Иргэн  Э.Эрдэнэбат “Нийтийн тээврийнхэн  цагаан сар, наадам зэрэг баяруудаар үнэ төлбөргүй үйлчлэх нь зөв. Иргэд бид ч дэмжиж байгаа. Би шинийн 1-нд  нийтийн тээврээр үйлчлүүлсэн. Түгжирч удаан зогсож цаг алдалгүй зорьсон газартаа түргэн очсон. Ажиглаад байхад автобусанд зарим хүмүүс үнэгүй зорчиж байгаа гэдгээ мартаад картаа уншуулж харагдана лээ. Харин өөлөх ганц зүйл нь автобус  доторх ариун цэврийн асуудал л байна. Хүүхдүүдийн идсэн уусан чихэр, жимснийх нь цаас шалаар хөглөрсөн, муухай харагдах юм. Энэ асуудал дээр иргэд ч, нийтийн тээврийнхэн  ч хоёул анхаарах хэрэгтэй”.

Иргэн  Г.Цог “Жил болгоны сар шинийн баяраар түгжрэл ихсэж, бухимдсан хүмүүс их байдаг байсан. Би баярын өдрүүдэд хувийн машинаар хөдөлгөөнд оролцсон. Энэ жил түгжрэл багатай харьцангуй гайгүй байлаа. Зарим газруудад түр зуур л түгжирч зогссон гэх юм уу даа. Ямартай ч бүр нэг газраа таг зогссон зүйл гарсангүй. Нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгосон нь замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөллөө”.

Баярын өдрүүдэд  иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлсэндээ сэтгэл хангалуун байна. 

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж