Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын үеэр Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлагуудтай тус тус уулзана. Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ.
Эх сурвалж: ГХЯ