“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Тавин зургадугаар бүлэг
ХУРЦ ЦОВОО ТАНЬ ЧҮНЬ ШИНИЙГ ХӨГЖӨӨН ХУУЧИН ГЭМИЙГ АРИЛГАЖ, УХААЛАГ БАО ЧАЙ ӨЧҮҮХЭН АШГААР ТҮГЭЭМЭЛ ХИШГИЙГ ХҮРТЭЭВ
Пин Эрийг хүрээн дотор орж ирэхэд нам жим. Инж эмгэд нь цонхны гадаа захиа занаа хүлээн зогсоно. Түүнийг гол гэрт орсонд эгч, дүү, бэргэд ажил зөвлөлдөж, цэцгийн хүрээлэнгийн тухай, өнгөрсөн жил Лайдаг залж архи уулгасан зэргийг ярилцаж байв. Пин Эрийг орж ирэхэд Тань Чүнь бяцхан сандалд суулгаад:
-Олон ч юм бодсонгүй, бидний гэзэгний тос, оо энгэсэгт сард хоёр лан мөнгө ордгийг л бодож байна. Биднээс гадна инж нар бас сарын мөнгөтэй байна. Энэ нь бас л түрүүний сургуулийн найман лан шиг давтагдсан юм биш байгаа. Энэ хэдий бага ч гэсэн мөнгө зоос хэмжээтэй юм болохоор бас л зохимжгүй санагдах юм. Танай найнай яагаад энүүнийг санаагүй юм бол гэсэнд Пин Эр:
-Энэ учиртай байхаа. Охидын хэрэглэх тэдгээр зүйл яриангүй хувьтай байгаа. Юм бэлтгэгчид, сар бүр худалдаж авчраад бүсгүйчүүд бидэнд хуваан хадгалуулна. Энэ нь охидын хэрэглэхэд бэлэн байлгах гэсэн санаа биз. Бид өдөр бол зоосоо бариад хүн олж гаднаас авахуулж яаж болох вэ дээ. Тиймээс юм бэлтгэгчдээр авчруулаад маньд түгээлгэнэ. Охидын сар бүрийн хоёр лан бол эдгээр юмыг авах зоос биш, нэгэн цагт гэрийн эзэгтэй найнай тайтай нар, эзгүй буюу завгүй болоод, охидод гэнэт хэрэгцээ гарвал хүн эрж гүйх явдалгүй. Энэ нь охидыг гачигдуулахгүй гэсэн санаа юм. Одоо ажиглаж байвал, гэр бүрийн эгч дүү нар бэлэн мөнгөөрөө авч байгаа нь тийм олон биш. Тэр юм бэлтгэгчид худал хэлээгүй бол олигтой сайныг олж авчрахгүй байна гэж би сэжиглэдэг гэсэнд цаадуул нь инээлдэж: “Чи бас ажиглажээ. Арай ч худал хэлээгүй байхаа. Гэхдээ баахан удаад байхаар нь шалж шаардахад энд тэндээс олж ирсэн нь нэр төдий бөгөөд хэрэглэж болохгүй юм ч байдаг л даа. Түүнээс болоод бид ч өөрсдөө эрэхэд хүрдэг. Тэр хоёр лангий чинь хөхүүл эх, хүүхэд дүү нарт өгөөд явуулахад хэрэглэж болох юм олоод ирдэг л юм. Албаны хүнд захихад ч нэг олоод л ирнэ” гэв. Пин Эр инээж:
-Юм бэлтгэгчид, тиймхэн юм авчирна. Харин өөр хүн сайныг авчирдаг гэвэл тэд хүлээхгүй. Түүнийг муу санаатай, юм бэлтгэгчдийн ажлыг булаах гэсэн л гэж үзнэ. Гэхдээ л тэд чинь юм бэлтгэгчдэд нүүр алддаггүй л улс даа. Охид, хөхүүл эхийг зарахад, тэд илүү үг ярьдаггүй юмаа гэв. Тань Чүнь:
-Тиймээс л миний дотор аягүй байна. Давхар мөнгө сүйтгээд, эдийнхээ хагасыг алдана. Тэгэхээр нэгд, юм бэлтгэгчдийн сар бүрийн энэ зардлыг хасая. Хоёрдугаарт, ноднин Лайдагийнд очиход чи очилцсон. Түүний тэр бяцхан хүрээлэн, манай эндэхээс ямар байсан бэ гэсэнд Пин Эр инээж:
-Манай энэ хүрээлэнгийн талд ч хүрэхгүй. Цэцэг жимс, өвс мод нь ч бага гэсэнд цаадах нь:
-Би тэдний охинтой зүгээр ярьж байхад тэр тэдний зүүх цэцэг, идэх ногоо, загаснаас гадна хүнд өгсөн зэргийг гаргавал хүрээлэнгээсээ жилдээ бардаагаар хоёр зуун лангийн орлого ордог гэж байна лээ. Тэгэхэд л би, нэг ширхэг хувхай өвс, лянхуаны нэг муу навч хүртэл зоос болдгийг мэдсэн гэхэд нь Бао Чай:
-Жинхэнэ торгон дээр тоглож, тосон дээр өнхрөгчийн үг байна. Та нар цөмөөрөө дээд авхай байж энэхнийг хүртэл мэдэхгүй байсан гэжүү. Та нар бүгдээр ном бичиг үзсэн улс байж Зүжийгийн бичсэн “Биеэ голохгүй” гэдэг зохиолыг уншаагүй юмуу” гэж асуув. Тань Чүнь:
-Үзэх нь үзсэн шүү. Хүнийг шамдан хичээтүгэй гэж хуурай үгээр гэж ятгасан төдий санагдсаан. Энэ чинь амьдрал дээр хэлснээр болдоггүй зүйлээ гэсэнд Бао Чай:
-Зүжийн үг хий хоосон биш шүү. Үг бүр нь үнэн. Чи хэдхэн хоног ажил хариуцаж эрх аваад, олз омогт шунаж, сүүлдээ Зүжийг хүртэл хий хоосон болгохноо гэсэнд Тань Чүнь инээж:
-Чи энэ мэтээр бичиг номд нэвтэрсэн хүн мөртлөө Жизи бичгийг1 үзээгүй юм уу. Тэр үед Жизы хэлсэн нь: “Нэр ашгийн ширээнд авирч нийтийг захирах оронд суувал Яо Шүний сургаалыг мартаж, Күнз Мөнзийн ёсыг тэрсэлнээ…” гэсэнд Бао Чай инээж: “Дараах бадгийг нь хэлээч” гэв. Тань Чүнь:
-Би утгыг нь авсан юмаа. Дорх бадгийг нь уншиж өөрийгээ харааж юу хийх вэ гэв. Бао Чай:
-Энэ дэлхий дээр эдэлж болохгүй эд гэж үгүй. Эдэлж болох бүгд үнэтэй. Ийм цэцэн хүн байж чи, түүний нэг гол учрыг мэдэхгүй байгаа юм байна гэсэнд Ли Вань инээн:
-Хүнийг дуудаж авчраад гол юмаа ярихгүй, харин эрдэм номын дагсал хаялцахнээ гэв. Бао Чай:
-Эрдэм ном чинь гол юм шүү. Эрдэм номоор хөтлөхгүй бол эгэл ердийн болж дууснаа гэв. Тэд хөхрөлдөв. Тэгээд ярих юмандаа оров. Тань Чүнь бас залгаад:
-Манай энэ хүрээг тэднийхээс нэг дахин илүүгээр бодвол жилд дөрвөн зуун лан мөнгөний хүү олно. Одоо бас мөнгө төгрөг үржүүлж, төлжүүлэхэд хүрвэл манай мэтийн айл арай баахан эвгүй, тусгай хоёр хүн томилбол, арвин сайхан үнэтэй цэнэтэй эдийг ч сүйтгэх тул хамаг юмаа хуурайлах мэт болно. Тиймээс хүрээлэнд байгаа настай эмгэдээс, цэцэг жимс мэддэг, номхон томоотой хэдийг шилж додомдоод… тэднээр татвар тушаалгах ч хэрэггүй. Жилдээ ямар өргөц барилга барихыг хэлэлцвэл болох юм. Ингэвэл нэгд, цэцэг модыг тусгай хүн засаж залах тул жилээс жилд засрах нь яриангүй. Бас гэнэт нэг цагт яарч сандрах явдалгүй болно. Хоёрт, сандчиж сүйтгээд юмаа талаар барахгүй. Гуравт, настан эмгэд ч жил турш хүрээлэнд дэмий зүдрэхгүй. Бага сага олз нэмэр олж чадна. Дөрөвт, мөн эдгээр цэцэгчин, уулчин ба шүүрдэж цэвэрлэх хүмүүсийн зардлыг хэмнэж, үүгээр нь дутуугаа нөхөж болох тул болохгүй ч юм биш юм гэв. Тэнд зураг сонирхож байсан Бао Чай түүний үгийг бүрэн зөвшөөрч: “Зүйтэй зүйтэй. Гурван жилийн дотор олон гачиг үл тохиолдоно” гэсэнд Ли Вань:
-Энэ сайн арга болох байх аа. Тайтай лав баярлах байгаа. Мөнгө төгрөг арвилах бага хэрэг гэж ч болохгүй. Хашаа хүрээ шүүрдэх хүнтэй, тусгай хүмүүс ажил эрхлээд, хөдлөхөөс хөлстэй, хэрэглэхээс эрхтэй тул дахин алба ажлаа хийхгүй хүн үгүй болно гэв. Пин Эр: “Энэ учраа урьдаар найнайд хэлээрэй. Манай найнай ийм бодолтой байсан боловч амнаас нь хараахан гараагүй байсан байх. Одоо охид авхай нар энэ хүрээлэнд сууж байгаа тул эдлэл хэрэглэл илүүхэн бэлтгэж засахгүй мөртөө харин зоос арвилах гэж чандлан, додомдуулах үг амнаас гарахгүй нь лавтай болой” гэв. Бао Чай хүрч ирээд Пин Эрийн хацрыг илбэж инээн:
-Чи амаа ангайгтун. Шүд араа, хэл тагнай чинь юугаар бүтсэнийг үзье би. Өглөөнөөс одоо болтол ярьсан үгний чинь хэв маяг нэг л янз. Гуравдугаар авхайг ч магтахгүй. Найнайгаа ч санаж бодсонгүй гэхгүй. Гуравдугаар авхай нэг хэсэг юм яривал чи нэг хэсэг үгээр хариулаад. Энэ авхайн санаж олсоныг найнай чинь мөн санаж байсан боловч аргагүй нэг хийж болошгүй шалтгаан байгаад байсан байхнээ янз нь. Одоо бас авхай нарын суусан хүрээлэнг мөнгө арвилах хэмээн чандлан додомдуулах эвгүй гэнэ. Та нар энэ үгийг бодож үздээ. Үнэхээр хүнд өгч зоос олгуулах гэвэл, тэр хүн үнэхээр нэг ч цэцэг таслуулахгүй, нэг жимс хөдөлгөхгүй болно. Авхай нарт бол яриангүй тийнхүү аашилж чадахгүй. Бяцхан охидтой бол өдөр бүр хэрэлдэх болжээ. Үүний энэ хол ойрыг бодон тунгааж, огсойхгүй, царайчлахгүй занг үзвэл, найнай нь бидэнтэй муу байснаар бодоход энүүний үгийг сонсоод мөн дотроо гэмшиж сайн болно гэнэ гэв. Тань Чүнь инээн:
-Өглөө би ууртай байсан болоод энүүний ирсэнийг сонсоод, эзэн нь ажил эрхэлж байхдаа сүрхий зэрлэг хатуу аашилж байсныг саналаа. Тэгээд энүүнд уур хүрсэн юмаа. Энэ маань ирээд муурнаас айсан хулгана мэт удтал зогссоныг хараад би өрөвдсөөн. Тэгтэл тэр үгийг хэлж, эзэн нь над сайн гэхгүй. Харин “Авхай, манай найнайд сайн байсан сэтгэлийг сэвтээхгүй” гэсэн. Энэ үгийг сонсоод, миний уур гарч тайтгарсанаар үл барам сэтгэл уярсан. Нарийн бодож үзвэл, би бол нэг жаахан хүүхэн. Намайг санаж сарвайх хүн ч үгүй болоод байхад, би юугаараа хүнд сайрхана вэ гэсээр тэсэлгүй нулимас унагав.
Ли Вань нар түүнийг сэтгэлийн үгээ хэлснийг сонсоод бага эхнэр Жаог эрваатах бүр тэр Ван Фүрэний өмнө түүний төлөө зовж зүдэрч ирсэнийг санаж бүгдээр тэрхэндээ шаналав. Ли Шэнь:
-Өнөөдөр нам сэлүүн байхад, ашгийг хөгжөөж, гэмийг арилгах талаар зөвлөлдвөл тайтайгийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй болно. Тэгэхээр хэрэгтэй хэрэггүй юм ярьж юугаа хийхэв гэв. Пин Эр сандарч:
-Би ойлголоо. Авхай сайн гэснээ л томилбол барав” гэсэнд Тань Чүнь:
-Хэдий тийм боловч танай найнайд мэдүүлнэ. Бид бага ашиг олох юмыг хөөцөлдөх нь зохисгүй. Найнай чинь ухаантай хүн болохоор ойлгоно. Тэгээд л би ийм юм хийе гэж байгаа юм. Хэрэв ухаан муутай, атаа жөтөөтэй амьтан тэнд байгаа бол би юү гэж ийм юм хийе гэхэв. Түүнээс урьтаад л юм санаачилсан мэт болно. Зөвлөхгүйгээр хийж яаж болох вэ гэсэнд Пин Эр инээж:
-За тэгвэл ингэе. Би очиж хэлээд ирье гээд гарснаа, нилээд удаад эргэж ирэв. Тэгээд: “Би дэмий очжээ. Ийм сайхан юм хийх гэж байхад найнай юунд болохгүй гэхэв гэдгийг санасангүй” гэв.
Тань Чүнь, Ли Вань хоёр, хүрээлэндэх бүх эмгэдийн бүртгэлийг авчруулж, бүгдийг шүүж үзээд, хэдэн хүнийг сонгож авав. Тэгээд тэднийг дуудуулж авчруулж Ли Вань голлон тайлбарлав. Тэд их дуртай байв. Зарим нь: “Тэр хэсэг хулсыг надад өгчих. Нэг жил болбол дахиад нэг хэсэг гарч ирнэ. Өөрийн идэхээс гадна жилдээ нилээд зоос тушааж чадна шүү” гэсэнд бас нэг нь: “Тэр хэсэг тутарган тариаг надад тушаачих. Энэ наадмын их бага шувуудын оны хүнсэнд нийтийн зоос, амуугхөдөлгөх хэрэггүй. Би бас зоос, амуу тушааж чадна” гэж хэлэв. Тань Чүнь юм хэлэх гэтэл хүн ирж: “Оточ хүрээлэнд ирж Ши охиныг үзэх гэнээ” гэж мэдүүлэв. Эмгэд оточийг авчрахаар явав. Пин Эр“Оточийг дагуулж ирэх мэдээчин алга гэжүү” гэсэнд учир мэдүүлж ирсэн тэр хүн: “Баруун урд булангийн Жүй Жинь мэнь хаалганд хоёр хүн хүлээж байна” гэсэнд Пин Эр сая дуугүй болов. Эмгэдийг гарсаны дараа Тань Чүнь, Бао Чайгаас “Ямар вэ дээ” гэсэнд цаадах нь инээж:
-Хичнээн яарч шамдаж эхлээд гэлдэрч л дуусна. Сайхан үг хэлээд л ашигт шунана даа гэсэнд цаадах нь бүртгэл дээрээс хэдэн хүнийг зааж, тэдэнд үзүүлэв. Пин Эр бийр янтай авчрав. Тэд:
-Энэ Жу ээж тохирно. Өвгөн, хүү хоёр нь үе улиран хулс тарьж ирсэн улс. Энэ бүх хулсыг түүнд хариуцуулъя. Энэ Тянь гуай бол угаасаа тарьсаар ирсэн хүн. Тутарганы тосгоны хавийн тариа ногоо, үзэмжийн зүйл болох тул нэг их хагалж, тарих хэрэггүй боловч, тэр очиж нямбай сайхан арчилж цаг тухайд нь усалж, бордож байвал сайн юм гэцгээв. Тань Чүнь: “Хун Ү Юань, И Хун Юань энэ хоёр хүрээлэнгийн их газраас гарах юмгүй нь юутай хайран бэ” гэсэнд Ли Вань: “Хун Ү юань чинь тун сүрхий шүү дээ. Одоо үнэртэний пүүс ба их зээл, их сүмд худалдаж байгаа үнэрт эм, үнэрт өвс цөм энд байдаг юм бишүү. Харин бусад газраас илүү ашиг эндээс олж болох юм бишүү. И Хун Юаний хувьд ч гэсэндээ хавар зуны хоёр улиралд хичнээн саргай цэцэг ургадаг вэ. Бас тэр хашаан дээрх цанхуй, сарнай, сайхан хэвтэй, алтан цэцэг, мөнгөн цэцэг, ороонго, эднийг чинь цайны пүүс, эмийн пүүсэнд аваачиж худалдвал багагүй зоос олох байлгүй” гэсэнд Тань Чүнь толгой дохин инээж: “Цэцэг өвсний арчилгааг мэдэх хүнгүйдээд байна” гэтэл Пин Эр“Бао авхайг дагаж байгаа Ин Эрийн ээж үүнийг сайн чадна. Дээрхэндээ, тэр түүж хатаагаад, цэцгийн сагс сүлжин надад өгч байсныг авхай мартжээ” гэсэнд Бао Чай инээж:
-Би сая чамайг магтаж байхад чи надаар наадам хийх нь… гэсэнд цаадуул нь: “Яагаад” гэж асуув. Бао Чай:
-Тэр болохгүй. Танай энд өчнөөн олон чадалтай хүн ажил хийхгүй зүгээр сууцгааж байхад би нэг хүн дагуулаад ирвэл тэд намайг хүртэл муу хэлнэ. Би харин та нарт нэг хүн зааж өгье. И Хун Юаньд нэг настан бий. Тэр бол Бэй Мингийн ээж Е гуай. Тэр бол номхон шударга сайн хүн. Мөн манай Ин Эрийн ээжтэй их найз. Тэр ажлыг энэ хүнд даалгавал, тэр мэдэх юмаа биднээс асуухгүй, Ин Эрийн ээжээс асууна. Тэд ямар ч юмыг түүгээрээ дэл сул яриа гарсан ч бидний толгой дээр ирэхгүй. Ингэвэл та нарын хийсэн ажил шударга голч, эв зүйтэй болно гэж ярив. Ли Вань, Пин Эр хоёр: “Маш зүйтэй” гэж зөвшөөрсөнд Тань Чүнь: “Хэдий тийм боловч тэд ашгийг үзвэл журмыг мартаж мэднэ” гэв. Пин Эр: “Тэр хамаагүй. Бас Ин Эр, Е ээжийг хуурай ээж гэдэг юм. Үе үе залж дайлна. Ер нь тэднийхэн хоорондоо их зузаан шүү” гэв. Тань Чүнь дуугарсангүй. Тэд цааш нь хэд хэдэн хүнийг сонирхсон боловч тэд нар нь огт үзээгүй хүмүүс байсанд тэмдэг тавив. Хоёр эмгэн ирээд: “Оточ явжээ” гэж мэдүүлээд эмийн жорыг өгсөнд тэд үзэв. Гаднаас эм авчруулж найруулан уулгахаар захиалаад дараа нь Ли Вань, Тань Чүнь хоёр тэдэнд хандаж:
-Хэн аль газрыг хариуцаж, дөрвөн улиралд хэрэглээд гэрийн дотор тогтсон ёсоор, тушаах зүйлээ бүрэн гүйцэд тушаагаадүлдсэнийг та нар аваачиж ашиг орлогоо болго. Жилийн эцэст тооцоог бодно” гэсэнд Тань Чүнь:
-Би нэг юм саналаа. Жилийн эцэст данс бодвол, дансны гэрт тушаахад хүрч дээр нь бас давхар мэдээчин нэмэгдээд, түүний алган дотор бас нэг давхар арьсаа хуулуулна. Одоо бид ийм явдлыг санаж та нарыг томилсон нь нэгэнт тэднээс хэтэрсэн тул дотроо ууртай байвч гаргаж хэлж чадахгүй байна. Та нар жилийн эцэст очиж данслуулбал, тэд та нараар оролдохгүй юугаа хүлээнэ вэ. Энэ нэг жилийн дотор юу хариуцваас эзэн нь нэг хувь хүртэж тэд хагас хувь хүртэх нь хуучин дүрэм болохоор хүмүүс мэдэж байгаа. Одоогийн энэ хүрээлэнгийн ажлыг би сэдэж үүсгэсэн тул тэдний гарт оруулалгүй, жил бүр дотор аваачиж дансалнаа. Тэр дээр байх гэв. Бао Чай инээж:
-Дотор ч данслуулах хэрэггүй. Энэ нь илүүдэж, тэр нь дутаад яршиг болно. Тэднээс асууж хэн энэ хувийг дааж авах дуртай бол даруй тэр учрыг даалгавал болох бишүү. Хүрээн дэх хүн хэрэглэх төдий болно. Ер нь тоотой хэдхэн юм байна. Гэзэгний тос, оо энгэсэг, хүж, цааснаас хэтрэхгүй. Авхай нэг бүр хэдэн инжтэй нь тогтоолтой юм чинь. Бас гэр бүрийн шүүр, дэвүүр, хөвүүр, том бага жигүүртэн шувууд, буга, туулай идэх будаа… Энэ л биз дээ. Цөмийг тэдэнд даалгавал дансны гэрээс зоос авах явдалгүй. Чи бодоод үз. Хэдий арвилж чадна вэ гэв. Пин Эр инээж:
-Энэ хэдэн зүйл чинь хэдий бага боловч нэг жилд дөрвөн зуу гаруй лан арвилж чадна шүү гэв. Бао Чай:
-Бас байна. Нэг жилд дөрвөн зуу. Хоёр жилд найман зууг тушаавал яваандаа хэдэн тасалгаа ч авна шүү. Тариа ч хэдэн му авч чадна. Тэд жил турш ядрах тул үлдсэнийг нь тэдэнд орлого болгож болно. Ашиг олж, арвилж гамнах нь гол зарчим болох боловч хэтрүүлж болохгүй. Дахин хоёр гурван зуун лан арвилаад, их дүрмийг эвдвэл болохгүй. Тиймийн тул ийнхүү үйлдвээс гаднах дансны гэр жилд дөрөв таван зуун лан мөнгө дутуу гаргах тул төдий хэмнэсэнд орохгүй. Доторх тэд ч мөн бага сага нэмэр олно. Эдгээр ажил орлогогүй эмгэд ч гар тавиу болно. Хүрээлэнгийн цэцэг мод ч жилийн жилд сайхан ургаад сахлаг болно. Та нар ч эдлэх юмаа олоод, бараг их ёсыг алдагдуулахад шийдвэл хаанаас ч хэдэн мөнгө олно шүү. Бага сага үлдсэн ашиг бүхнийг албаны дансанд оруулбал, тэр цагт гадна дотногүй гангиналдаад, танай мэтийн айлын нэр нүүрт халдахгүй юү. Одоо энэ хүрээлэнгийн олон настан ээжийн дотроос ганц нэгд нь юм өгвөл үлдсэн нь гомдоно шүү дээ. Миний саяын хэлсэн энэ хэдхэн зүйлийг бүрэн даавал элбэг дэлбэг болно. Нэг жилд үүнээс гадна хүн бүр илүүтэй ч, илүүгүй ч хамаагүй хэдэн мянган зоос гаргаж бүгдийг нь нийлүүлээд энэ хүрээлэнгийн настай ижий нарт түгээж өгвөл зохино. Тэд хэдийгээр эдгээр зүйлээр хүсэхгүй боловч энэ хүрээг өдөр шөнөгүй анхааран харгалзаж, зарц нар нь үүд хаалгыг даран битүүлж, эрт босож, орой унтаж, цас бороонд даарч хөрч, охидыг гарч ороход сүйх дамнан, онгоцоор сэлж, тэшүүрээр зүтгэн хамаг хүнд хүчир ажлыг тэд л гүйцэтгэж байна. Энэ хүрээнд жилийн турш зүдрээд, олз омог олдвол түүнээс бага сагыг ч гэсэн хүртэх нь зүй юм. Нэг үгийг шууд хэлбэл, та нар өөрийн элбэг дэлбэгийг бодоод, тэдэнд бага ч атугай юм хүртээхгүй бол, тэд хэдий ил хэлж чадахгүй ч гэсэн дотроо дургүйцэх тул албаны нэрээр амиа бодож цэцэг жимснээс чинь илүү хэдийг тасалбал та нар ч мөн дуугарч чадахгүй дэмий л бухимдана. Харин тэд ашиг орлого олж чадвал та нарын хийж чадаагүй юмыг ч өгч магадгүй гэв.
Эмгэд энэ мэт үгийг сонсоод дансны гэрт захирагдах ч үгүй, Фөн Жед очиж данс бодуулах ч үгүй, жилдээ хэдэн мянган зоос гаргах төдий тул ихэд баярлалдан хөөрөв. Тэд: “Нухлагдаж, нухлагдаж бас зоосоо өгсөнөөс дээр болно” гэлцэв. Бас газар, тариа хамаарахгүйгээр, жил бүрийн эцэст зоос олно гэдгийг сонсоод баярлалдаж, өөр зуураа, зовж зүдэж оролдох тул үлдсэн зоосыг хувьдаа хэрэглэх нь зүй юм. Бид яалаа гэж бэлэн юм идээд сууж байж болох вэ гэлцэнэ. Бао Чай инээж:
-Эжий нар ч татгалзсаны хэрэггүй. Үүнийг хүртэцгээх нь зүй юм. Та нар ажлаас зайлж алжууруулахгүй, хүмүүсийг дураар архи уулгаж, мөрийтэйтоглуулахгүй, өдөр шөнөгүй хичээж шамдан ажиллавал болноо. Тэгэхгүй бол би ч энэ ажлыг хариуцах хэрэггүй болно. Та нар мэдэж л байгаа. Их найнай энэ ажилд оролцож завдахгүй байна. Өөр бусад авхай нар бага байна. Намайг, эдний ажилд тусалж, харж хандаж бай гэж захисан юм. Би үгийг нь дагахгүй бол тэдний мааньсэтгэл тайвангүй болноо. Манай тайтай ч өвчин эмгэгтэй, гэр зуурын ажил нь их, би бол сул чөлөөтэй хүн болохоор тэднийхээ найдсаныг байтугай, айл хөршийнхээ ажлыг ч дэмжиж туслах нь зүйн хэрэг. Миний талаар хэн нэгэн илүү дутуу үг хэлүүзэй гэж болгоомжлох ч хэрэггүй. Би ганцхан өөрийн нэр нүүрийг бодоод байтал архинд шунаж, мөрийтэй тоглоод ийм тийм учир гарвал одоо би яаж тэднийхээ нүүрийг харнаа! Тэр цагт та нар гэмшивч тус болохгүй. Та нараас урьд олсон нэр нүүрээ ч гээхэд хүрнэ. Эдгээр охидыг, энэ их цэцгийн хүрээлэнг та нараар хариуцуулж байх нь, та нар бол цөм гурав дөрвөн үеийн настай эжий нар. Дүрэм журмыг сайтар сахиж ирсэн улс. Одоо бүгдээрээ нэгэн сэтгэлээр ёс дэглэмийг хичээх нь зүйн хэрэг. Та нар харин улсын дурыг дагуулан санаагаар нь архи уулгаж, мөрийтэй тоглуулбал тайтай найнай нар сонсоод сурган донгодох нь бага хэрэг. Харин мэдээчин эхнэрүүд мэдээд, хошуу хүргэвэл настай та нар маань хатуу юм сонсоход хүрнэ шүү. Хэдийгээр тэд мэдээчин учир та нарыг мэдэж захирах нь зүй боловч өөрсдөө хичээж байх юм бол тэд яаж ч чадахгүй. Тиймийн тул би та нарт энэ хувийн гаднах олз орлогыг бодож олсон нь, мөн та нараар энэ хүрээлэнг нэгэн сэтгэлээр болгоомжтой сайхан хариуцуулах гэсэн санаа юмаа. Эрх дархтай мэдээчид, энэ мэт сайхан авч явж байхыг үзвэл, тэд ч зовох явдалгүй тул дотроо бишрэхгүй юү. Мөн та нарт олз, орлого бодолхийлсэн санааг мартахгүй биз. Та нар хариад миний ярьсныг бодож үзээрэй гэв.
Тэд бүгдээр баярлаж: “Авхайн үг маш зөв. Цаашдаа авхай, найнай нар тайван байцгаа. Та нар маань биднийг энэ мэтээр хайрлан халамжилж байхад бид бас дээдсийн санааг мэдэхгүй бол тэнгэр өршөөхгүй бизээ” гэцгээв.
Тэднийг ийн ярилцаж байтал Линь Жишяогийн эхнэр орж ирээд: “Жян нань газрын Жэнь ордны гэр бүл өчигдөр нийслэлд хүрч ирээд, өнөөдөр ордонд очиж, эзэнд бараалхаад, сая хүн илгээж бэлэг барин амар эрлээ” гэсээр бэлгийн дансыг барив. Тань Чүнь аваад үзвэл, эзний хэрэглэх, дарт магнаг, луут магнаг арван хоёр толгой, өнгө ялгарсан магнаг арван хоёр толгой, мөн эзний хэрэглэх өнгө бүрийн ша торго арван хоёр толгой, ордны дурда арван хоёр толгой, ордонд хэрэглэх өнгө бүрийн торго дурдан, хив ша хорин дөрвөн толгой гэсэн байв. Ли Вань бас үзэв. Тэгээд тэр хоёр” “Дээд битүүмжээр2 шагнатугай” гээд хүн илгээж Жя Мүд айлтгав. Тэрбээр тэднийг дуудуулж бэлгийг үзэв. Ли Вань нэг талд тавиад, дотоод сан хамаарагчид” “Тайтай ирээд үзсэн хойно хураатугай” гэж захив. Жя Мү: “Энэ Жэнь овогт өөр айлтай адилгүй. Дээд битүүмжээр бүстэй хүнийг шагнана. Мөд бас бүсгүй хүнийг илгээж амар эрүүлж мэднэ. Тэгэхээр торго дурдан бэлтгэсүгэй” гэж хэлэв.
Ийнхүү ярьж байтал үнэхээр хүн ирж: “Жэнь ордны дөрвөн бүсгүй ирж амар эрнэ” гэж мэдүүлсэнд Жя Мү яаран хүн явуулж авчруулав. Тэр дөрөв цөмөөр дөчөөс дээш насны, өмсөж зүүсэн нь эзэн хүнтэй бараг адилхан байлаа. Тэднийг мэнд мэдсэний дараа сандал авчруулан суухыг урьсанд, Бао Чай нарыг суусны дараа сууцгаав. Жя Мү:
-Хэзээ нийслэлд ирцгээв гэсэнд дөрвүүл яаран босоод:
-Өчигдөр нийслэлд хүрч ирлээ. Өнөөдөр тайтай охидыг дагуулан ордонд очсон тул биднийг нааш нь явуулж, амар эрүүлж авхай нарын мэндийг асуулгалаа” гэж хариулав. Жя Мү инээж:
-Та нар ойрын жилд ирээгүй болохоор гэнэтхэн хүрээд ирнэ гэж санасангүй гэсэнд цаадуул нь:
-Үнэхээр тийм шүү. Энэ жилийн хувьд бол эзний дуудсан зарлигийн ёсоор ирлээ гэв. Жя Мү:
-Гэр хотлоороо ирцгээв үү гэсэнд тэд:
-Лао тайтай, агь хоёр, Шюэ Жэ, нөгөө тайтай ирээгүй. Тайтай гуравдугаар авхайтайгаа ирсээн гэж хариулав. Жя Мү:
-Харьд очихыг хэлэлцсэн үү гэсэнд цаадуул нь:
-Үгүй байсаараа гэв. Жя Мү инээж:
-Танай их авхай, хоёрдугаар авхай хоёр чинь манайхантай сайн байдаг юм гэв. Тэр дөрөв инээж:
-Нээрэн тийм шүү. Авхай нар жил болгон захидал бичихдээ, цөм энэ ордны харгалзсан ач буяныг дурсдаг юм гэв. Жя Мү инээж:
-Юуны нь “Харгалзах вэ” үеийн үед сайхан явж ирсэний дээр бас хуучин төрөл тул сайн явалцах ёстой. Танай хоёрдугаар авхай нэн сайн. Дээрэнгүй зангүй тул бид найртай сайхан байдаг гэсэнд цаадуул нь инээж:
-Лао тайтай хэтэрхий хөнгөмсөглөжээ гэцгээв. Жя Мү:
-Танай агь бас Лао тайтайгий чинь дагаж байна уу гэж асуусанд тэд:
-Тэгж байгаа гэв. Жя Мү:
-Хэдэн настай билээ. Сургууль мургуульд явж байна уу гэсэнд хүүхнүүд инээж:
-Агь энэ жил арван гуравтай. Тэгш цэвэр төрсөн тул Лао тайтайих хайртай. Багаасаа тэсгэлгүй алиа. Өдөр бүр сургуулиас дутаана. Лао е, тайтай хоёр ч төдий л чандлан сургаж дийлэхгүй байна гэцгээв. Жя Мү инээж:
-Бас манайхтай адил болсон юм бишүү. Танай тэр агь ямар нэртэй вэ гэсэнд тэд нар
-Лао тайтайэрдэнэ мэт санахаас гадна бас гэгээн цагаан төрсөн тул өөрөө Бао Юй /Хаш эрдэнэ/ гэж нэр өгсөн юмаа гэж хариулав. Жя Мү, Ли Ваньд:
-Бас очиж, очиж Бао Юй гэнээ гэсэнд цаадах нь толгой мэхийн инээж:
-Эртнээс одоог хүртэл нэг үе буюу үе алгасаад адил нэртэй хүн олон байх юм билээ гэсэнд зочид:
-Энэ багын нэрийг өгсөнөөс хойш бид дээр доргүй гайхаж аль нэг ойр садны айлд нэг байх мэт сонссон боловч арваад жил нийслэлд ирсэнгүй тул тодорхой юм дуулсангүй гэцгээв. Жя Мү инээж:
-Миний ач хөвгүүн бий. Одоо ирүүлнэ гээд инж нарыг дуудсанд тэд “За” гээд урагш хоёр алхсанд: “Хүрээлэнгээс Бао Юйг дуудаж ирүүл. Энэ дөрвөн мэдээчин авгайд үзүүлье. Тэдний Бао Юйгээс ямар байх нь вэ” гэв. Тэд яаран явцгааж төдөлгүй Бао Юйг хүрээлэн орж ирэв. Дөрвөн хүүхэн түүнийг хармагц ухасхийн босоод: “Бид хараад цочлоо. Бид энэ ордонд биш, хаана нэгэн газар энэ агитай таарсан бол манай Бао Юй бидний араас нийслэлд иржээ гэж бодох байлаа” гэцгээн түүний гараас барьж энэ тэрийг асууцгаав. Бао Юй инээн мэндлэв. Жя Мү инээн: “Танайхаас ямар байна вэ” гэсэнд Ли Вань хажуугаас нь: “Эдний ярьснаар бол, төсөөтэй төрсөн бололтой” гэв. Жя Мү: “Нээрэн тийм байхаа. Их гэрийн хүүхэд эрх танхи өсөх тул, царай муутай шарх сорвитой байсан ч хальт харахад төлөв адилхан тэгш сайхан харагдах нь гайхмаар юм бишээ” гэв. Дөрвөн хүүхэн инээж
-Ингээд харахад, хоёр агийн зүс царай адилхан байна. Лао тайтайгийн хэлснээр, алиа нь ч адилхан юм. Харин энэ агийн зан нь манайхаас их дээр байхаа гэсэнд Жя Мү: “Яагаад” гэж асуув. Тэд инээж:
-Сая бид агийн гарыг бариад мэдлээ. Манай тэр байсан бол биднийг тэнэг гэнэ. Гарыг нь барих байтугай, юмыг нь жаахан хөдөлгөхийг ч зөвшөөрөхгүй. Түүнд бүсгүй хүүхэд л зарагдана гэв. Тэдний ийн ярихад Ли Вань, эгч дүүс дуу алдан хөхрөлдсөнд Жя Мү бас хөхөрч:
-Бид одоо хүн явуулж танай Бао Юйтэй уулзуулаад гарыг нь баривал чадан ядан аргалж өнгөрөөх байгаа. Танай, манай мэтийн ийм айлын хүүхэд ямар этгээд муухай зантай боловч гадны хүний дэргэд бас эрх биш ёс номтой аашлах байхаа. Ёс номтой аашлахгүй бол лав хүлээхгүй биз. Ихэс дээдэс нь хэдий эрхлүүлэв, нэгд тэр төрсөн нь хувьтай, хоёрт, хүний дэргэд ёс номтой байх нь, их хүнээс гараад хайрлуулж энхрийлүүлнэ. Тийм болоод далдуур баахан зоргоор аашлах нь бий. Хэзээд хүний өөрийн гэж ялгахгүй, ихэс дээдсийнхээ нэр нүүрийг бодохгүй аашилбал, хэдий хувьтай төрсөн ч гэсэн түүнийг чинь занчихгүй байж болохгүй шүү гэв. Зочин хүүхнүүд инээж:
-Лао тайтаймаш үнэн юм ярьж байна. Манай Бао Юй хэдий алиа зантай боловч заримдаа зочны дэргэд бол ёс номтой байж, их хүнээ харуулахад нь цөм л хайрладаг юмаа. Түүнийг яагаад зодуулдаг вэ гэвэл, тэр гэртээ тэнгэр газаргүй алиалж, том хүний хэлэхгүй үгийг хэлж, хүний санаанд оромгүй юм үйлдэх учир Лао е, тайтай хоёр арга буюу уурладаг юмаа. Зоргоор аашлах нь хүүхдийн зан, шальж сүйтгэх нь ч агь хүний зан, сургуулиас дутаах нь мөн л хүүхдийн зан. Энэ бүхнийг засаж болно. Харин энэ төрөлхийн этгээд муухай занг нь яах вэ гэдэг л байна гэцгээв.
Тэднийг ийн ярилцаж байтал хүн ирж: “Тайтай ирлээ” гэв. Төдөлгүй Ван Фүрэнь орж ирээд нийтийн амрыг эрсэний дараа зочин хүүхнүүдтэй мэндэлж, ойр зуурын хэдэн үг хэлсэнд Жя Мү: “Харьж амартугай” гэв. Ван Фүрэнь цай аягалж өгөөд гарав. Дөрвөн хүүхэн, Жя Мүтай салах ёс гүйцэтгээд Ван Фүрэнийд очиж, ойр зуурын юм ярилцаж байгаад явцгаав.
Жя Мү тэднийг явсны дараа уулзсан бүхэндээ: “Бас нэг Бао Юй байгаа юм байна. Төрх байдал нь их адилхан юмаа” гэж баяр хөөртэй ярина. Харин Бао Юй: “Дэлхий дахины ноёд түшмэдийн гэрт адил нэртэй хүн олон байдаг. Эмэг ээж нь ачаа энхрийлэн эрхлүүлэх нь тийм ховор гайхмаар юм ч биш, энгийн явдал тул хүмүүс төдий л гайхсангүй. Миний хувьд бол яахав, би мангуу агь тул мөнөөх дөрвөн хүүхэн, Жя Мүг баясгах үг хэлэв” гэж бодоод Шян Юнийг эргэхээр хүрээлэнд очив. Цаадах нь:
-Чи тэгээд яахав, санаа амар явж л байхгүй юү. “Ганц мод гал болохгүй, ганц хүн, хүн болохгүй” гэдэг үг байдаг ч, чи одоо хос болоод айлтгүй болжээ. Дэггүй аашилж байгаад дахиад зодуулчихвал, Нанжин хотод дутааж очоод уулзах хүнтэй болжээ гэсэнд Бао Юй:
-Тэр худал үгэнд чи бас итгэж байгаа юм уу. Бас нэг Бао Юй байж болох уу гэж асуув. Цаадах нь:
-Аль дээр үед нэг Линь Шян рү гэж байсан. Тэгтэл Хан улсын үед бас нэг Сыма Шян рү гэж байсан шүү дээ гэж хэлсэнд, Бао Юй:
-Тийм бол төрх байдал нь бас адилхан байхуу гэв. Шян Юнь:
-Куан Рэнь, Күнзийг хараад юунд Ян Хуо гэж андуурсан юм бэ гэв. Бао Юй инээж:
-Күнз, Ян Хуо хоёр төрх байдал нь адилхан боловч нэр нь өөр шүү дээ. Линь, Сыма хоёр адил нэртэй боловч зүс царай нь өөр байсан. Тэгэхээр би тэр агитай адил байж болох уу гэсэнд цаадах нь:
-Чи дэмий юм ярьж байна. Би чамтай маргахгүй. Тийм байсан ч, тийм байгаагүй ч надад хамаагүй гээд хэвтэв. Бао Юй дотроо: “Үгүй гэхэд байх мэт. Нүдээр үзээгүй болохоор хэн мэдлээ” гэж бодоод уйтгарласаар гэртээ орж, орон дээрээ гараад, мансууран байтал, нэгэн цэцгийн хүрээлэнд орж очив. Тэрбээр цочиж дуу алдан: “Манай Да Гуань Юань хүрээлэнгээс өөр ийм хүрээлэн байдаг юм уу” гэж гайхшран байтал тэртээгээс хэдэн охин гүйж ирсэн нь цөм инж нар байв. Бао Юй бас л: “Юань Ян, Ши Рэнь, Пин Эрээс гадна бас ийм улс байдаг юм уу” гэж хашгирав. Мөнөөх инж нар инээж: “Бао Юй яагаад энд ирсэн юм бэ” гэсэнд, тэрбээр өөрийгээ хэлэв гэж бодоод инээж: “Би энд санаандгүй ирчихжээ. Энэ чинь хэний цэцгийн хүрээлэн бэ. Эгч нараа, намайг дагуулаад эндэхийг үзүүлээч” гэсэнд цаадуул нь “Чи манай Бао Юй биш байна. Энэ чинь цэвэрхэн царайтай, хурц хэл амтай, сүрхий сэргэлэн хүн байна” гэцгээв. Бао Юй сандарч:
-Танай энд бас нэг Бао Юй байдаг юм уу гэж асуусанд өнөөх инж нар:
-БаоЮй гэсэн хоёр үг бол манай гэрт Лао тайтай, дайдагийн зарлигаар түүний насан хутгийг уртатгах, гай барцадыг арилгахын төлөө бөгөөд бид дуудвал тэр баярлана. Хаанаас золбиширч ирсэн чи муу бэлтрэг дэмий дуудаж байна вэ. Муу махаа таслуулуузай чи… гэсэнд бас нэг нь инээж:
-Бид одоо хурдан явлаа. Бао Юйд харагдаж болохгүй гэсэнд нөгөөх нь:
-Энэ муу өмхий хөвгүүнтэй удаан яривал муухай үнэр нь бидэнд шингэнэ шүү гэсээр алга болцгоов. Бао Юй ихэд гайхан “Би ер нь ингэж адлагдаж байгаагүй хүн. Эд нар яагаад ийм авир гаргав. Үнэн над шиг хүн байгаа юм болов уу” гэж бодсоор цааш явж нэг хүрээнд орж очив. Тэгээд, манай хүрээлэнгээс өөр бас ийм хүрээлэн байдаг байхнээ гэж бодон гайхсаар дотогш орвол, орон дээр нэг хүн хэвтэн, тэнд хэдэн охин юм оёцгоож инээлдэн байна. Орон дээр хэвтэж байгаа нь жаахан хөвгүүн юм. Тэрбээр санаа алдсанд нэг инж: “Бао Юй чи унтахгүй, юунд санаа алдав. Охин дүүгээ өвдөв гэж зовон гашуудаж байгаа биш биз” гэж асуув. Энэ үгийг сонсоод Бао Юйг цочтол, орон дээрх хөвүүн: “Би Лао тайтайгаас сонслоо. Чан Ань нийслэлд бас нэг надтай адилхан зантай Бао Юй байна гэнэ. Түүнд би итгэхгүй. Би сая зүүдээрээ нийслэлийн нэг цэцгийн хүрээлэнд орж, хэдэн эгчтэй учирлаа. Намайг цөм өмхий бэлтрэг гээд тоохгүй яваад өгөв. Арай гэж гэрийг нь олоод орсонд тэр харин унтаад, бодь биегүй, хоосон тулам байх юм” гэж байна. Бао Юй энэ үгийг сонсоод: “Би Бао Юйг эрж энд ирсэн юмаа. Харин би тэр Бао Юй байсан юм уу” гэсэнд орон дээрх хөвгүүн яаран босож гараас нь татаад инээн:
-Харин чи, Бао Юй байсан юм уу. Энэ зүүд биш биз гэж асуухад нь Бао Юй:
-Энэ юуны зүүд байхав. Үнэнээс үнэн байна гэв.
Ийн хэлтэл хүн ирж: “Лао е, Бао Юйг дуудаж байна” гэсэнд тэр хоёр зэрэг айн сандрав. Нэг Бао Юйг яаран явтал нөгөө Бао Юй нь: “Бао Юй хурдан нааш ир. Хурдан нааш ир” гэж дуудав.
Ши Рэнь, түүний зүүдлэн бархирахыг сонсоод түлхэн сэрээж инээн: “Бао Юй хаана байна вэ” гэсэнд тэрбээр сэрсэн мөртөө ээдий бүүдий байсаар, үүд зааснаа: “Сая гарсаан, холдоогүй байхаа” гэв. Ши Рэнь инээж: “Тэр чиний зүүд байхаа. Нүдээ арчаад сайн хар. Чиний толинд туссан дүр байх” гэв. Түүний хэлснээр харвал, хөвөөтэй том толинд өөрийн нь дүрс харагдсанд инээд нь хүрэв. Энэ үед инж нар цай авчирч амыг нь зайлуулав. Шө Юэ: “Лао тайтай, хүүхдийн дэргэд том толь тавьж болохгүй. Түүний сүнс нь бүрэлдээгүй тул толинд их тусвал муусайн зүүд зүүдэлдэг юм гэж захидаг нь үнэн юм. Одоо тэр толины дэргэд нэг ор тавья. Тэгээд толийг дандаа бүтээж байя. Унтахын өмнө толинд нүүрээ хараад, тэгсгээд унтвал заавал зүүдэлдэг. Тийм биш бол юү гэж өөрийнхөө нэрийг дуудах вэ дээ” гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Ван Фүрэнь хүн явуулж Бао Юйг дуудуулжээ. Тэр хоёр уулзаад юу ярьсаныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!
Тайлбар:
Жизи бичиг-Зохиож хэлсэн эртний бичгийн нэр Доорх үг нь мөн зохиомол зүйл болно
Дээд битүүмж-Шагналын мөнгийг улаан цаасан дугтуйд хийж битүүмжлэхийг хэлнэ.
Холбоотой мэдээ