Нохой жилийн сюрприз юу байх бол?

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нохой жилийн сюрприз юу байх бол?

Нохой жилийн сюрприз юу байх бол?

Монгол түмэн нэгэн жилээ үдэж, шинэ оноо угтан авлаа. Алтан унжлагат тахиа жил шувтарч, Тийн унжлагат хэмээх нохой жил цаг тооллоо эхлүүллээ. Шинэ он гарах болгонд хүн бүр хүсэл мөрөөдөлдөө алхам ойртоно гэсэн найдлага тавьдаг. Улс орны хувьд ч мөн адил.

Уламжлал ёсоор төрийн гурван өндөрлөг улирч буй оноо дүгнэн, ирж буй онд тавьж буй найдлагаа хуваалцлаа. Эрх баригч хүчний хувьд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн жилийн эдийн засгийн ололт амжилтыг онцгойлон дурдлаа.

Тахиа жилд төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биелж, гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэн 3,2 тэрбум доллар болжээ. Экспортын орлого зургаан тэрбум доллар хүрч, сүүлийн хэдэн жил дараалан буурч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрчээ. Дампуурлаа зарлах дээрээ тулж байсан хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад үнэхээр сайхан мэдээтэй тахиа жилээ үдлээ.

Харин нохой жилдээ ямар найдлага тавьж байна вэ? Улстөрчдийн өөрсдийн нохойнд ч долоолгодоггүй, хүний нохойнд ч өгдөггүй уул уурхай, дэд бүтцийн том төслүүд хөдлөх үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд “улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлаа эрчимжүүлэх болно. Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно” хэмээн амалжээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга гацаанд орсон том төслүүдээ урагшлуулах жил байх болтугай хэмээн ерөөжээ. Нохой жилд монголчууд аж үйлдвэрийн салбарт ихээхэн амжилт олж байсан түүхтэйг Ерөнхийлөгч онцлон дурджээ. Тухайлбал, 1934 онд хөхөгчин нохой жил эрчим хүчний анхны комбинат, аж үйлдвэрийн анхны комбинатын үндэс суурийг тавьсан, 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, үндэсний үйлдвэрлэл болсон цагаан идээг орчин үеийн технологиор үйлдвэрлэх үйлдвэртэй болж, саван, шил гэх мэт хүний хэрэгцээг хангасан олон томоохон үйлдвэрүүдийг нээж байсан, 1982  оны усан нохой жил монголчууд Сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн монголчууд дэлхийд брэнд болон ноос, ноолуурын бүтээгдэхүүнээрээ гайхамшгийн эхлэлийг тавьж байсныг жишээ болгон дурджээ. Бүхий л зүйлийг “үндэсний агуулгад багтаадаг” Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн салбарыг сэргээх хүсэл эрмэлзэл ажил хэрэг болоосой гэсэн найдлага мэдээж монгол хүн бүрийн найдлага. Гэхдээ зөвхөн өөрийн зах зээлээ хамгаалсан протекционист бодлого богинохон үечлэлд ашгаа өгч байснаас холын ирээдүйдээ ашиггүй байдгийг нотолсон түүх дэлхийд олон байдаг. Мөн эдийн засгийн том төсөл зөвхөн улс төрийн хүрээний зөвшилцлөөр дамжин хэрэгжих боломжтой. Ийм зөвшилцөл л нохой жилийн гол сюрприз байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж