“Монгол-Хятадын экспо 2017” арга хэмжээний үеэр хохирсон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхэлжээ. Бид энэ асуудлаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваагаас тодрууллаа.
-Өнгөрөгч 2017 онд Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагийн үзэсгэлэн худалдаа Өвөрмонголын өөртөө засах оронд зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээ хэр амжилттай зохион байгуулагдсан гэж үзэж байна вэ?
-2017 онд Монгол Улсын Засгийн газар Өвөрмонголын өөртөө засах оронтой хамтран Монгол-Хятадын экспо хоёр дахь удаагийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 285 байгууллагын 600 гаруй оролцогчид оролцож, бүтээгдэхүүнээ борлуулсан. Нөгөө талаар, бизнес эрхлэгчид төсөл танилцуулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд уулзалт хийж, 60 гаруй төсөлд гарын үсэг зурагдаж, хоёр талаас баталгаажсан байна.
–Үзэсгэлэн худалдааны үеэр мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн хил нэвтэрч чадаагүйн улмаас Монголын аж ахуй нэгжүүд хохирсон асуудал үүссэн. Хохирлыг барагдуулах асуудал саяхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шийдсэн гэсэн мэдээлэл цацагдсан?
-Үзэсгэлэнд мах болон сүүн бүтээгдэхүүн хил нэвтрэхэд Хятадын талын хорио цээрийн асуудал үүсч, нийт 39 байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж чадаагүй. Энэ бол Хятадын талын үйл ажиллагаатай нэг талаараа шууд холбоотой. Анхнаасаа Монголын талаас үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүн гэдэг утгаараа үзэсгэлэн худалдааны баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт хийсэн. Гэтэл бичиг баримтыг Хятадын талаас өөрчлөх шаардлагатай болж, худалдааны бараа бүтээгдэхүүн буюу ямар нэгэн тусгай горим, хөнгөлөлтгүйгээр хил нэвтрүүлэх шаардлагатай болсон. Мөн нөгөө талаар манай улсын мах махан бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүн ачуулж байгаа аж ахуй нэгжүүдээс сав баглаа боодолгүй, хаяг шошгогүй, технологийн горим алдсан, вакумжуулсан бүтээгдэхүүн болон мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүн илэрсэн.
Мөн Хятадын тал Монголын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг хил гааль дээр хэт их удаан задаргаагүй байлгаснаас болж зарим нэг бараа бүтээгдэхүүн чанараа алдаж, улмаар устгасан. Иймээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхиаас эдгээр барааны зардал дээр дэмжлэг үзүүлээч ээ гэсэн хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсны үндсэн дээр ӨМӨЗО Засгийн газраас 78 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Энэ хөрөнгөөр нийт 39 байгууллагын хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхлээд явж байна.
-Монгол-Хятадын экспо арга хэмжээ хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг. Цаашид энэ арга хэмжээнд аж ахуй нэгжүүд оролцохдоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
–Монгол-Хятадын экспо гурав дахь удаагаа зохион байгуулагдана. Аж ахуй нэгж байгууллагууд сав баглаа боодол хаяг шошго дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна.
Нөгөө талаар, хоёр улсын дээд хэмжээний арга хэмжээнд оролцохдоо худал мэдээлэл өгөхгүй байх, бараа бүтээгдэхүүнээ үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна, экспод оролцох аж ахуй нэгжүүдэд бид хоёр гурван удаа сургалт зохион байгуулсан, яаж оролцох ёстой, зөвлөгөө, зааварчлагаа өгсөн. Гэсэн хэдий ч импортын бараа бүтээгдэхүүн, хориотой бараа бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа давхар явагдаж байсан. Нэгэнт, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн гэж байгаа тохиолдолд яг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн байх ёстой. Мөн сав баглаа боодол дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хаяггүй шошгогүй, задгай бүтээгдэхүүн маш их ачигдсан байсан. Иймээс манайхан үүн дээрээ анхаарах хэрэгтэй. Бусад бараа бүтээгдэхүүн бол маш өндөр борлуулалттай байсан
А.АНИР