Норвегийн тамирчид өмдөөрөө алдаршиж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Норвегийн тамирчид өмдөөрөө алдаршиж байна

Норвегийн тамирчид өмдөөрөө алдаршиж байна

Өмнөд Солонгос улсын Пёнчан хот өвлийн спортоор амьсгалж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд долоо хоногийн хугацаа үлдлээ.

Пёнчаны олимпийн наадмын кёрлингийн багийн тэмцээнд анхаарал татаж буй баг бол норвегичууд. Тэдний тоглолтоос илүүтэй өмд нь дахин дэлхий дахиныг шуугиулж эхэллээ. "Ванкувер 2010" наадмаас эхлэн Норвегийн баг өвөрмөц стильтэй өмдөөр гоёх болсон юм. 

Тэд энэ удаагийн наадамд 10 гаруй өмдтэй ирсэн тухайгаа ярьсан. Хувцсаараа алдаршсан Норвегийн кёрлингчид зургаан тоглолт хийсэн ч 3 хожил, 3 хожигдолтой явна. 

Найман жилийн өмнө Ванкуверийн наадамд өмсөж байсан Loudmouth брэндийн өмдний борлуулалт даруй 40 хувь нэмэгдэж байжээ. Тухайн үед Норвегийн баг мөнгөн медаль авч байсан ч өмд нь алтан медалийн дайтай алдаршуулсныг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолж байсан. 

"Пёнчан 2018" наадамд ч тэдний гоёл олны анхааралд өртсөөр байна. Загварлаг солонгосчуудын хувьд ч бас энэ нь нэгийг бодогдуулсан биз. Хэдхэн хоногийн өмнө кёрлингийн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, үзэсгэлэнт бүсгүй Оросын А.Брызгалова сошиал ертөнцөд аль хэдийнэ олны танил болсон бол норвеги эрчүүд түүнээс дутахгүй алдаршиж байна. 

Өнөөдөр Норвегийн залуус Их Британийн багтай шийдвэрлэх тоглолт хийнэ. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж