Өмнөд Солонгос улсын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд долоон өдрийн тэмцээн уралдаан үлдлээ.
Олимпийн наадмын хоккейн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд найман баг өрсөлдөж байгаагаас АНУ, Оросын олимпийн баг, Канад, Финландын багууд хагас шигшээд үлдсэн. Эдгээр багууд өнөөдөр шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Олимпийн наадам эхлэхээс өмнө нэгдмэл баг болон оролцохоор болж, олны анхааралд өртсөн Өмнөд болон Хойд Солонгосын хоккейчид энэ удаагийн наадамд амжилт муутай оролцлоо. Тоглолт эхлэхээс өмнө тэдэнд багагүй бэрхшээл гарсан. Хэдийгээр нэг хэлээр ярьдаг ч гэлээ тэдэнд хэлний бэрхшээл гарч багийнханд төвөгтэй байдал гарч байсныг мэдээлж байсан. Мөн Хойд Солонгосын тамирчдын дэг журам нөлөөлсөн ч анхны хамтарсан багийн тэмцээнийг давж чадлаа.
Нээлтийн тоглолтоос эхлүүлэн Хойд Солонгосын дэмжигчдийн багаар хүч нэмсэн тэд энэ удаа хожил авч чадаагүй. Хэсэгтээ Швейцарь, Шведийн багт 8:0-оор хожигдсон ч сүүлийн тоглолтоо Японтой хийж, мөн ялагдал хүлээсэн. Харин тэд Японы багийн хаалганд нэг гоолыг оруулж чадсан юм.
Хоёр Солонгосын нэгдмэл багт өмнөдөөс 23, хойдоос 12 тамирчин багтжээ. Дасгалжуулагчаар Канадын иргэн Сара Муррай ажилласан.
Хоёр Солонгос хамгийн анх 1991 онд Японд болсон ширээний теннисний эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамтарсан багаар оролцож, аваргын алтан медалийг хүртэж байжээ. Мөн үүнээс гадна 19 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-д хамтарсан баг оролцож, хагас шигшээд үлдэж байсан түүхтэй.