Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлдөх зөвлөлийн 2018 оны хоёр дахь хурал хоёрдугаар сарын 14-нд болжээ.
Хурлын өмнө МХБХ-ны ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах болсон талаар зөвлөлийн гишүүдэд танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Зөвлөлдөх зөвлөлийн эхний хурал 2018 оны нэгдүгээр сарын 4-нд болоход МХБХ-ны VII Их хурлыг гуравдугаар сарын 23-нд хийхээр товлоод байсан. Тэгвэл энэ удаагийн хурлаар VII Их хурлаар хэлэлцэх асуудлыг баталж, дүрмийн шинэчлэлүүдийг хэлэлцжээ.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс шигшээ багийн тайлан, зорилготой танилцсанаас гадна жил бүрийн хоёрдугаар сарын 19-ий өдрийг Үндэсний шигшээ багийн өдөр болгохоор тогтсон байна.
Мөн энэ үеэр Монголд айлчлаад байсан Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн холбоодыг хариуцсан дарга Сонам Жигми, Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн холбоодын хөгжлийг хариуцсан хэлтсийн дарга Домека Гараменди Зөвлөлийн гишүүдтэй уулзаж, бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан аж. Эцэст нь МХБХ-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал Тэмцээн зохион байгуулах хорооноос гаргасан шинэ санал, бодлого, ажлуудыг тайлагнажээ.
Б.ЭНХ