Оросоос шүүрсэн Словак “од” А.Кузмина

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросоос шүүрсэн Словак “од” А.Кузмина

Оросоос шүүрсэн Словак “од” А.Кузмина

Пёнчаны олимпийн наадмын биатлоны эмэгтэй төрөлд Словакийн А.Кузмина болон Германы Л.Далмайер нар амжилттай уралдаж, тус бүртээ 3 медаль хүртээд байна. Германы Л.Далмайер олимпийн наадмын анхны медалиа Пёнчаны цасан цагаан зам дээрээс хүртсэн бол Словакийн А.Кузмина олимпийн наадмын 6 дахь медалиа аваад байна. А.Кузмина Пёнчанаас бөөн гараатай уралдаанд алт, хөөх болон хувийн 15 км-ын гараануудад тус бүрт нь мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр А.Кузмина Ванкувер-2010, Сочи-2014, Пёнчан-2018 олимпийн наадмуудад дараалан медаль хүртэж байна.

А.Кузмина 1984 оны наймдугаар сард хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын нутаг, Уралын нуруунаас дорно зүгт орших Сибирийн Тюмень мужийн Тюмень хотноо мэндэлсэн. Тэрбээр өөрийн дүү А.Шипулины хамтаар Зөвлөлтийн спортын Гавьяат мастер Н.Дмитриевийн удирдлага дор цанын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 15 настайдаа буюу 1999 онд дасгалжуулагч С.Шестовагийн удирдлага дор биатлоны спортоор хичээллэжээ. 

2003 оноос өсвөрийн тэмцээн, уралдаануудад оролцож, өсвөрийн Европын АШТ-нд 2004 онд буухиа уралдаанд алт, 2005 онд хөөх уралдаанд алтан медаль хүртсэн. Харин Дэлхийн цомд 2005-2006 оны улиралд анх оролцсон. Гэвч дараа жил нь буюу 2006-2007 оны улиралд төрөлх Орос эх орныхоо нэрийн өмнөөс сүүлчийн удаагаа Дэлхийн цомд өрсөлдсөн. Тухайн үед Оросын биатлоны эмэгтэй шигшээ багт С.Ишмуратова, О.Зайцева, О.Медведцева, А.Ахатова болон С.Слепцова нарын шилдэг биатлончид байсан. Орос бүсгүйчүүд оролцсон олимпийн наадам бүртээ медалийн төлөө өрсөлддөг байсан бөгөөд ийм хүчирхэг бүрэлдэхүүнд залуу Настягийн орон зай байсангүй. Ингээд тэр хувь заяаны эрхээр Израиль цаначин Даниел Кузминтэй 2007 оны дөрөвдүгээр сард гэрлэн, иргэншлээ сольж, Словак улсын иргэн болсон.

Словакын иргэн болсон А.Кузмина 2010 оны Ванкуверын олимпийн наадамд оролцож, спринт төрөлд алт, хөөх уралдаанд мөнгөн медаль хүртсэн бөгөөд түүний спринт төрөлд хүртсэн алтан медаль Словакын түүхэн дэх өвлийн олимпийн анхны алтан медаль байсан юм. Энэ бол түүний олимпийн наадмын медалийн зөвхөн эхлэл байсан юм. Түүнээс хойш Сочигийн олимпод спринт төрөлд алт авсан бол өдгөө Пёнчаны олимпийн наадамд Словак улсын төрийн далбааг гурвантаа мандуулж, төрийн дууллыг нь нэг удаа эгшиглүүлээд байна.

Настя Дэлхийн цомд тийм ч өндөр амжилттай уралдаж байгаагүй. Гэхдээ тэр олимпийн жил өөрийн бэлтгэлээ сайн тааруулж чаддаг, онцгой тамирчин юм. Словак улсын Ванкуверын олимпоос хүртсэн гурван медалийн хоёрыг нь А.Кузмина авчирсан бол Сочигийн олимпийн ганц медалийг мөн л А.Кузмина авчирч байжээ. Харин одоо Пёнчаны олимпийн наадмаас Словак улсын хүртсэн гурван медалийг бүгдийг нь А.Кузмина хүртээд байна.

Түүнийг шигшээ багтаа багтаагаагүй Оросуудын хувьд жилээс жилд эмэгтэй биатлоны амжилт нь буурч, одоо бүр багаараа олимпийн наадмын биатлоны төрөлд медальгүй харихад ойрхон ирээд байна. А.Кузмина бол Словак улсын Оросоос шүүрч авсан “од” гарцаагүй мөн юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж