Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед үндэсний бөхчүүдээс энэ залууг ихэд онцлох болсон. Залуу заануудын нэг Нэгдэлийн Жаргалбаяр 2016 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрээр зургаа давж, улсын харцага цол хүртсэн бол өнгөрсөн жилийн наадамд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо давж, улсын заан цолны эзэн болсон билээ.
Их аварга сар шинийн олон зочдоос онцлон, түүний зургийг өнөөдөр фэйсбүүктээ нийтэлжээ.
Өмнө нь тэрбээр залуу заантай хамт бэлтгэл хийж, "Сайхан эр махтай, цуцаа багатай булчинтай, Түвшөө аварга яг ийм булчинтай. Бэлтгэл сайн хийвэл олон түмнээ баярлуулна" хэмээн магтаж байсан удаатай.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын заан Н.Жаргалбаяр улсын начин Довчингийн Нэгдэлийн хүү билээ.
Б.ЭНХ