Монголын шилдэг жүдочдын нэг, 66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч Даваадоржийн Төмөрхүлэгт Арабын нэгдсэн Эмират улсаас өөрийн нэр дээр барилдуулах санал иржээ.
Д.Төмөрхүлэгээс гадна Н.Дагвасүрэн (81 кг), Б.Тэмүүлэн (+100) нар ч мөн Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох легионер тамирчид болж байгаа аж. Тамирчид наад тал нь ирэх гуравдугаар сараас гэрээ хэлцлээ дуусгаж, тавдугаар сараас тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож эхлэх бололтой.
Монголын шилдэг жүдочид гадаадад уригдсан хэд хэдэн тохиолдол бий.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шилдэг тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдан, олимп, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн бол Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг өнгөрсөн жил 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулж, тэд өдгөө тус улсын нэр дээр тэмцээнд оролцож байгаа билээ.
Б.ЭНХ