Улаан асрын зүүд​​​​​​​ (55-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд​​​​​​​ (55-р бүлэг)

Улаан асрын зүүд​​​​​​​ (55-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Тавин тавдугаар бүлэг

БЯДУУ ТАТВАР ЭМ САВААГҮЙ ААШЛАН ТӨРСӨН ОХИНОО ДОРОМЖИЛЖ,
БАЧИТ БООЛ ХАР СЭТГЭЛИЙГ ӨВӨРЛӨН НЯЛХ ЭЗНЭЭ НОМХЧИЛОВ

Өгүүлэх нь: Рун Гуофү ордныхон цагаан сард бэлтгэн яарч сандарч байхын зэрэгцээ Фөн Же бие бодох завгүй гүйж байж үрээ зулбуулаад, их айлын ажил явдалд оролцолгүй өдөрт хоёр гурван эмчээр үзүүлэн эм ууж гэртээ биеэ сувилж суух болов. Фөн Же угаас гүжирмэг чадамгай хүн тул ажлынхаа төлөө бодож төлөвлөн санал онолоо Пин Эрээр дамжуулан Ван Фүрэньд тогтмол хэлж байв. Хэн хүн түүнд, элдвийг бодолгүй биеэ бод гэхийг тоох ч үгүй. Үнэндээ Ван Фүрэнийг нэг гар гэмтсэн л гэсэн үг. Тэгэхээр хүн хэдий ухаантай, чадалтай ч их юманд мөхөсдөх нь гарцаагүй учир Ван Фүрэнь гол ажлаа бариад гэр орны аар саар явдлыг Ли Ваньд даатгав. Ли Шэнь бол шударгыг эрхэмлэдэг ч зарим юманд аанай хандах чих зөөлөн хүн тул доодсын аяыг дагадаг гэмтэй. Тиймийн учир Тань чүнийг Ли Ваньд туслуулж, Фөн Жэгийн биеийг сайжиртал ажиллуулахаар Ван Фүрэнь шийджээ. Харин Фөн Же бол угийн тамир тэнхээ дорой, багаасаа биеэ асрахыг мэдэхгүй, гагцхүү зоригоороо л явчихсан хүн болохоор үр зулбаснаас хойш бие нь доройтож хариугүй болов. Нэг сар биеэ сувилахгүй гам алдаж гэдгийг мэдэв. Ван Фүрэнь: “Энэ тэрд сэтгэл зовох хэрэггүй, эм сайн ууж биеэ асар” гэж ямагт захина. Фөн Жеч өвчин хүндэрч хэцүү юм болох вэ гэж болгоомжилж, биеэ сувилж, хурдан эрүүл болохыг хичээв. Ийнхүү эмчлүүлэн сувилсаар байтал нэг мэдэхэд гурван сар болчихсон байв. Өвчин нь гайгүй боловч ажилдаа орох болоогүй ажээ. Ван Фүрэнь, түүний энэ байдлыг үзээд, Ли Вань, Тань Чүнь хоёр арай л будлиу, тэвдүү байгаа учир хүрээлэнгийн хүн бүл олон, тэдний арчилгаа додомдлого алдагдуузай гэж бодов. Тэгээд Бао Чайг авчирч туслалцуулан санаж анхаарч байхыг захив.

Хөгшид эмгэд горьгүй байна. Зав чөлөө л гарвал архи ууж, тоглоно. Тэд өдөр унтаад шөнө даалуу тоглодгийг бүгд мэднэ. Фэн охин гадаа явж байвал тэд баахан дальдарна. Түүнийг өвчтэй болсноос хойш тэд дураараа аашлах болов. Охин минь, одоо чи том болжээ. Дүү нар чинь бага байна. Би бас завдаа муутай тул чи маань санаа тавьж, харж додомдож бай. Миний санаагүйг чи ирж сануулж бай. Лао тайтай мэдээд асуухад хүрвэл би дуугарахгүй болно. Үл бүтэх амьтас олон шүү. Тэднийг мэдвэл хэлж бай. Үгийг чинь тоохгүй бол ирж хэлээрэй. Учир замбараагүй юм болбол муухай шүү гэж Ван Фүрэнийг захисанд Бао Чай “За” гэж хүлээн авав.

Улирал солигдож, хавар болсонд Дай Юйгийн ханиад дахив. Шян Юнь ч улирал солигдсоноос болж хямраад өвчлөн хэвтэв. Өдөрчин эмч домч тасралтгүй хүрээлэнгээр гүйлдэнэ. Тань Чүнь, Ли Вань хоёр хамтран ажил эрхэлж байгаа болохоор өглөө болгон хүрээлэнгийн гаднах гурван тасалгаа цэцэрлэгт очиж, ажил хэргээ зөвлөлдөөд, хоол ундаа эртхэн идэж уугаад, амрах ажиллахаа тохируулахаар тогтжээ.

Энэ гурван тасалгаа танхим бол хатны төрхөмчлөлийн үед хэрэг явдлыг эрхлэн гүйцэтгэгч тайгануудын хоноглож амрах байр байсан бөгөөд түүнээс хойш төдий л хэрэглэхгүй байгаа тул эдүгээ хөгшид эмгэдийн манаа халааны гэр болжээ. Одоо урин дулаан болж байгаа тул төдий л дулаалж төвхнүүлэх явдалгүй, бага сага засаж сэлбэвэл, тэдний сууж хэвтэхэд тохиромжтой байр ажээ. Энэ танхимд уг нь “Энэрэл хайрын энхжингийн орон” гэх дөрвөн үсэгтэй илэрхийлэл байсан боловч хүмүүс “Зөвлөлдөх танхим” гэж нэрлэжээ. Одоо энд Ли Вань, Тань Чүнь хоёр өдөр болгон туулай цагийн дунд үед хүрч ирээд морин цагийн дундад эндээс явах тул хэрэг явдлыг лавлан мэдүүлэх учир явдалтан, охид, эмэгтэй боолууд тасралтгүй цувна. Хүмүүс эхлээд Ли Вань ганцаар ажиллаж байгааг сонсоод, түүний доод хүмүүст энэрэлтэй, номхон зөөлөн зантай, юмны эв зүйг олохдоо Фөн Жэгээс дээр гэдгийг мэдэх учир бүгдээр дотроо баярлаж байжээ. Сүүлд нь Тань Чүнь нэмэгдсэн ч гэр хүрээнээс гарч үзээгүй алдар нэр бодохгүй, ааль зан төвлүүн жаахан авхай болох тул мөн л дэмий санаа зовсонгүй. Гэтэл Фэн мэдэж байх үеэс арай алжуу хойрго болчихжээ. Гурав дөрвөн өдөр болоод, хэд хэдэн явдлыг гардан өнгөрөөтөл Тань Чүний гярхай хэрсүү нүд Фөн Жэгийнхээс ер дутахгүй боловч үг хэл зөөлөн, ааш байдал амарлингуй төдийг мэдэцгээжээ.

Яг энэ хэдэн өдөр, ван, гүн, бэйл, бэйс, армал шармал ноёд, түшмэдийн арван хэдэн айл, цөм Рун, Нин хоёр ордны төрөл ураг биш боловч үе улиран нөхөрлөсөн сайхан ах дүү, эсвэл өгсөж дэвшээд эсвэл зэрэг буураад, эсвэл улаан цагааны учир тохиолдсон тул Ван Фүрэнь заримдаа, бэлгэдэн ерөөж, заримдаа бэлэвсрэн гашуудаж, гаран орон угтан үдэж, үнэхээр их хөл болсоор, айл гэрийн явдлыг анхааран додомдох зав чөлөө гарсангүй. Ли Вань, Тань Чүнь хоёр өдөржин танхимд байхад, Бао Чай өдөрчин дээд гэрийг сахин хамгаалж байна. Тэд Ван Фүрэнийг ирсний дараа харина. Шөнө бүр оёдол хийдлийн чөлөө заваар, унтаж хэвтэхийн зай завсраар манаач, хаалгачны хамт энүүгээр тэнүүгээр эргэн тойрч үзнэ. Эд нар ийнхүү ажил эрхлэн, хэр чинээгээрээ додомдсоны хүчээр Фөн Жегийн үеэс улам ч хянамгай болжээ. Энэ үед гадна дотны доод зарц нар: “Нэг далайн ягчис чөтгөр сая дөнгөж унатал бас гурван “Уулын эзэн” гарч ирээд, шөнө архи ууж зав гаргахаа болилоо” гэцгээдэг болжээ.

Өнөөдөр Ван Фүрэнь, Жинь Шян Хоугийн ордонд уригдсан тул Ли Вань, Тань Чүнь нар хэдийн угаан самнаж төвхнүүлэн мордуулаад, танхимдаа ирээд цай ууж байтал Ү Шиньдөнгийн эхнэр ирж:

-Бага эхнэр Жао Иньгийн дүү Жао Гуожи өчигдөр үгүй болоод Лао тайтай, тайтай нарт мэдүүлсэнд, та нарт мэдүүлсүгэй гэв гээд гараа унжуулан зогсоно. Энэ үед ирж хэрэг мэдүүлэгчид олон бөгөөд тэр хоёрын хэрхэн хэрэг шийдвэрлэж байгааг сураглаж, зүй зохистой шийдвэл бүгдээр тийм байлгах сэтгэлийг өвөрлөж, хэрэв өө сэв олбол үүдээр гармагц инээдэм болгон элэг доог хийнэ. Ү Шинь дөнгийн эхнэр ч дотроо, Фөн Жегийн дэргэд байсан бол хэдийн зусардан нийлүүлж, хэдий их ухаан гаргаж, бас хичнээн эш баримт дурдаж болох байсан. Энэ Ли Шэнь ч яахав номхон дорой амьтан. Тань Чүнь бол жаахан охин гэж бодон яаж шийдэхийг нь харж зогсоно.

Тань Чүнийг яах вэ гэсэн янзтай харсанд Ли Вань: “Эртийд Ши Рэний ээжийг нас барахад дөчин лан мөнгө шагнасан гэнэлээ” гэж бодоод: “Энүүнд дөчин лан мөнгө шагна” гэв. Мөнөөх эхнэр сонсуут, мэдлээ гээд пайзыг авмагц санд мэнд гарч одов. Тань Чүнь: “Хөөе, чи буцаад ир” гэсэнд цаадах нь эргээд ирэв.

-Чи хүлээж бай. Би чамаас юм асууя. Тэр жил Лао тайтайгийн гэрийн хэдэн хөгшин, бас гаднах ч бий. Тэд нас барсан. Гэрт, гадаах хоёр ялгаатай байх ёстой. Гэртэх нь нас барвал хэдийг шагнадаг вэ. Гаднахад бас хэдийг вэ. Чи энэ хоёрын ялгааг хэл. Бид сонсъё гэж Тань Чүнь түүнээс асуув.

Мөнөөх эхнэр түүнийг мартсан тул царай дарж инээмсэглэх аядаад:

-Энэ ч төдий их учир бишээ. Их ч болсон, бага ч байсан, хэн ирж түүнийг булаалдах вэ гэсэнд Тань Чүнь инээж:

-Энэ чинь дэмий үгээ. Миний бодохоор, шагнах нь зүйтэй. Ёсонд нийцэхгүй юм болбол та нар элэг барихаар барахгүй, маргааш эл найнайтай чинь учрахад бас муухай болно гэсэнд эхнэр:

-Тийм бол би явж данс үзье. Одоо би тун санахгүй байна гэв. Тань Чүнь инээн:

-Өтөлтлөө ажил хариуцсан чи мартсан мөртлөө бас биднийг гартаах санаатай юу. Чи Эл найнайд мэдүүлэхдээ бас данс шалгах байсан биз. Хэрэв тийм байсан бол Фөн Же тийм хэцүү хүн биш, харин номхон хүнд тооцогдоно. Хурдан явж түүнээ авчирч над үзүүлээч. Нэг өдөр оройтвол та нар алмайдав гэхгүй, харин биднийг арга мухардав гэнэ дээ гэсэнд мөнөөх эхнэрийн царай час улаан болоод санд мэнд гарч одов. Олон боолууд цөм хэлээ гаргав. Энд бас өөр учир мэдүүлжээ.

Өнөөх эхнэр, дансыг авчирч Тань Чүньд үзүүлсэнд, гэрт байсан хоёр нь хорин дөрвөн лан, гадна байсан хоёрт нь дөчин лан шагнажээ. Бас хоёр гаднахын нэгд нь, зуун лан, нөгөөд нь жаран лан шагнажээ. Энэ хоёр зурвасын дор нэг нь эцэг эхээ муж алслан явж хөдөөлүүлсэн тул илүү жаран лан шагнаад, нөгөө нэг нь оршуулгын газар худалдан авах тул илүү хорин лан шагнажээ гэж тэмдэглэсэн байв. Тань Чүнь түүнийг Ли Вань д өгч үзүүлээд: “Түүнд хорин лан өгтүгэй. Энэ дансыг энд тавигтун. Бид нарийн үзнэ” гэсэнд Ү Шиньдөнгийн эхнэр гарч явав. Гэнэт Зоу бага эхнэр орж ирсэнд, түүнийг суудалд урин суулгав. Тэрбээр

-Энэ айлынхан цөмөөрөө миний толгойг авч түлтүгэй. Хүүхээн, чи сайхан бодоод үз. Чи миний өмнөөс нэг дуугарч болохгүй юү гээд нус нулимсаа гоожуулан уйлав. Тань Чүнь,

-Та хэнийг хэлж байна. Би мэдэхгүй байна. Хэн таны толгойг авах гээд байгаа юм бэ. Та тодорхой хэлбэл би очиж өшөөг чинь авч өгье гэсэнд цаадах нь:

-Охин миний хүзүүг мушгих тул би хэнд очиж хэлэх вэ гэсэнд Тань Чүнь сандран босож: “Би чадахгүй” гэв. Ли Вань яаран босож ятгав. Бага эхнэр:

-Та нар сууцгаа! Миний ярихыг сонсоцгоо. Би энэ айлд өдий насалтлаа үйлээ үзээд… бас дүү чинь байна. Гэтэл би одоо Ши Рэний зэрэгт ч хүрэхгүй болжээ. Би ямар нүүрээр хүний өөдөөс харах вэ. Би байтугай чи ч бас нүүргүй болно гэв. Тань Чүнь инээж

-Өө ийм л юм учир байсан юм уу. Би үнэхээр ёс дүрмийг зөрчиж чадахгүй гэсээр сууж мөнөөх дансыг түүнд үзүүлж, уншин сонсгов. Тэгээд: “Энэ бол өвгөд дээдсийн үеэс уламжилж ирсэн хуучин дүрэм. Хүн бүхэн дагах ёстой юм. Би яаж өөрчилж болох вэ. Та Ши Рэнийг дурдлаа. Үнэндээ ганц тэр ч биш. Хожим Хуань Эр гаднаас хүн авчирвал мөн л Ши Рэньтэй адил болно. Энэ бол их багыг тэмцэх ч учир биш. Нүүртэй, нүүргүй гэхэд ч хүрэхгүй. Ши Рэнь бол тайтайгийн боол. Би бол хуучин дүрмийг барьж байна. Сайхан гүйцэтгэж чадвал өвөг дээдсийн ивээл, тайтайгийн энэрэл болно. Харин хэлбийлгэж ташуу явуулбал энэрэл ивээлийг мэдэхгүй мунхагтаа чадал мэдэн гомдтугай. Тайтай гэрээ хүртэл хүнд шагнасан ч би ямар нүүр олох юм бэ. Сохор зоос шагнахгүй байлаа ч миний нүүр хиртэх учир байна уу. Миний буруугаар, тайтайг эзгүй хооронд бага гэргий та нам тогтуун сууж, амар тавтай байвал дээр бишүү. Гашуудан зовж юү хийнэ вэ. тайтай намайг санаж байгаа байх. Бага эхнэрийн хэрүүл яргиан дэгдэх бүр миний сэтгэл хэдэнтээ доргиж, яваандаа хөржээ гэдгийг! Би эр хүн болсон бол гадагш явж гайхамшиг үйл бүтээж ирнэ. Тэр цагт бас нэг учир болно. Одоо бол би нэг охин, илүү нэг үгийг дураар хэлэх газаргүй. Тайтай энэ учрыг үнэхээр сайн мэднэ. Өнөөдөр намайг тоосондоо гэрийн ажлыг мэдүүлж байна. Олигтой нэг учир бүрдээгүй байтал та харин амжиж, намайг үгүйсгэж, тайтай намайг зовж байна гэж мэдээд надаар ажил мэдүүлэхгүй болбол тэр чинь харин сая нүүргүй явдал болох байх шүү. Та ч бүр нүүрээ барна даа гээд мэгшин уйлав. Бага эхнэр, хэлэх үггүй болсон янзтай.

-Тайтай чамайг санаж байвал чи биднийг улам сайхан авч явах нь зүй юм. Чи ганцхан тайтайд тоогдохыг бодоод биднийг мартжээ гэсэнд Тань Чүнь:

-Би яаж мартаав? Намайг яаж авч явтугай гэнээ. Үүнийг өөр өөрөө мэдэх хэрэгтэй юм. Ямар эзэн, үнэнхүү хүчлэн зүтгэх сайн зарцаа санахгүй байх вэ. Аль нэг сайн хүн бас хүнээр авч явуулна гэж үү гэв. Ли Вань сандарчихав. Тэгээд:

-Та битгий уурла. Энэ охинд гомдох учир байхгүй. Тэрбээр та нарыг сайхан авч явахыг дотроо санавч яалаа гэж ил хэлж болох вэ гэсэнд Тань Чүнь:

-Энэ бэргэн бас хамаагүй айлданаа. Би хэнийг авч явав. Хэний авхай нар боол зарцыг авч явав. Тэрнийхэн нь сайн, мууг та нар мэдэж л байгаа. Энэ чинь над ямар хамаатай юм бэ гэсэнд бага эхнэр уурлаж:

-Хэн чамайг өөр хүнийг авч яв гэсэн юм бэ. Чи энэ ажлыг эрхлээгүй бол би чамаас ирж асуухгүй. Чи одоо нэг гэвэл нэг, хоёр гэвэл хоёр болно. Одоо нагац чинь үхсэн тул чи хорь гучин лан мөнгө илүү өгвөл тайтай зөвшөөрөхгүй юү. Тайтай бол лавтай сайн хүн шүү. Энэ цөм чам мэтийн ярдаг, нарийн амьтадын уршиг. Тайтайгийн энэрэл хайрыг хүртэж чадахгүй бол хайран л юм. Охин чи, санаа амар байж бай. Чиний мөнгийг зарахгүйгээр би болно. Чамайг айлд очсон хойно би бас чамаар Жад овогтныг захируулахыг хүсэж байна. Одоо өд сөдөө гүйцээгүй байхад л удам угсаагаа ховлоод: “Намаа салааны өндрийг мөчөөрхөн самардана” гэгч болно гэнээ чи гэж занасан өнгөөр хэлэв.

Тань Чүнь түүний үгийг сонсож чадалгүй амьсгаа нь давхцан, царай нь цайгаад гингэнэн уйлсаар:

-Хэн миний нагац болчихов. Уг нь миний нагац аль цагийн есөн тэнгэрт дэвшсэн байх ёстой. Хаанаас бас нэг нагац гараад ирэв. Би бол угаас ёс журмыг дагаж өргөн хүндэлсээр байтал, юун олон нохой идэж барахгүй нагац гараад ирэх нь энэ вэ. Тийм бол Хуань Элийг гарч явах бүр Жао Гуожи яахин босож зогсоно вэ? Бас яахин түүнийг дагаж сургуульд очно вэ? Юуны учирт нагацын ёсоо гаргахгүй байваа. Бага эхнэр намайг төрүүлсэн гэдгийг хэн мэдэхгүй вэ. Хоёр гурван сарын дараа учир тухайг нь нягтлан гаргаж ёроолоор нь уудлан хаявал одоо хүн мэдэхгүй гэж зовох зүйлгүй, олны өмнө ил цагаан болгосугай. Чухам хэн нь, хэнийхээ нүүрийг барахыг мэдэхгүй явж байна. Золоор, би бас учир зүйг мэдэж байгаа шүү. Мэдэхгүй тэнэг амьтан болсон бол хэдийн шийджээ гэсэнд Ли Вань сандран аргадаж, бага эхнэр ямар нэг ном дүлэгнэсээр байв. Гэнэт хүн ирж “Эл найнай Пин Эрийг явуулж үг хэлүүлжээ” хэмээн мэдүүлснийг сонсоод бага эхнэр сая амаа хамхив. Пин Эрийг орж ирмэгц бага эхнэр инээн суудал зааж:

-Найнай чинь гайгүй байна уу. Би очиж эргэх гэсэн боловч завгүй байна гэв. Ли Вань “Ямар хэргээр ирэв” гэж асуусанд цаадах нь:

-Найнай ингэж хэлж байна. Жао Иньгийн дүү нь үгүй болжээ. Найнаа, авхай хоёрыг хуучин дүрмийг мэдэхгүй байж магадгүй. Ердийн дүрмээр бол хорин лан өгнө. Одоо авхай багцаалдаж байгаад нэмж өгсөн ч болноо гэж байна гэсэнд Тань Чүнь нулимсаа арчаад:

-Зүв зүгээр байж байгаад бас юү нэмэх юм бэ. Хэнийг бас “Хорин дөрвөн сар өргөөд төрсөн” гэх юм бэ. Эсвэл бас цэрэг дайны газраас эзнээ үүрч гарсан хүн болгох юм уу. Эзэн чинь их ухаан гаргаж, надаар дүрмээ өөрчлүүлээд, сүлд нь өөрөө сайн хүн болж тайтайгийн зүрх өвдөхгүй зоосоор нүүр тал засах гэсэн юм уу? Чи түүнд очиж хэл. Би зоргоороо нэмж хасаж чадахгүй ээ. Харин өөрөө нэмж өглөг буянаа үйлдвэл өөр хэрэг. Дураараа болтугай гэж хэлэв.

Фөн Эр энд ирэхдээ багцаалдсан зүйл нь тодорхой болсныг улам нарийн мэдэв. Тань Чүний ууртай байгааг хараад урьдынхаараа хээгүй аашилсангүй зүгээр л гараа унжуулан зогсож байв. Энэ хэр Бао Чай ч дээд гэрээс хүрч ирэв. Тань Чүнь нар яаран босож найр тавин суулгаад, үг дуугарах завдал болоогүй байтал бас нэг бүсгүй орж ирэв. Түүний хажуугаар гурав дөрвөн бяцхан инж нүүр гар угаах гадар, толь тэргүүтнийг барин орж ирж саяхан уйлсан Тань Чүний өмнө очив. Пин Эр ухасхийж, түүний ханцуйг эргүүлж бугуйвчийг аваад, том алчуураар энгэрийг нь халхалж өгтөл цаадах нь гар нүүрээ угаав. Тэгтэл сая ирсэн бүсгүй: “Найнай, авхай нараа, гэрийн сургуульд сурдаг Жя Хуань, Лань агь хоёрын нэг жилийн албаны зардлыг тушаах болов” гэсэнд Пин Эр урьтан:

-Чи юунд яарав. Авхай нүүрээ угааж байгааг харсаар байж, очиж туслалцахгүй мөртөө юу яриад байна. Эл найнаагийн дэргэд чи бас энэ мэтээр авирлаж байв уу. Авхай хэдий өршөөлтэйдээ тоохгүй байгаа боловч би найнайд хэлнэ шүү. Та нар ер нь энэ авхайг тоож харахгүй байна даа. Үүнийг чинь найнайд хэлнэ. Та нар зэмлүүлж шийтгүүлбэл над битгий гомдоорой гэсэнд мөнөөх бүсгүй хувьсхийн царай дарж: “Миний буруу” гэж хэлээд яаран гарч одов.

Тань Чүнь Пин Эрийг харж гунигтайгаар инээмсэглээд:

-Чи оройтож ирээд инээдтэй юм үзэж чадсангүй. Ү эгч мэтийн өчнөөн жил ажил хийсэн хүн л, урьдаар дүрэм журмаа судлахгүйгээр ирж биднийг мэхлэх гэж оролдох юм. Бид түүний учрыг нь лавласанд “Мартчихжээ” гэж хэнэг ч үгүй хэлж байгаа юм даа. Чи Эр найнайд, хэрэг мэдүүлэхдээ тэгж мартаад ирж байв уу гэж асууснаа цаад эзэн чинь түүнийг дахин явуулж эрүүлэх тэвчээртэй хүн биш байхаа гэсэнд Пин Эр инээж:

-Түүнд ийм учир нэг тохиолдвол, лав хөлийн шөрмөснөөс хоёрыг сугалсантай адил байхаа. Авхай, тэдний үгийг битгий итгэж бай. Тэд их найнайг Аръяабал мэт, авхайг хөгшин эгч мэт бодоод ирж номгочилж байгаа юм гэснээ, үүдэнд байгсдад хандан та нарт сайн дүрэм үгүйлэгдэж байгаа байх л даа. Эл найнайгийн бие сайн болоод ирэхэд мэдээрэй гэв.

Үүдэнд байсан хүүхнүүд хөхрөлдөж, охин чи бол ухаантай хүн юмаа. “Хийсэн ялаа өөрөө хүлээнэ” гэдэг үг бий байхаа. Гэхдээ бид эзнээ муу үзэж чадахгүй л даа. Эзэд бол эрхэм хүндтэй хүмүүс. Эздээ гомдоовол бидэнд үхсэн хойноо ясаа тавих газар олдохгүй шүү дээ гэцгээв. Пин Эр, хүйтнээр инээж:

-За та нар мэдвэл болноо гэснээ, энэ авхай мэднэ. Эл найнайгийн ажил, учир тоймгүй тул юунд энэ бүхнийг хамаарах зав байхав. Алдаа гаргахгүй гэх арга байхгүй. Нэг үг байдаг “Хажуугийн хүн л тодорхой үздэг” гэж. Энэ хэдэн жил, авхай хажуугаас нь харж байсан тул ажил явдалд нэмэх буюу хасах зүйл байвал Эл найнайгийн хийж чадаагүй зүйлийг авхай нэмэхийг нь нэмж, хасахыг нь хасаж байвал юуны түрүүнд тайтайд тустай, дараа нь авхайн манай найнайтай сайхан явж ирсэн сэтгэлийг мартахгүй байж болно гэсэнд Ли Вань, Бао Чай хоёр хөхрөв. Ли Вань:

-Энэ чинь сүрхий охин юм. Пин охин үүнийг ингэж санадаг нь буруу биш шүү. Нэмэх хасах юм ерөөс үгүй боловч чиний энэ сайхан үгийг газар хаяхгүйн тулд юуны өмнө нэг хоёр зүйлийг тунгаан бодмоор юм байна гэв. Тань Чүнь:

-Би энэ уураа танай найнайд гаргая гэж байтал энэ ирээд юм яриад байхаар би яахаа мэдэхийг болив гэснээ, саяын тэр бүсгүйг оруул гэв. Мөнөөх бүсгүй ч хүрч ирэв. Тань Чүнь, бүсгүйгээс:

-Хуань Эл, Лань агь хоёрын гэрийн сургуульд өгөх мөнгийг аль зардлаас гаргадаг юм бэ гэж асуусанд цаадах нь:

-Нэг жил сургуульд идсэн боорцог, бийр цаасны зардалд нь хүн бүрд найман лан мөнгө байдаг гэсэнд Тань Чүнь:

-Агь нарын зардал тус тусын гэрийн мөнгөний дотор байна. Хуань Элийнхийг ээж нь хоёр лан авч байна. Бао Юйгийнхийг Лао тайтайгийн гэрийн Ши Рэнь хоёр лан авч байна. Лань агийнхыг их найнайгийнх авдаг. Тийм байхад яагаад сургуулийн зардал гэж хүн бүрээс илүү найман лан авч байгаа юм бэ? Сургуульд явж байх нь энэ найман лангийн төлөө байгаа юмаа. Энэ өдрөөс эхлэн энэ мөнгийг хасна. Пин Эр хариад найнайдаа хэлтүгэй. Би л бол хасна гэсэнд цаадах нь инээж:

-Аль хэдийн хасах байсан юм. Ноднин л найнай хасна гэж байснаа, ажилд самгардаж байгаад мартчихжээ гэв.

Мөнөөх бүсгүй “Ойлголоо” гэсээр буцав. Да Гуань Юаний бүсгүйчүүд будааны сав авч ирсэнд, шивэгчингүүд хоолны ширээ авчирч тавив. Пин Эрч ногоо гаргаж тавив. Тань Чүнь: “Чи хэлэх юмаа хэлсэн бол харихгүй энд юү хийнэ вэ” гэсэнд цаадах нь инээж:

-Над хийх юм алга. Уг нь эл найнай намайг энд ирүүлэхдээ нэгд үг хэлүүлсэн, хоёрт, эндэхийн хүн олон байвал намайг та нарт туслалц гэсэн юм гэв. Тань Чүнь: “Бао авхайн хоолыг яагаад авчраагүй юм бэ” гэсэнд инж нар яаран гарч бүсгүйчүүдэд очоод: “Бао авхай энэ танхимд цуг хооллох гэнээ, хоолыг нь түргэн ирүүл гэнээ” гэж хэлэв. Тань Чүнь сонсоод: “Хөөе, чи битгий хүн зар. Тэд нар чинь их ажилтай байгаа ижий нар шүү. Та нар бас тэднээр хоол зөөлгөх нүү. Энд чинь их багын ялгаа бий шүү. Пин Эр бас энд зогсож байна. Явж дууд” гэж чанга хэлэв. Пин Эр “За” гээд хүрч ирэв. Бүсгүйчүүд, түүнийг сэмхэн татаж: “Охиныг явуулж яаж болох вэ. Эндээс хүн дуудахаар явсан” гэснээ, охин энд удаан зогсоод ядарсан байлгүй, алив энд амарч суу гээд суудал заав. Пин Эр суув. Бас усны гэрийн хоёр эмгэн нэг олбог авчирч дэвсээд сэмхнээр: “Энэ бидний тайтай уудаг цай бишээ. Охидод бэлтгэсэн юм. Охин минь, хоолойгоо дэвтээ” гэсэнд мэхэсхийнгүүт очиж аваад, тэнд байгсдад: “Та нар даанч муухай аашилж байна. Энэ бол охин хүн, уурлаж аашлахад эвгүй. Харин хүндэтгэх ёстой. Энэ бол ажил хийж байна шүү. Та нар энүүний уурыг хүргээд байна даа янз нь. Энэ чинь дуугарвал та нар юм сонсоно шүү. Харин ч энэ юм хэлэхгүй, тайтай бас уучилж байх шиг байна. Эл найнай ч яахав эзгүй байгаа. Та нар түүнийг муугаар боддоггүй биз дээ. Хэрэв муу санавал өндөг хад мөргөхтэй адил болно доо” гэв. Хүмүүс ам амандаа л: “Бидэнд яаж тийм зүрх байх вэ. Харин Жао эхнэр л аашилж байна лээ” гэв. Пин Эр дуугаа намсган: “За тийм болог. Найнай нар минь ээ, “Хэрмийг унагахад олон хүн түлхэнэ” гэж үг бий. Тэр бага эхнэр угаасаа л эх адаггүй зөрүүдэлж аашилдаг шүү дээ. Ямар нэг юм болбол түүнээс боллоо гэнэ. Та нарын хүн тоохгүй, дотуур тамиртай ааш гаргадгийг чинь би мэднэ шүү. Эл найнай баахан аанай хүн байсан бол хэдийн энэ хүмүүст залилуулчихсан… жаахан хий гаргавал ашиглачихна. Хэд хэдэн удаа та нарын хэл аманд орж хавчигдахад хүрсэн шүү. Хүмүүс түүнийг хэцүү гэдэг. Та нар ч түүнээс айна. Тэрбээр дотроо бас та нараас айдгийг би мэднээ. Тэр өдөр, дээд доодын ая занд нийцүүлэхгүй бол пижигнэсэн хэрүүл хичнээн ч гарч мэднэ гэж ярилцаж байхыг би сонссон л юмдаг. Тэр Сань охин хэдий бүсгүй хүн боловч… та нар түүнийг мэдэж л байгаа. Эр найнай, эдгээр хадам дүү нарын дотор ганцхан түүнээс жихүүрхэнэ. Одоо бол та нар тоохгүй л байгаа гэв.

Энэ үед Чи Вэнь хүрч ирэв. Олон бүсгүйчүүл очиж мэнд мэдээд: “Охин амарч бай. Дотор хоол оржээ. Мөд ширээ хураана. Ирж хэлье” гэсэнд цаадах нь: “Би та нартай адилгүй. Би яаж хүлээж болох вэ” гээд шууд танхимд орон завдав. Пин Эр: “Хөөе, нааш ир” гэсэнд цаадах нь түүнийг эргэж хараад: “Чи бас энд “Гадаад бүслэлтийн харуул” хийж байна уу” гэсээр түүн дээр очиж зэрэгцэн суув. Пин Эр“За ямар хэргээр ирэв” гэсэнд цаадах нь: “Бао Юйн сарын мөнгийг асуух гэж явна. Биднийхийг хэзээ тавих нь вэ” гэж асуув. Пин Эр:

-Энэ ямар их явдал болно вэ. Чи хурдхан хариад, Ши Рэньд намайг хэлж байна гэж хэл. Ямар ч гэсэн өнөөдөр тэр тухай битгий ярь. Нэгийг мэдүүлэхэд нөгөөг нь буцааж байна гэсэнд Чиү Вэнь сонсоод: “Яагаад” гэж асуув. Пин Эр болон бусад бүсгүйчүүл учир шалтгааныг нь хэлэв.

-Хэдэн сүрхий учир байна. Үүний зэрэгцээ нэр нүүртэй нэг нь ирээд дүрэм журам үзүүлж, засаж өөрчилнө гэж байна. Та нар яг энэ эгзэгтэй үед ирж амаа алгадуулах хэрэггүй. Чи одоо ирж, дүрэм журам яривал, Лао тайтай, бусад тайтай нарт эвгүй болно. Түүнээс гадна хүмүүс: “Алаг үзлээ. Тайтай нараас айгаад эрхэнд нь халдаж чадахгүй мөртөө номхныг нь дарлаж байна гэнэ. Чи сонсол доо. Эр найнайгийн явдлаас ганц нэгийг буруутгавал, сая олны амыг таглаж чадах л байх гэв. Чи Вэнь хэлээ гарган:

-Азаар, энд Пин эгч байж, би ийшээ орж амаа алгадуулсангүй. Хурдан харьж хэлэх минь гэсээр босож явав. Бао Чайн хоолыг авчирсанд, Пин Эр туслан үйлчлэв. Энэ хэр бага эхнэр Жао явчихсан байсан тул тэд бие биеэ харан сууцгааж хоолоо идэв. Хүүхнүүд саравчны дор хүлээж байв. Тэд хоорондоо “Цөмөөрөө дуугүй л байя. Нүгэлтэй юм бодож байх хэрэггүй. Ү да эхнэр хүртэл нүүр олохгүй байхад бид хичнээхэн нүүртэй байх вэ гэж шивнэн шивнэн ярилцаад, хоолны дараа юу ярихаа л бодоцгоож байлаа. Энэ үед дотор өрөөнд нам гүм ядаж аяга харших чимээ ч гарахгүй байв.

Төдөлгүй нэг шивэгчин орхиулыг дээр өргөж бусад нь хоолны ширээг гарган зөөв. Усны гэрийн хэдэн инж нэг нэг газар ус барьцгаан зогсож байснаа хоолны ширээг гаргаж дуусмагц зөрж оров. Тэднийг гадар, ам зайлах саваа барин гарч ирэхэд, бас хэд нь таваг дээр тавьсан тагтай цай барьж орцгоов. Хоолны дараа үүдэнд хүлээж байсан хүүхнүүд цувран орж тус тусынхаа хэргийг мэдүүлцгээв. Тэд түрүүчийн хүмүүсийн адил иймээ тиймээ ярьж, элдэв ааш гаргасангүй. Тан Чүнь бүр тайтгарсан тул Пин Эрд: “Надад их учир байна. Аль хэдийн найнайтай чинь зөвлөхгүй эдэнтэй маргаад л, сая л ойлголоо. Чи явж хоолоо хурдан идээд ир. Бао авхай энд байх юм чинь. Дөрвүүлээ зөвлөлдөөд найнайтай чинь ярих хэлэх юмаа тохироё” гэв. Пин Эрч яаран явав. Түүнийг очиход Фөн Же: “Яасан их удав” гэж асуусанд, Пин Эр үзсэн дуулснаа цөмийг ярив. Цаадах нь инээж:

-Сайн, сайн, болж байна. Сань охин ч болж байна. Би болно гэсэн юм. Харамсалтай нь, түүний буян дутаад тайтайгийн хэвлийд заяагаагүй юм гэсэнд Пин Эр:

-Найнай дэмий үг ярьж байна. Тайтайгаас төрөөгүй боловч хэн түүнийг басамжилж чадах вэ. Бусадтай адилхан үзнэ шүү дээ гэв. Фөн Же санаа алдаж:

-Чи яаж мэдэж байна? Голынх, захынх адил гэдэг боловч охин гэгч хүүтэй адилгүй шүү. Хожим харьд очиход, одоо нэг хэсэг хөнгөн хуудам улс юуны урьд охин нь голынх буюу захынхыг сураглаж олонх нь захынхыг нь авахгүй байна. Захынх боловч хүн нь сайн бол, голынхоос зуун хувь хэтэрнэ. Хожим аль нэг буянгүй нь голын, захын гэж сонгосоор учир явдлыг алдагдуулж, энэ зэрэгцээ бас нэг буянтай нь, голын, захын гэж шилэхгүйгээр олж аваачихыг мэдэхгүй гэснээ Пин Эрийг харж инээн: – би энэ хэдэн жил хичнээн их хэмнэж гамнахыг бодсоныг чи харж байсан. Энэ айлынханд намайг далдуур занахгүй хүн бараг байхгүй байхаа. Би одоо “Барс унаж” хэдий сүрхий үзэж тарсан ч, хэзээ нэгэн цагт гар сунган аашилж бас болохгүй. Ер нь зардал гарах нь их, орох нь бага. Алив их бага үйл явдлыг дээдсийн тогтоосон журмаар явуулах байтал жилийн орлого нь урьд жилүүдийнхдээ хүрэхээ байжээ. Арвилж гамнахаар гадны хүмүүс муу хэлнэ. Лао тайтай, тайтай нарын сэтгэлд ч ханамжгүй болж гэрийн бусад хүмүүс ч шинжгүй гэж муу хэлнэ. Эртхэн арвилан гамнахыг бодохгүй бол хэдэн жилийн дараа юу ч үгүй хоосорно гэв. Пин Эр:

-Арай ч тэгэхгүй байлгүй дээ. Гурав дөрвөн авхай байна. Хоёр гурван агь байна. Лао тайтай байна. Том ажил явдлууд байна гэсэнд Фөн Жэ:

-Би эднийг чинь бодоод л байгаа. Бао Юй бэр буулгаж, Линь Дай Юйг харьд мордуулах цагт нийтийн мөнгөнөөс зарахгүй, Лао тайтайгийн хувьдаа хадгалснаас гаргана. Эр охин бол Да Лао егийнх болохоор энд бид бодохгүй. Үлдсэн гурав дөрвөн хүн нэг бүрд бардаагаар долоо найман мянган лан орно. Хуань агийн хуримын зардал ч гайгүй. Гурван лангаар бодоод дутвал атга чимхээр нэмж болно. Лао тайтайгийн учир гарахад хүрвэл бүгдийг бодоод аар саар зардал энэ тэртэй нийлээд тав гурван мянган лангаас давахгүй. Одооноос л баахан хэмнэж арвилбал уваа цуваагаар аргалаад бас болно. Гэвч санамсаргүй нэг хоёр явдал газар дороос гэнэт гарч ирвэл хэцүү болно. Бид хойшдын явдалд нэг их зовох хэрэггүй. Чи хоолоо идээд, хурдан очиж юү зөвлөлдөхийг нь сонстугай. Энэ бол миний санасантай нийлж байгаа юм шүү. Надад нэг гар дутаж байсан юм. Хэдий Бао Юй байгаа боловч тэр бас ийм юманд гар дүрж чадах хүн бишээ. Түүнийг татаж авсан ч тэр бол хэрэг бүтээхгүй. Их найнай бол бурхан сэтгэлтэй хүн. Тэр бас дэмий Эл охин бүр хэрэггүй. Бас манай хүн ч биш. Харин дөрөвдүгээр авхай бага байна. Лань хөвгүүн, Хуань Эр хоёр бол өчигдрийн өндөг, өнөөдрийн ангаахай. Өд сөд нь ургатал хол байна. Үнэхээр нэг эхийн хэвлийгээс ийнхүү тэнгэр газар мэт зөрөөтэй хоёр хүн цувран гарч ирсэнийг санах бүрдээ би итгэж яддаг. Линь охин Бао авхай хоёр бол хамаагүй. Тэд садангийн улс болохоор манай явдлыг мэдэж болохгүй. Тэдний нэг нь дэн зул мэт сайхан хүн, салхи үзэж чадахгүй. Нэг нь “Өөрийн бус юманд хэзээд дуугарахгүй, асуух бүрд мэдэхгүйгээс өөр үггүй” явахаар шулуудсан хүн. Түүнээс юм асуухад төвөгтэй. Ганц энэ Сань охин бол бодож ч чадна, хэлж ч чадна. Энэ чинь манай гэрийн гол хүн. Тайтай бас хайртай. Зөнөг толгой Жао эхнэрийн уршгаар өнгөн дээрээ хүйтэн шиг байдаг боловч дотроо бол Бао Юйтэй адил гэж би боддог. Хуань элтэй адилгүй, хүнд хайрлагдах хувьгүй миний зангаар болсон бол хэдийнээ хөөгөөд явуулчихсан. Үнэхээр тэр зөв бодолтой тул түүнтэй хамжин нэг мөрний хүчин болж явбал би лав ганцаараа мунгинахгүй. Тэнгэр газрын зүй ёс, ариун цагаан сэтгэлээр бодвол, бидэнд энэ хүн л хамжвал маний санаа ч амар болно. Тайтайгийн явдалд ч тустай болно. Хар амиа бодсон хулжин ухаанаар санасан ч би мөн даанч хартай явжээ. Одоо өөрийгөө ойлгоод ухаарч эргэж хойшоо харж үзэх нь зүй юм байна. Бас ярдаглан, нүнжиггүй аашилбал чухамдаа “Зуун хүний хэлэн дээр, зуудаг нохойн шүдэн дээр” явах учраас бид хоёрын дөрөвхөн нүд хоёрхон сэтгэл алийг хийж чадах вэ. Нэг цагт л сэрэмж алдаад дүүрэхэд хүрнэ. Харин алимаар тэр гарч ирж энэ айлыг додомдвол улс манийг занах нь багасч мэднэ. Бас нэг зүйл гэвэл, би чиний хурц ухаантайг мэдэх боловч бодол чинь эргэж завдахгүй байж мэднэ. Одоо би чамд нэг юм сануулая. “Зэмлэл ирвэл ахад” гэдэгчлэн тэр одоо учир явдлыг сэдвэл надаас л эхэлнэ. Тэр хэрэв намайг зэмлэвэл чи өмөөрч, маргаж огт болохгүй. Харин зэмлэж шүүмжилж байвал сайн болно. За чи намайг бодоод түүнтэй маргаваа, болохгүй шүү гэв. Яриагаа дуусаагүй байхад нь Пин Эр инээж:

-Чи ер нь намайг тэнэг амьтнаар үзэх юмаа. Би хэдийн хийгээд амжчихсан байхад одоо сануулна гэнээ гэсэнд цаадах нь инээж:

-Би чиний нүдэнд, сэтгэлд чинь надаас өөр хүн байхгүй байх вэ гэж бодоод сануулж байна. Хэдийн хийж завдсан бол чи надаас илүү ухаантай юмаа. Ам ангаймагц чи, би гэхдээ, чи юунд тэгж бачимдав гэсэнд Пин Эр:

-Чи зөвшөөрөхгүй бол энэ хацар бэлэн байгаа шүү. Энэ ямар алганы чинь амтыг үзээгүй хацар биш гэсэнд Фөн Же инээж:

Энэ муу өлөгчин, хэдий болтол яншихыг бүү мэдээ. Миний бие ийм муу байхад бас намайг уцаарлуулна. Наашаа суу. Хүнгүй байгаа дээр хоёулаа цуг сууж хоол идье гэв.

Ийн ярилцаж суутал хэдэн инж ирж ханзны бяцхан ширээ тавив. Фөн Жэ, цагаан үүртэй шингэн будаа, хоёр таваг шанцайтай идэв. Пин Эр нэг өвдгийг ханзны ирмэг дээр нугалаад, нэг хөлөө газар гишгэсэн хэвээр түүнд хань болж будаа идээд дараа нь ам шүдийг нь зайлуулаад явах болсонд цаадах нь бас л хэдэн үг захив. Пин Эр төдөлгүй Тань Чүний тэнд очив. Хүрээлэнд хөл татарч нам гүм болжээ. Цааш юу болсныг мэдсүгэй хэмээвээс удаах бүлэгт үзтүгэй!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж