Ц.Шинэбаяр МАХН-наас гарснаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр МАХН-наас гарснаа мэдэгдлээ

МАХН-ын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр зургаан сар зүтгэсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-аас бүрмөсөн гарч байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ  “Ард түмний элчийн хувьд миний бие ард түмний улс төрийг эхлэхээр шийдсэнээ мэдэгдэж эвлэлдэн нэгдэх эрхээ алдсан МАХН-ын 25000 гишүүдийн эрх ашгийн төлөө  найман сар зүтгэсний эцэст эх орноо гэсэн эгэл жирийн 25000 МАХН-ын гишүүдийг эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсны дараа МАХН-ын дэд даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ард түмний улс төрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Гэтэл ойрын үед хэвлэл мэдээллээр ард түмний улс төрийг эрхэм зорилгоо болгосон “Хамуг Монголын Эвсэл”-ийг МАХН-ын бодлогыг хэрэгжүүлж байна гэж ярих болсон нь Монголын ард түмэн өөрийн улс төрөө өөрөө хийх идэвхийг саармагжуулах, эх орны тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэх үйл хэргийг таслан зогсоох оролдлого хэмээн үзэж байна. Монголын төрийн эзэн Монгол ард түмний эрх ашгаас дээгүүр ямар ч эрх ашиг Монголд байж болохгүй учраас МАХН-ын журмын нөхдөд Монголын ард түмний төлөө ихийг хийж бүтээгээрэй гэж захихын дашрамд Монголын ард түмний эрх ашгийн төлөө “Ард түмний улс төр”-ийг хийх өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байхын тулд МАХН-ын гишүүнээс татгалзахаар шийдсэнээ МАХН-ынхаа мянга мянган жирийн гишүүдэд мэдэгдэж байна” гэжээ.

 УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг “Хамуг Монголын эвсэл”-ийг байгуулж, Монголын ард түмний төлөө “Ард түмний улс төр” эхлүүлсэн цаг мөчөөс үл мэдэгдэх утсаар утасдаж, "амь насыг чинь хөнөөнө" хэмээн заналхийлэхээр барахгүй “фашист” гэсэн тодорхойлолт өгч, гутаан доромжилж байгаагаас гадна нэг насаар чинь шоронд хатаана шүү гэж улайран дайрах болсон тухай дурдсан байна. Энэ нь Монголын ард түмнийг хэн ч хайрлаж болохгүй, Монголын ард түмний төлөө юу ч хийж болохгүй” гэсэн заналхийлэл гэж тэрбээр үзэж байгаагаа мэдэгдэлдээ дурьджээ. Тэрбээр  цаашид “Ард түмний улс төр” хийх ажлаа  үргэлжлүүлнэ гэдгээ мөн мэдэгдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


ХАМУГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ

Хувь тавилан нэгт монголын ард түмэндээ ил захидал илгээж Хамуг Монголыг доромжлон гутааж, боолчилж буй Монгол орныг луйвардагч эрх баригчид болон Монголын ард түмэн хоёр тийшээ болж луйварч эрх баригчдаас Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт халдашгүй байдлыг эргүүлэн авч, Монгол орноо луйварч эрх баригчдаас чөлөөлөх цаг Монгол хүн болгонд тулгарч буйг сонордуулж Монгол хүний эрх чөлөөний төлөө нягтран “нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг Монгол хүний төлөө” цаг алдахгүй шийдвэртэй амьдрах цаг болжээ.

20-р зуунд Монголын ард түмэн колончилоос салж, тусгаар тогтнолоо олж орчин үеийн үндэстэн болж төлөвшсөн нь Монголын түүхэнд байгаагүй сайхан цаг үе байсан. Өнгөрсөн 20 жилд хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй хөгжлийн замд гарч Ардчилал хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болон төлөвшиж, мэдлэгийн нийгэм рүү хөгжин дэвшижээ. Гэтэл Монгол оронд анархизм газар авч, зарчимгүй эрх дураараа авирлах үзэгдэл өдөр тутмын амьдрал болон хувирч Монгол хүн эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байгалийн баялгаа дээрэмдүүлж байгаль орчин сүйрлийн ирмэгт тулж Монгол хүн Монгол орондоо эзэн суух боломжгүй болж байгааг Монголын ард түмэн бүгдээрээ ойлгож байна.
“Ардчилал” ер нь хүн төрөлхтний үнэт зүйл бөгөөд сайхан амьдралын хэв маяг гэдгийг хүн төрөлхтний ардчилалын түүх нотолж байна. Гэтэл Монгол оронд үнэн ардчилалын үнэт зүйл нутагшиж, Монголын ард түмэнд сайн сайхныг авчирсан биш харин анархизмыг дэлгэрүүлж, Монгол хүн халдашгүй бүрэн эрхээ алдаж байгаа нь Монгол үндэстэн 20-р зуунаас улбаатайгаар оюуны терроризмд гүнзгий автагдсаны хор хөнөөлөөс болсон гэж удаа дараа хэвлэл мэдээлэлээр мэдэгдэж байсан. Үүний нэг жишээ нь, хүн төрөлхтнөөс өөр гайхамшигт зүйл энэ дэлхийд байхгүй гэдгийг амьдралд нэвтрүүлж чадсан Европын сэргээн мандалтын үеийн “Хүний тэнгэрлэг” ойлгогдохуун Монголын амьдралд нутагшаагүй учраас Монгол хүнээс дээгүүр зүйлийг бий болгож Монголчуудыг боолчилсноос гадна хүн төрөлхтний чөлөөтэй амьдрах баталгаа болсон “Зөв” гэсэн ухагдахууныг “Эрх” гэдэг дур зоргоороо авирлах зарчимгүй соёлыг нутагшуулж Монгол хүн өөрийн амьдралаасаа таашаал авч өөртөө итгэлтэй, утгатай амьдрах, үнэн амьдрах, сайхан амьдрах, сайн амьдрах боломжгүй болгосон Монгол үндэстний эсрэг ноцтой гэмт хэрэг байсан гэдгийг олон нийтэд бас мэдэгдэж байсан.

Өнгөрсөн 20 жил дураараа дургиж анархизм бүх шатанд хавтгайрснаас төрд ард түмний төлөө гэсэн зүйл алга болж, цөөхөн хэдэн эрх баригчид хуйвалдан эх орноо цөлмөн устгаж, улс төрийн нам гэгчид мөн ижил Монголын ард түмний төлөө гэсэн зүйл алга болж фракцийн, багийн тоглолт хийж байна гэж цөөн хэдэн феодалчид өөрийн эрх ашгийн төлөө бүх л бүтэн үндэстнийг хууран мэхэлж худалдан устгаж цөлмөх болсон, иргэний хөдөлгөөн гэгчид нь эрх баригч 2 намын цөөхөн тооны эрх баригчдын төлөө үйлчилж Монголын ард түмний өөрийн хувь тавилангийн төлөө тэмцлийг саармагжуулагч хөлсний хөдөлгөөн болсноор ард түмний төлөө гэсэн өчүүхэн ч үнэр ханхлахгүй болсныг урьд өмнө хэвлэл мэдээлэлээр мэдэгдэж “Эх оронч, Монгол үндэстэнээрээ бахархдаг, Монголын ирээдүйд итгэлтэй” монголын ард түмэн өөрийн улс төрөө хийх цаг болсон гэдгийг мэдэгдэж байсан.

Ард түмний элчийн хувьд миний бие ард түмний улс төрийг эхлэхээр шийдсэнээ мэдэгдэж эвлэлдэн нэгдэх эрхээ алдсан МАХН-ын 25000 гишүүдийн эрх ашгийн төлөө 8 сар зүтгэсний эцэст эх орноо гэсэн эгэл жирийн 25000 МАХН-ын гишүүдийг эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсны дараа МАХН-ын дэд даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ард түмний улс төрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. Гэтэл ойрын үед хэвлэл мэдээлэлээр ард түмний улс төрийг эрхэм зорилгоо болгосон “Хамуг Монголын Эвсэл”-ийг МАХН-ын бодлогыг хэрэгжүүлж байна гэж ярих болсон нь Монголын ард түмэн өөрийн улс төрөө өөрөө хийх идэвхийг саармагжуулах, эх орны тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн өөрсдөө эвлэлдэн нэгдэх үйл хэргийг таслан зогсоох оролдлого хэмээн үзэж байна. Монголын төрийн эзэн Монгол ард түмний эрх ашгаас дээгүүр ямар ч эрх ашиг Монголд байж болохгүй учраас МАХН-ын журмын нөхдөд Монголын ард түмний төлөө ихийг хийж бүтээгээрэй гэж захихын дашрамд Монголын ард түмний эрх ашгийн төлөө “Ард түмний улс төр”-ийг хийх өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байхын тулд МАХН-ын гишүүнээс татгалзахаар шийдсэнээ МАХН-ынхаа мянга мянган жирийн гишүүдэд мэдэгдэж байна. МАХН-ын үйл хэрэгт амжилт хүсч, Монголын төрийн эзэн болох Монголын ард түмний төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна. Монголын ард түмнээс өөр нандин зүйл Монголд байх ёсгүй шүү.

“Хамуг Монголын эвсэл”-ийг байгуулж Монголын ард түмний төлөө “Ард түмний улс төр” эхлүүлсэн цаг мөчөөс үл мэдэгдэх утсаар утасдаж амь насыг чинь хөнөөнө шүү гэж занал хийлэхээр барахгүй “фашист” гэсэн тодорхойлолт өгч, гутаан доромжилж байгаагаас гадна нэг насаар чинь шоронд хатаана шүү гэж улайран дайрах болсноос харвал “Монголын төрийн эзэн болох  Монголын ард түмнийг хэн ч хайрлаж болохгүй, Монголын ард түмний төлөө юу ч хийж болохгүй” гэсэн заналхийлэл гэж үзэж байна. Монголын ард түмнийг ялсан колончилогчид ч байгаагүй, луйварчид ч байгаагүй, байх ч ёсгүй гэдэгт бат итгэдэг учраас Монголын ард түмний төлөө “Ард түмний улс төр”-ийн ариун үйлсээ үргэлжлүүлэх болно гэдгээ тэнгэрлэг заяат Монголын ард түмэндээ итгэл дүүрэн мэдэгдэж байна.

“Хамуг Монгол эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж