БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд есөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн эмэгтэй 12.5 кмн бөөн гараа болж, медальтнууд тодорно. Тэмцээн Улаанбаатарын цагаар 19.15-д эхлэх юм.
Биатлоны спортын дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Финланд бүсгүй К.Макарайненыг энэ удаагийн Пёнчаны олимпийн наадамд медалийн төлөө өрсөлдөх тамирчны нэгээр зүй ёсоор нэрлэж байна. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй Кайса одоогийн байдлаар хувийн 15 км, ойрын зайн 7.5 км-н спринт болон хөөх 10 км-н уралдаануудад ТОП-10-д багтаж чадаагүй байгаа юм.
Пёнчаны олимпийн наадмын хувийн гараанд 13-р байр, спринт төрөлд 25, хөөх уралдаанд 22-р байранд орсон. Одоо түүнд 12.5 км-н масс старт буюу бөөн гараатай уралдаан л үлдээд байна. Финландууд бол багийн уралдаанд медалийн төлөө өрсөлдөх жигдхэн бүрэлдэхүүнтэй баг биш. Иймд түүний хувьд сүүлчийн боломж нь өнөөдөр явагдах бөөн гараатай уралдаан юм.
К.Макарайнен бол энэ цаг үеийн Финландын хамгийн шилдэг биатлонч. Тэр А.Кузмина, Д.Домрачева, Л.Далмайер болон бусад тамирчидтай олон удаа өрсөлдөж ялж, ялагдаж байсан. Энэ улирлын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд ч өндөр амжилттай өрсөлдөж байгаа. Гэвч түүнээс олимпийн медаль нүүрээ буруулсаар байна. Магадгүй Пёнчаны олимп бол түүний карьерын сүүлчийн олимп ч байж болно. Дөрвөн жилийн дараа Бээжинд 39 настай Кайса медалийн төлөө өрсөлдөнө гэдэг боломжгүй юм. Иймд өнөөдөр болох сүүлчийн гараандаа эцсийн боломжоо ашиглах эсэхийг харах л үлдэж байна. Тэшилтийн техник сайтай, хурдтай Кайса Макарайнен олимпийн медаль хүртэж чадах уу?
Б.БЯМБАБАЯР