Туркийн шүүх зургаан сэтгүүлч, өөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн ажилтанд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. Ял сонссон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг АНУ руу дүрвэн гарсан Туркийн улс төр, шашны зүтгэлтэн Фетулла Гулентай холбоотой хэмээн буруутгасан байна. Туркийн засгийн газар Фетулла Гуленыг 2016 онд төрийн эргэлт гаргахыг завдсан хэргийн гол зохион байгуулагч гэж сэжиглэдэг юм.
Шүүх хурал дээр сэтгүүлчдийг төрийн эргэлт гарах гэж буй талаар өмнө нь мэдээлэлтэй байсан гэж буруутгасан байна. Сэтгүүлчдэд зөвхөн үүний төлөө 40 жил шоронд хорих ял оноосны дээр Үндсэн хууль зөрчин, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэж оролдсон гэж ял нэмжээ.
Европын хүний эрхийн төлөөх “Amnesty International” байгууллагын тэргүүн Гаури ван Гулик ‘Туркт хэвлэлийн эрх чөлөө, шударга ёсыг боомилсон хар өдөр ирлээ. Сэтгүүлчдийг терроризмын хэрэгт буруутган, ял оноож буй явдал үүгээр зогсохгүй байх вий гэхээс айж байна” гэжээ. Энэ явдлаас өмнө нэг жил гаруй шоронд хоригдсон Германы нэгэн сэтгүүлчийг сулласан юм. Германы “Die Welt” сонины сэтгүүлчийг Курдын салан тусгаарлагчдын суртал ухуулга хийсэн хэмээн буруутгасан билээ. Туркийн засгийн газар Курдын салан тусгаарлагчдыг террористууд гэж үздэг. Германы сэтгүүлчийг шоронд хорьсон энэ хэрэг ХБНГУ болон БНТУ харилцаанд сэв суулгах шахсан юм.
Эх сурвалж: CNN