АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын 13 иргэнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон буруутай хэмээн ял төлөвлөжээ. Тэднээс гурван иргэнийг сонгуулийн үр дүнг өөрчлөх хакер ажиллагаа явуулсан, өөр таван иргэнийг хувийн мэдээллийн сангаас мэдээлэл хулгайлсан гэж буруутгаж байгаа юм. Энэ хэрэгт мөн ОХУ-ын гурван компани оролцсон гэж Холбооны мөрдөх товчооны тусгай мөрдөгч Роберт Мюллер мэдэгдсэн байна. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэгт Дональд Трамп холбоотой эсэхийг шалгах ажлыг Роберт Мюллер гардан гүйцэтгэж байгаа юм.
Холбооны мөрдөх товчооноос гаргасан 37 хуудас ялын тогтоолд “ОХУ-ын дээрх гурван компани АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцоод зогсоогүй улс төрийн тогтолцоог хямралд оруулах стратегийн зорилготой байсан” гэжээ. Дээрх гурван компанийн нэг нь Санкт-Петрбург хотод төвтэй Интернэт судалгааны төв ажээ.
Холбооны мөрдөх товчоо баасан гаригт ялын тогтоолыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулсан талаар Цагаан ордон мэдээлсэн байна. Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэдгийг үгүйсгэж ирсэн бөгөөд өчигдөр твиттер хуудсандаа “Бид сонгуулийн кампанит ажлын үеэр ямар ч хууль бус зүйл хийгээгүй” хэмээн мэдэгджээ.
Трамп хэлэхдээ “ОХУ намайг ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс өмнө бүр 2014 оноос АНУ эсрэг кампани ажлаа эхлүүлсэн байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх зүйл байгаагүй. Трампын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулсан хүмүүс ОХУ-тай хуйвалдаагүй” гэжээ.
ОХУ-ын Владимир Путин болон албаны хүмүүс ч мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгийг үгүйсгэсээр байгаа билээ.
Эх сурвалж : BBC