Татвараа тэглүүлсэн импортлогчдын сар шинийн “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2018.02.17-нд нийтлэгдсэн

Татвараа тэглүүлсэн импортлогчдын сар шинийн “бэлэг”

Татвараа тэглүүлсэн импортлогчдын сар шинийн “бэлэг”

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг өнгөрсөн нэдүгээр сарын 1-нээс нэмсэн. Гэвч, нефть шатахуун импортлогчид далд эсэргүүцлээ илэрхийлж, шатахууны хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн.

Тиймээс Ардын засаг тэдэнд буулт хийж, А-80, АИ-92 төрлийн шатахууныг Онцгой албан татвараас чөлөөлсөн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлж байв. Гэтэл сайдын мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа, сар шинийн “бэлэг” болгож импортлогчид шатахууныхаа үнийг 100-110 төгрөгөөр нэмсэн. Тодруулбал, “Петровис”, “Эм-Ойл”, “Магнай трейд”, “Тэс петро­лиум” шатахууныхаа үнийг нэмсэн билээ.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ “Онцгой албан татвар тэглээд байхад үнээ нэмсэн компаниудын үнэ нэмсэн үндэслэл, тайланг шалгана. Дараа нь албан ёсны мэдээлэл хийнэ” гэсэн тайлбар өгсөн юм.Одоогоор үнийн өсөлтөөр  шатахуун импортлогчдын зүгээс ямар нэгэн тайлбар  өгөөгүй байгаа.

Шатахууны үнэ засаг болгоны тархи зовоосон асуудал болдог. Энэ удаад эрх баригчид импортлогдын өмнө буулт хийсэн.  Харин импортлогчид  валютын ханш, дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлтөөс болж үргэлж ашиггүй ажиллаж байгаагаа зарладаг.

Тиймээс энэ салбарыг зах зээлийн зарчмаар нь хөгжүүлэх хэрэгтэй гэсэн асуудал ч мөн байнга хөндөгддөг. Хэрэв шатахууны салбарыг зах зээлийн зарчмаар нь явуулъя гэвэл шатахуун импортлох тусгай зөвшөөрөл олгох асуудлыг нээлттэй, ил тод шударгаар явуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна.  Мөн дотоодын жижиглэнгийн худалдаанд гадаадын компаниудыг ч оролцуулбал, үнэ эрүүлжиж, энэ салбарын монополчлолыг халж чадна гэсэн хүлээлт байна.

Ямар ч байсан шатахуун импортлогчид татвараа тэглүүлсэн ч сар шинийн өмнөхөн үнэ нэмсэн. Энэ нь салбарын яамнаас хуурамч шатахуун үйлдвэрлэх асуудлыг анхаарч эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага байгаа. Монголын шатахуун импортлогчид хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэсэн яриа бий. Тиймээс хуурамч шатахууны үйлдвэрлэлийг таслан зогсоохоор салбарын яам шатах тос, тосолгооны материалын гаалийн татварыг нэмэх, тусгай зөвшөөрөл олгох талаар ажиллаж буй юм.

Шатах тос, тосолгооны материап буюу завсрын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Эдгээр түүхий эдээр хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэж  Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав  хэвлэлд нэг бус удаа ярьсан. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат энэ талаар ‘Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эдийг импортоор оруулж ирээд, химийн бодистой хольж шатахуун үйлдвэрлэсэн талаар гадуур яригдаж байна. Үүнийг таслан зогсоох арга хэмжээ аваад эхэлсэн’ талаар мэдээлсэн.

Юутай ч шатахууны үнийн өсөлт, шантааж, хуурамж шатахуун зэрэг асуудлын араас Ардын засаг нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэр гаргасан бөгөөд, Энэтхэгээс авах нэр тэрбум зээлийг үүнд зарцуулахаар болсон. Эхний ээлжинд шатахуун үйлдвэрлэх ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөөд байгаа аж.

Тодруулбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, тус сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон.

Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэх гэнэ

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж