Мексикт өнгөрсөн шөнө (2018.02.06)7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Мексикийн Оахака мужийн онцгой байдлын газрын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас хүний амь нас хохироогүй боловч эд материалын хохирол учирсан гэнэ.
Газар хөдлөлтийн голомтоос 348 км-ийн зайтай нийслэл Мехико хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн ч гарз хохирол гараагүй байна. Тус хотод өнгөрсөн намар газар хөдлөлтийн улмаас барилга байшин нурахад балмагдаж сандарсан хүмүүс гудамжаар гүйлдэж, 200 гаруй хүн амиа алдсан юм.
Өчигдөр шөнө Оахака мужид болсон газар хөдлөлтийн дараа 5.8 магнитудын хүчтэй түлхэлт болсныг АНУ-ын геологийн судалгааны төв мэдээлсэн юм.
Харин Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс Мексикийн газар хөдлөлтийн нөлөөгөөр цунами үүсэхгүй хэмээн мэдээлсэн байна. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Ньето твиттер хуудсандаа тус улсын зүүн хойд муж Оахакад газар хөдлөлт болсон тухай жиргэж, гамшгаас сэргийлэх яаралтай арга хэмжээг авч буй тухай бичжээ.
Мексикт өнгөрсөн оны есдүгээр сард дараалан хоёр удаа газар хөдөлсөн.Есдүгээр сарын 8-нд 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан бол үүнээс 11 хоногийн дараа болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 216 хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: CNN