Авлигачдын наадам ба ард түмний зовлон

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Авлигачдын наадам ба ард түмний зовлон

Манжийн үед Монголчуудыг сул дорой, хүлцэнгүй болгох гэж олон баяр зохиож, одон тэмдэг, хэргэм зэргийг хайр гамгүй өгдөг байсан энэ бол түүхийн үнэн юм. Энэ түүх Монголчуудын 220 жилийн боолын тавилангаар амь зуух эхлэлийг тавьсан түүх. Энэ түүхийн үнэнд Монголчууд 220 жил гутамшигтайгаар боолчлогдсон нь үнэн.  

Энэ  доройтлын боолчлолын эмгэнэлтэй түүх харин өнөөдөр сэргэсэн мэт. Наадам Монгол түмний үндэсний их баяр, тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл. Тэр ч утгаараа Монголчууд сайхан наадан баярлаж, Монгол хүн болж төрснөөрөө омогшихийг хүсдэг. Монгол наадам сайхан болж өнгөрлөө дараа жилийн наадам даанч хол байна даа гэсээр Монголчууд бид энэ жилийн наадмаа үддэг. Морио уралдуулж, бөхөө барилдуулж, сураа харваж Монгол наадам үргэлжилнэ. Зуун зуун жил уламжилж ирсэн Монгол наадам өнөөдөр утгаа алдаж, Монгол наадам байхаа больжээ.

Монгол наадам нь ард түмний хөрөнгийг хувьдаа хулгайлсан авлигач луйварчдын үнэтэй машин, мордио гайхуулах шоу болжээ. Монгол наадам барилдаж буй бөхчүүд нь мөнгөгэй мөн хэн нэг ноёны бөх биш л бол дээшээ явдаггүй ардын биш авлигачдын наадам болжээ. Монгол наадам эрх мэдэлтнүүд баярхдаг, эгэл ард хөлд нь үрэгдэн хэлмэгддэг яг л феодалын үеийнх шиг ноёдын бие биенийхээ дээр гарах гэсэн муйхар өрсөлдөөний талбар болжээ. Начны найраа хэмээх бохир хуйвалдаан 100-200 сая төгрөг, морины үнэ 500 мянган доллар болтлоо өссөнөөс өөр хөгжил үнэндээ явагдсангүй. Хүч бяр, авъяас чадлаараа биш хөрөнгө мөнгө, эрх мэдлээрээ хүнийг өвдөг шороодуулхаасаа ичдэггүй. Би 100 саяыг, би 200 саяыг өгч начин заан болсон гээд л бие биендээ гайхуулж ярьцгаана. Монгол бөх хэн нэгний утсан хүүхэлдэй мэт дав гэснийг нь мөнгөөр давж уна гэсэнд нь мөнгөөр унана. Тэд хэн ч биш зүгээр л мөнгөний төлөө Монгол бөхийн нэр хүндийг унагаж  буй жижиг гарын авлигач бөхөнцрүүд.

Хурдны морины үнэ 500 мянган доллар хүрч байхад хүний амь хэдий хэр үнэтэй бол та бодож үзсэн үү. Өнчин хүү өвлийн хүйтэнд гудамжинд гуйлга гуйн хөлөө хөлдөөж хацраа хайруулан байж хоногийн амь зуулгын мөнгөө олж байхад, авлигачийн морь тансаг зүчээнд тусгай хоолоор бордогдоно. Үнэндээ морины эзэн эрхмийн мөнгө өнчин хүүгийн хувь заяаг, ирээдүйг хулгайлсан мөнгө шүү дээ. Та бидний татварын мөнгийг хулгайлж хүн амын 70%-аа ядууруулан байж нааддаг гэж бодхоор авлигачид  ямар ч сэтгэлгүй, дэндүү харалган дотортой байгаа юм биш үү.

Олон ой давхацсан энэ жилийн наадам бусад жилийн наадмуудаас илүү гэсэн олон тодотголтой болж өнгөрлөө. Илүү олон одон медал тараагдсан, илүү олон хөшөө баримал, суврага боссон, илүү олон бөхчүүд барилдаж морид уралдсан мөн илүү их хөрөнгө зарсан. Завханаас авчирч төв талбай дээр хуурдуулсан 999 морин хуурчын зардал гэхэд л 300 гаад  сая төгрөг хүрсэн гэж бодхоор энэ жилийн улсын наадамд татвар төлөгчдийн ямар их хөрөнгийг зарсан нь харагдаж байна.

Баримт: Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойнууд давхцаж байгаа билээ. Тиймээс энэ жилийн наадмаар 1024 бөх зодоглож, түрүү бөхийг 15 сая төгрөгөөр байлахаар болсон. Харин Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар 100 мянган хүнийг мялаах юм байна. Тус медалийг Солонгос улсад захиалан хийлгэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд 50 мянган медалийг нь олгохоор болсон байна.
   
100 мянган медальд та бидний татварын хичнээн төгрөг үрэгдсэн бол. Эрх баригчид карманаасаа гаргаад өгөөгүй нь лав ойлгомжтой. Өдрийн хоолоо арай ядан залгуулж байгаа ард түмний хоолыг нь хулгайлан байж, Монголын мянга мянган үрсийн ирээдүйг устган байж хэдэн өнгөт төмрийг харь оронд захиалан хийлгүүлж  өөрсдийгөө сурталчлах зорилгоор авлигачид баруун солгойгүй тараажээ. Одон медал авсан хүнд юу нэмэгдэв, одон медал тараахаар Монгол хөгждөг юм болов уу. Одон медал авснаа тэмдэглэх нэрийдлээр 100 мянган медалыг 1 сая шил архи дагалдана. 1 сая шил архи Монголын 2700000 мянган иргэний хэдийнх нь амьдралыг үрж, аз жаргалыг нь хулгайлсан бол. Одон медал хавтгайрсан архидалтыг, гэр бүлийн салалтыг, төсвийн мөнгийг үрхээс өөр  ямар ч нэмэргүй. Архинд донтсон хүн амьдралаа лонхны шилэнд даатгадаг. Нэг зуун граммаас эхэлсэн архины дон хүний нэг насны амьдралыг нь үрэх эмгэнэлтэй хувь тавиланд аваачдаг.  

Дээр нь олон аймгийн ойн баяр тохиож хандив нэрээр цуглуулсан мөнгөө төсвийн хөрөнгөтэй нийлүүлэн ямар ч хяналтгүй зарцуулсан. Аймаг бүр бие биенийгээ дуурайсан мэт хөшөө босгоно, барилдуулах бөхийн тоогоо нэмэх гэж нас биенд хүрсэн хүн болгоныг хүчээр барилдуулна. Монголоор дүүрэн суврага хөшөө босгоод хөгждөг бол хөгжих цаг аль хэдий нь болсон. Харамсалтай нь нэг суврага, хөшөө босоход нэг Монгол хүн хоосон хонохоос өөр дэвшил алга даа.
Үнэтэй машин унасан, даагдахгүй том том хөөрөг барьсан авлигачид ард түмнээс хулгайлсан хөрөнгөө л гайхуулах гээгүй юм бол өөр юуг гайхуулах билээ дээ. Энд тэндгүй боссон хөшөө, суврага хэнд хэрэгтэй гэж, ард иргэд нь гуйлгачин болж байхад хоосон баримал босгоод явж байхаасаа санаа нь зовдоггүй л юм байхдаа. Авлигачид өөрсдийхөө хөрөнгийг гайхуулж цацаж байхад ард түмэн бид бүтэн хувцасгүй, хоногийн хоолгүйдээ ичиж байна. Баяр наадмаар ард түмний ядуурсан амьдралыг, авлигачдын идсэн мөнгийг, уул уурхайн хавтгайрсан лицензийг халхавчлах гэж оролдоно. Үнэндээ баяр наадам мөхөж буй үндэстнийг аажмаар хордуулах хар тамхи юм.

Ядарсан иргэддээ гайхуулах гэж нааддаг юм уу, Монгол ингэж сүйрч байна гэж нааддаг юм уу, Ард түмнээсээ хулгайлсан луйврын мөнгөөрөө бахархах гэж нааддаг юм уу. Товчхондоо Монгол ингэж сүйрч байна, Монголд феодализм ингэж хөгжиж байна, Монголын авлигачид ард түмнээсээ дэндүү ихийг ингэж хулгайлж, Монгол ингэж дэндүү өрөвдөлтэйгээр сүйрч байна гэдгийг харуулах гээд байгаа юмуу. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Харин Монгол түмний хувь заяа дэндүү эмгэнэлтэй байна даа. Энэ жилийн наадам Монгол наадам байсан ирэх жилийн наадам хаанахын юуны наадам болох гээд байна даа.  

М.Хошууд  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж