Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-д албан ёсны ажлын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ерөнхий сайд 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг зээлийг агаарын бохирдлыг арилгахад зарцуулна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Байнгын хорооны хуралдаан дээр ‘Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш. Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Түүнчлэн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгнө гэсэн. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдана’ гэсэн мэдээллийг гишүүдэд өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийг утааны эсрэг цацсан ч харамсалтай нь Улаанбаатар агаарын бохирдлоороо аман хүзүүдэж байгаа. Дээрх зээл утаагүй зуух, утаагүй түлш, барилгажилт нэрийн дор үр ашиггүй болж өнгөрөх вий гэсэн эмзэглэл ч иргэдийн дунд байна. Харин уг мөнгийг эрчим хүчний үйлдвэрлэлийг сайжруулах, гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох ажлуудыг хийвэл бодит үр дүн гарч магадгүй гэсэн хүлээлт байгаа юм.
Б.БАТ